Токио-2020 наадмын тугч хийн эх орныхоо нэрийг олимпийн дэвжээнд дуурсган монголын сагсан бөмбөгийн эмэгтэй багийн чанар чансааг дэлхийд таниулахад хувь нэмрээ оруулсан, Монгол Улсын 3×3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин О.Хулан болон түүний ах 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин, мэргэжлийн “Сансар ММС Энержи” клубийн тамирчин О.Энхбаатар нарыг “Хөрөг” нэвтрүүлэгтээ урьж ярилцлаа.
-Спортод анх хэрхэн хөл тавьж байв?
О.Энхбаатар: Миний хувьд 2012 онд МУИС-д ороод сагсан бөмбөгийн гараагаа эхэлж байсан. Өмнө нь ерөөсөө сагсан бөмбөгөөр хичээллэдэггүй хүүхэд байсан. Ер нь бол яах вэ, сонирхдог. МУИС-д ороод н.Эрдэнэпүрэв багш дээрээ сонгон шалгаруулалтад ороод тухайн үед өндөр байсан тэнцээд тэрнээс хойш өдийг хүртэл сагсаар хичээллэж байна.
О.Хулан: Миний хувьд бас адилхан. 2017 онд анх МУИС-д элсэж ороод, нэгдүгээр курсээсээ сагсан бөмбөг тоглож эхэлсэн. Өмнө нь ерөөсөө тоглодоггүй байсан. Тоглож эхэлсэн шалтгаан нь гэх юм бол ахын сагсан бөмбөгийн тэмцээнүүдийг гэр бүлтэйгээ их үздэг байсан. Тэгээд сагсанд өөрөө их дуртай, тоглох сонирхолтой болоод, би МУИС-д л орох юм байна. Би сагс тоглоно гээд шигшээд нь орох гэж МУИС-д анх элсэж байсан.
-Мэргэжлээрээ ажилладаг гэж сонссон?
О.Энхбаатар: Би МУИС-д бизнесийн менежмент, удирдлага чиглэлээр 2012-2016 онд сураад төгссөн. Төгссөнөөсөө хойш бол Худалдаа хөгжлийн банканд ажилд ороод өдийг хүртэл ажиллаж байгаа.
О.Хулан: Миний хувьд болохоор санхүү менежментийн чиглэлээр сурдаг.
-Сагсан бөмбөгөөр хичээллээд үр дүнг нь мэдрэх тэр агшин хүртэл амаргүй даваа туулдаг байх?
О.Энхбаатар: Бэлтгэлийг шаргуу хийгээд хурдан хугацаанд өөрчлөлт гараад өөрөө хичээгээд бэлтгэл хийгээд сайжрах юм бол ямар ч юм боломжтой юм байна гэдгийг харж тэр надад их гоё санагдаж байсан.
О.Хулан: Хамгийн анх мэдээж дөнгөж эхэлж байхад бусад шигшээд байгаа хүүхдүүдтэй харьцуулах юм бол тэд чинь 10 жилээс тоглочихсон түвшингийн хувьд доогуур эхэлж байсан. Миний хувьд бэлтгэлээ шаргуу хийгээд маш хурдан өөрчлөлтүүд, амжилт гаргаад эхлэнгүүт гоё санагдаж байсан.
-О.Хуланг ахыгаа дагаад сагсан бөмбөгөөр хичээллэх болоход гэрийнхэн тань хэрхэн хүлээж авч байсан бэ?
О.Хулан: Эхлээд манай гэрийнхэн их эсэргүүцдэг байсан. Ялангуяа манай ээж ах хоёр. Хичээллээд амжилт гаргаад, манайх Хулан чинь үнэхээр дуртай юм байна, овоо бас гайгүй чадвартай юм байна гэдгийг ойлгоод тэрнээс хойш бол манай гэрийнхэн одоо бүгдээрээ сайн дэмждэг.
О.Энхбаатар: Би ялангуяа эсэргүүцдэг бараг номер нэг хүн байсан байхгүй юу. Би чинь дүүгээ эмэгтэй хүн гэдэг талаас нь сагсан бөмбөгийн спортоор хичээллэхээр биеийн хүчинд бие эвдэрдэг ч юм, их нөлөөлдөг учраас битгий, яах гээд байгаа юм, монголд сагс хэрэггүй гэдэг байсан. Тэгэхэд манай хүн бид хэдийн өөдөөс уйлаад дүүгийнхээ, хүүхдийнхээ сонирхлыг дэмжихгүй байна, намайг дэмжихгүй байна гэж байсан. Тэгээд үнэхээр за дийлэхгүй юм байна хүлээн зөвшөөрсөн. Хүн үнэхээр дуртай юмандаа явах юм бол амжилт гаргаж чаддаг гэдгийн тод жишээ манай дүү юм болов уу боддог юм.
-Багадаа хэр сахилгагүйтдэг хүүхдүүд байв?
О.Хулан: Бага байхдаа их үздэг байсан. Өөрөө дийлэхгүй болохоор аав, ээжид ховлох гээд л уйлж дуусаж дуусчхаад ирэхийг нь хүлээгээд л. Тэгээд л аав ээж хоёроо хаалга дуугарангуут бараг өөрийгөө зодож уйлуулаад л.
О.Энхбаатар: Тэр хооронд чинь би аав, ээж ирэхээс өмнө бас аргадах гэж их юм болно. За больё ах нь ийм юм өгье, ингэе, тэгье гээд л.
Хаалга онгойнгуут уйлж эхэлдэг. Тэр үед миний сэтгэлд хүртэл ахыг загнаж, шийтгэж байгаагүй.
-Тэмцээн уралдаанд хамтдаа оролцон эх орныхоо нэрийг гарган аавынхаа нэрийг хамт дуудуулах гоё байх?
О.Энхбаатар: Хамгийн сүүлд 2019 онд Азийн “Asian Quest final” гээд тэмцээн болсон юм. Тэрэнд монголоос эрэгтэй, эмэгтэй нэг, нэг баг явсан. Манай багийн хувьд түрүүлсэн. Монголын эмэгтэй баг, Хулангийн баг хоёрт орсон. Тэр бол бид хоёрын цуг тэмцээнд яваад амжилт үзүүлсэн хамгийн том тэмцээн юм бол гэж авдаг. Аавынхаа нэрийг дуудуулаад Онолбаатарынхан гэж дуудуулах бол гоё юм билээ.
О.Хулан: Үнэхээр гоё мэдрэмж. Бид хоёр цуг тэмцээнд орох юм бол дараа нь Монгол Улсын баг медаль авах юм бол зураг аваад тэрийгээ хадгалахыг хүсдэг. Дараа нь олон жил өнгөрөнгүүт ингээд харьцуулаад харах юм бол гоё санагддаг.
-Сагсан бөмбөг дээр ахаасаа хэр суралцаж байна?
О.Хулан: Манай ахын Hookshot гээд алдартай. Тэрийг сайн хийдэг байхгүй юу. Тэрийг нь дуурайж сайн хийхийг хичээдэг. Бас яг сайн сураагүй л байгаа.
О.Энхбаатар: Угаасаа бие биеэнээсээ суралцаад явдаг л даа. Би өөрийнхөө чадах зүйлүүдийг дүүдээ аль зааж сургаад явахыг хичээдэг. Манай дүүд давуу тал байгаа. Тэрийг ч гэсэн би өөрөө ажиглаад дүүгээс асуугаад энийгээ яадаг юм гээд тиймэрхүү юм зөндөө байгаа.
-Энэ спортоор хичээллэснээр юуг өөртөө бий болгож олж авав?
О.Энхбаатар: Сагсан бөмбөг шигшээд орсон чинь би их олон хүмүүстэй нэг баг болоод нэг секцэд явж эхэлсэн. Тэр дунд янзын бүрийн ааштай хүмүүс байдаг. Надад хамгийн түрүүнд хүн болгон өөр шүү гэдгийг надад ойлгуулсан.
Дараагийн чанар бол багийн ажиллагаа. Хүн шантрахгүй өөрийгөө ялж дийлэх нь хамгийн чухал юм байна гэдгийг ойлгосон.
О.Хулан: Миний хувьд болохоор би сагс тоглосноороо өөрийгөө олж нээсэн юм шиг санагддаг.
-Урлагийн тал дээр?
О.Энхбаатар: Хөгжим тоглох сонирхолтой гэхдээ би чаддаггүй. Би урлагийн талаар авьяасгүй.
О.Хулан: Юу яриад байгаа юм бэ. Нээрээ юм уу, болио боль. Битгий урлаг руу ороорой.
О.Энхбаатар: Гитар тоглож сурмаар байдаг, даанч чаддаггүй. Бас дуулж чаддаггүй.
О.Хулан: Бид хоёр хоёулаа солгой. Дуулах дуртай машиндаа л дуулдаг байх даа.
О.Энхбаатар: Ганцаараа байж байхдаа цонхоо хааж байгаад хэн ч сонсохгүй.
О.Хулан: Урлагийн чадвар бол ёстой О.
О.Энхбаатар: Уг нь сонирхолтой, даанч О.
-Хобби?
О.Хулан: Экстрем юм хийх дуртай. Сүүлийн хоёр жилийн хугацаанд тэгж явах боломж байгаагүй, бэлтгэлээ хийгээд.
О.Хулан: Зүгээр үед сагс тоглоод чөлөөт цагаараа сагс үздэг, тэгээд нөгөө чөлөөт цагаараа сагс ярилцдаг тиймэрхүү л амьдралтай.
О.Энхбаатар: Zero wast клубд их орохыг хүсдэг. Хог хаягдалгүй минимализм. Тийм, би саяхан гэртээ даавуун уут авсан.
О.Хулан: Бүгдэд нь даавуун уут авчихсан, одоо наадахаа цүнхлээд яв, хогоо хаяхгүй шүү гээд.
О.Энхбаатар: Гялгар уутны хэрэглээг халахыг өөрсдөөсөө эхлэе гэдэг үүднээс та нар дэлгүүр орохдоо өөрсдөө даавуун ууттайгаа явж бай гээд аавд өгсөн. Аав хэрэглээгүй л дээ. Яваандаа нийгэмдээ нөлөөлсөн тэр тал руугаа оръё гэж бодоод байгаа.
-Спортоор хичээллэхээр ар гэрийн амьдралд төдийлөн оролцож чаддаггүй. Арын албыг тань хэн даадаг вэ?
О.Энхбаатар: Бид хоёрын хувьд зав муу учраас гэрийн ажил, хоолны ажилд орж чаддаггүй. Гэхдээ бидний ард байдаг хамгийн том бат манай аав. Бид хоёрыг хэзээ ч гэрийн ажилд оролцуулдаггүй. Зөвхөн нэг зүйлдээ анхаарлаа төвлөрүүлээд хичээллээд яв гэдэг боломжийг нь бүрдүүлж өгдөг манай аав, ээж хоёр байгаа.
О.Хулан: Гэр бүлийн дэмжлэг сайн болохоор анхаарлаа сайн хандуулж чаддаг юм болов уу.
О.Энхбаатар Манай аав өглөө босож бид хоёрт өглөөний цай бэлдэж өгдөг. Өдөр, орой хоол хийж өгдөг, дүүг сургуулиас авдаг. Дүүд хоол хийж өгдөг. Манай аав үнэхээр би хоёрын арыг дааж байдаг бат суурь маань байж чаддаг. Аавдаа үнэхээр баярлаж явдаг.
О.Хулан: Их азтай гэж боддог.
-Та хоёрын өндөр хэд вэ?
О.Энхбаатар: 1 метр 81 см.
О.Хулан: Би нэг метр 97.
О.Энхбаатар: Хүмүүс тэгж асуугаад байдаг байхгүй юу. Манай аав бараг надаас жаахан намхан байх аа. Манай ээж 1.73 юм уу,
О.Хулан: 1.70 хүрэх юм уу.
О.Энхбаатар: 1.70 тиймэрхүү л байх.
О.Хулан: Хоёр жилийн хугацаанд би л лав 10 сантиметр өссөн.
О.Энхбаатар: Би ч гэсэн яг хоёр жилийн дотор 10 сантиметр. 10-11 дүгээр ангид орох зундаа л 5-10 см өссөн байсан.
-Спорт залуу насных гэдэг шүү дээ. Энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?
О.Хулан: Ер нь залуу хүний спорт гэж ярьдаг шүү дээ, ялангуяа сагсыг. Тийм болохоор зөвхөн сагс ч биш бусад спортынхон замнал нь дуусаад дараа нь яах вэ гэдэгтээ их анхаардаг болсон. Хүмүүс өөрийгөө хөгжүүлэх, сагсаа яг тэнцүү хоёр талд бариад баланслаад явж байх ёстой юм болов уу гэж боддог.
О.Энхбаатар: Тамирчдын хувьд яг манай дүүгийн хэлсэнтэй адилхан спортын карьер нь дууссаны дараа яах вэ гэдгээ бодох хэрэгтэй. Тэгээд нэг юмаа олно. Түүнийхээ төлөө одоо би яг юу хийх билээ. Залуу байгаа дээрээ би яах билээ гэдэг утгаараа. Би ер нь санхүү талдаа их сонирхолтой. Тэр утгаар одоо яг мэргэжлээрээ МУИС-ийн магистрт сурч байгаа. Хүн өөрийгөө ашиглаад байнга л хөгжүүлэх ёстой. Хэл сурдаг ч юм уу, мэргэжлээ дээшлүүлдэг ч юм уу энэ тал руугаа хүн илүү хөгжүүлээд. Карьер дууссаны дараа яг яах вэ, юу хийх вэ гэдгээ эртнээс төлөвлөхгүй бол одоо зөндөө амжилттай тамирчид карьер нь дуусаад гудамжинд гарч байгаа тохиолдлууд гадаадад, монголд гэлтгүй зөндөө байгаа. Тэр болгоныг хараад ойлгох ёстой л юм шиг санагддаг
О.Хулан: Яг дуртай зүйлээ олсон байх юм бол бусад асуудлууд юу ч биш. Бэлтгэл хийсэн өдөр бол цаанаа л бүх юм нь гоё болчихсон ажлаа амжуулчихсан аз жаргалтай, хэзээ ч уйдахааргүй мэдрэмж, өдөр болгон авсан ч.
О.Энхбаатар: Дуртай зүйлээ, хүрэх цэгээ тодорхойлох ёстой. Тийм байх юм бол шантрахгүйгээр түүндээ хүрэхийн төлөө хүн хичээдэг.
О.Хулан: Юу ч тохиолдсон чи үнэхээр сагсанд дуртай бол өөрөө хүсэх юм бол боломжтой шүү гэдгийг харуулахыг хичээдэг. Тийм болохоор бусад хүмүүс юу гэж хэлэх нь хамаагүй. Өөрөө дуртай л байвал түүнийхээ төлөө яваарай гэж хэлмээр байна.