Өнөөдрийн Засгин газраас хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өглөө.
Тэрбээр “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цар тахлын нөхцөл байдлын улмаас урд хөршийн хил дээр үүсээд байгаа сааталтай холбоотойгоор хүнсний бүтээгдэхүүний үнийг өсгөхгүй байх, нөөцийг нь бүрдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээг зохион байгуулах үүрэг авлаа.
Ингээд хил гаалиар хадгалалтын хугацаа багатай хүнсний бүтээгдэхүүнийг саадгүй нэвтрүүлэх чиглэлээр судалгаа хийж, арга хэмжээ авах зорилготой Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдлаа.
Өнгөрсөн онд Засгийн газраас гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн болон элсэн чихэр, будааг гааль, НӨАТ-аас чөлөөлснөөр дөрөвдүгээр сараас хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөц 2.6 дахин өссөн. Үүний үр дүнд бид үнийг тогтвортой байлгах нөхцөл бүрдсэн байв.
Гэвч зургаадугаар сараас олон улсын тээвэрлэлт саатсантай холбоотойгоор гаднаас захиалаад татахад блээн болсон байсан бүтээгдэхүүнүүд хилийн цаана буюу импортлогч оронд хадгалагдаж байна.
Өнөөдрийн байдлаар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн хомсдолд орсон зүйл байхгүй.
Харин Эрээний хил гаальтай холбоотойгоор нарийн ногооны хомсдол үүсэх эрсдэл харагдаж байна. Эрээн боомт хэзээ нээгдэх нь тодорхойгүй. Гол нэрийн бүтээгдэхүүн болох будаа, элсэн чихэр, ургамлын тосны нөөц зохицтой түвшинд буюу 20-42 хоногийн нөөцтэй байна.
Бид богино хугацаанд арга хэмжээ авч чадвал дээрх бүтээгдэхүүний нөөцөд цаашид асуудал үүсэхгүй гэсэн дүгнэлттэй байна. Ажлын хэсэг ойрын хугацаанд хүнсний бүтээгдэхүүнийг тусгай горимоор нэвтрүүлэх боломжуудыг судалж, хамтын шийдэл гаргахаар ажиллаж байна. Улмаар Тянжины боомт дээр саатсан барааг хурдан нэвтрүүлэх асуудлаар ярилцаж байна.
Өнөөдөр байгуулагдсан Ажлын хэсэг маргааш УОК-ын хуралдаанаар шийдлээ ярилцана. Бид хилийн цаана 90 орчим вагон цагаан будаа захиалсан ч авч чадаагүй байна. Мөн элсэн чихрийг урдаас татдаг. Энэ мэт гол нэрийн бүтээгдэхүүнийг яаралтай татаж авахаар тээвэр зохион байгуулалтыг шийдвэрлэх тал дээр анхаарч ажиллана” гэв.