ӨРӨГ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ энэ удаа улс төрийн хүрээнд маргаан дагуулаад байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэх шаардлагатай юу сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.
МАНАЙ УЛС ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХ ЯМАР Ч СТРАТЕГИГҮЙ ЯВЖ БАЙГАА НЬ ХАРАМСАЛТАЙ
Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Б.Булганчимэг:
Цар тахлаас болж дэлхий даяар хөрөнгө оруулалт 35%-иар буурсан. Манай улсад 20 гаруй хувиар буурсан дүр зурагтай байна. Ковид нөлөөлж байгаа ч, хөрөнгө оруулалтын хуульдаа дорвитой шинэчлэл хийж чадаагүй урт хугацааны эс үйлдлийн гор ч гарч байгаа. Улс орнууд гадаадын хөрөнгө оруулалт татахын тулд шинэлэг бодлогоор өрсөлдөж, найр тавин урьж байна.
Эхлээд найр тавьж оруулъя, дараа нь хязгаарлая гэсэн стратегитай ажиллаж байгаа бол манай улс энэ хурдыг гүйцэхгүй байна. Шинэчлэлийг дан ганц хуулийн хүрээнд гэхээс илүү Хөрөнгө оруулалтын орчноо сайжруулж, ороод ирсэн хөрөнгө оруулалтыг нь яаж төрөлжүүлэх вэ зэрэг олон цогц бодлого, стратеги хэрэгтэй.
Хөрөнгө оруулалт татах орчныг сайжруулахад төрийн анхаарал сул байгааг ний нуугүй хэлнэ. Зургаа долоохон хүнтэй баг 0 төсөвтэйгээр Монгол улсын хөрөнгө оруулалтын бодлогыг хариуцаж байна. Тусгайлсан нарийн мэргэжилтэй боловсон хүчин ч байдаггүй. Салбар салбараар нь татаж хариуцах, хөрөнгө оруулалтын стратеги ч өнөөдөр алга.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХУУЛИЙГ ЦАГААЧЛАЛЫН ХУУЛЬТАЙ ХОЛЬЖ ГУУВИУЛАХ НЬ ХЭНД АШИГТАЙ ВЭ
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн гол концефци бол 50 мянган доллартай холбоотой, визтэй холбоотой асуудал төдий биш. Улсын бүртгэлийн аж ахуйн нэгжийн бүртгэлийг хялбаршуулах, босгыг нь бууруулах асуудал юм. Одоогийн нөхцлөөр 100 мянган доллараа Монгол улсын аль нэг түр дансад байршуулаад Үндэсний хөгжлийн газраас сертифекатаа авахыг хүлээж байгаад гарсных нь дараа улсын бүртгэлийн ерөнхий газраас улсын бүртгэлийн гэрчилгээгээ авдаг. Энэ нь хоёр сарын хугацаатай ажил болдог. Энэ ажлыг л байхгүй болгох юм. 2013 онд баталсан Хөрөнгө оруулалтын тухай хуулиар хөрөнгө оруулагчдыг гадаад дотоод гэж ялгахгүй байя. Бид ФАТФ-ын шаардлагын дагуу бол 100 мянган долларын босгыг бүр байхгүй болгох шаардлага орж ирж байгаа. Дотоодын аж ахуй нэгжүүд гаднынхантай хамтарч ажиллахад 100 мянган доллар нь Монголын аж ахуй нэгжид босго болдог. Дэлхий даяар старт апын трэнд явж байна. Бид цаашдаа эдийн засгаа шинэ шатанд авчрая гэвэл старт апуудыг дэмжих хууль эрх зүйн орчныг бий болгох ёстой.
Визтэй холбоотой асуудал бол гадаад иргэний эрх зүйн байдлын тухай хуулиараа л зохицуулагддаг асуудал. Энэ хуулийн төслийг боловсруулаад бид засгийн газраас санал авсан. Өмнө нь хийсэн судалгаануудаар 100 мянган долларыг Монголын аль нэг банканд байршуулснаар виз авах үндэслэл болно гэсэн байдаг. Хэн нэгнээс 100 мянган доллар зээлж түр байршуулаад, виз авдаг, дараагийн хүнд 100 мянгаа зээлүүлж виз авдаг асуудлыг байхгүй болгох ёстой. Засгийн газраас ирсэн саналд ч энэ тусгагдсан байгаа. Нэмэлт өөрчлөлт оруулах төсөл дээр 50 мянган доллар оруулсныг үндэслэнэ, хөрөнгө оруулалт гэдэг нь банканд л байршуулахыг хэлж байгаа юм биш. Яг бодитоор хөрөнгө оруулалт хийсэн байна уу, ажлын байр бий болсон байна уу үгүй юу гэдгийг шалгах гэж нэмж оруулж байгаа. Өмнөх шаардлагыг илүү нарийн болгож байгаа. Одоогийн хуулиар хөрөнгө оруулагч болон түүний хамаарал бүхий этгээдэд виз олгоно гэдэг. Хамаарал бүхий этгээдэд олон хүн ордог тэр байтугай нууц амраг ч хүртэл ордог. Харин нэмэлт өөрчлөлтөөр үүнийг зөвхөн гэр бүл гэж хязгаар тогтоож өгсөн.
Монголд бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулалттай ААН-үүд:
Эх сурвалж: ҮСХ
2007 онд 1611
2011 онд 964
2012 онд 796
2019 онд 233
2020 онд 79
2021 онд 35 компаниуд шинээр бүртгэгджээ.
10 ЖИЛ 12 ТЭРБУМ ДОЛЛАР ДЭЭР ГАЦЧИХСАН БАЙГАА ДНБ-ЭЭ ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАЖ Л ТЭЛНЭ
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин:
Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийн шинэчлэлийн асуудал өнөөдөр гэнэт гарч ирсэн зүйл биш. Сайжруулах ёстой гэж олон удаагийн хурлуудыг зохион байгуулж байсан. Улс орнуудын хөгжлийг судлахаар хэн хамгийн сайн бизнесийн хөрсийг бий болгож гаднын хөрөнгө оруулалтыг татаж чадсан орон хамгийн амжилттай хөгжсөн байдаг. Гаднын хөрөнгө оруулалт гэдэг нь цаанаа өрсөлдөх чадвар, мэдлэг шилжилт, ажлын байр, эргээд гадагшаа борлуулалтын зах зээлийг бий болгож байдаг. Өнөөдөр гурван сая хүн амтай, нэг хүнд ноогдох ДНБ нь 4000 орчим дээр байгаа манай улс шиг жижиг зах зээл дээр бизнес хийж ашиг олно гэж гаднын хөрөнгө оруулагчид ирэхгүй. Энд байгаа түүхий эд, бэлэн бүтээгдэхүүнийг ашиглаад Хятад юмуу, Оросын зах зээл рүү борлуулах экспортын зорилготой л орж ирнэ.
Гадаадын хөрөнгө оруулагчид яагаад Монголоос дайжаад байна вэ гэдэг шалтгаанаа бид олох ёстой. Асуудлын шалтгаан бидэнд байгаа. Хууль эрхзүйн орчны засаглалын тогтвортой байдал, мөн хөрөнгө оруулагчдад газар, үл хөдлөх хөрөнгө маань баталгаажих уу, Ашигт малтмалын хууль нь миний хөрөнгийг хамгаалах уу, ямар нэгэн асуудал тулгараад буцаад хөрөнгөө аваад гаръя гэхэд хөрөнгөө хамгаалаад аваад гарах боломж нь байна уу зэрэг олон асуудлуудыг харах шаардлагатай. Өнөөдөр үйлчилж байгаа хуульд эдгээр асуудлуудыг хэрхэн шийдэх тодорхойгүй зүйл их байна.
Италийн парламентын дэд ерөнхийлөгч МҮХАҮТ дээр өнөөдөр уулзалт хийлээ. Итали улс гаднын хөрөнгө оруулалттай компани байгуулахад зөвхөн нэг евро л байршуулна, өөр нэмэлт шаардлага байхгүй. Компани байгуулах, бизнес эхлэх нь маш хялбар байх ёстой. Магадгүй нэг цагийн дотор, нэг өдрийн дотор шийдэгдэх ажил байх ёстой.
Гадаад хөрөнгө оруулалт татахгүйгээр манай ДНБ хэзээ ч өсөхгүй.
Дотоодын жижиг дунд компаниуд ч гэсэн гадаадын хөрөнгө оруулалт татсанаар олон улсын стандарт, технологи сурах боломжтой. Хэрэглэгчдэд ч давуу тал үүснэ. Бид үүнийг өргөн зургаар харах ёстой.
Сүүлийн 10 жилд гадаадын хөрөнгө оруулагч нартай хамтарсан нэг ч амжилттай туршлага алга. Гадаадын хөрөнгө оруулалт татах чухал асуудлыг цагаачлалын асуудал руу гуйвуулж мушгиж хольж хутгах нь маш харамсалтай.
Одоогийн хууль хичнээн төгс хувилбараар гарлаа ч гэсэн хөрөнгө оруулалтын 10 хувь л сайжирна. Урт хугацаандаа л сайжирдаг зүйл. Гэхдээ эрт л эхлүүлэх хэрэгтэй. 50, 100 мянгын асуудал бол дөнгөж ил яригдаж байгаа л өнгөц зүйл, хамгийн гол суурь бүтэц асуудлаа тодорхойлох хэрэгтэй.
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ХАРУУЛЧИХ АМЖИЛТТАЙ ТУРШЛАГА АЛГА
Эдийн засагч, бизнес эрхлэгч А.Билгүүн
Вьетнам улс гэхэд 1990 оны Хятадын үсрэлттэй адил эдийн засгийн үсрэлт хийж, хөгжлийн оргил үедээ яваа гэж олон улсын санхүүчид үзэж байна. Үйлдвэрлэлийн бүх хөрөнгө оруулалт Вьетнам руу орж байна. Nike-ийн бүх гутлыг тэнд хийж байна. Samsung-ийн утаснууд тэнд угсрагдаж байна.Энэ мэтчилэн олон улсууд давуу талаа сурталчилж, гадаадын хөрөнгө оруулалт татах гэж уралдаж байна.
Манай улсын гадаад хөрөнгө оруулалт татах том салбар бол яалт ч үгүй уул уурхайн салбар мөн. Уул уурхайн салбараа бид гадаадын хөрөнгө оруулагчдад танилцуулаад явахад эргээд “За яах вэ, Монголд хөрөнгө оруулж болж байна. Амжилттай туршлагууд нь юу байна вэ?” гэж асуухад бид гацдаг. Өнгөрсөн 10 жилд гаднын хөрөнгө оруулагчид мөнгөө оруулаад, тэндээс нь ашгаа хүртчихсэн амжилттай нэг ч туршлага бидэнд алга. Амжилттай туршлага байхгүй тохиолдолд гадаадын хөрөнгө оруулагчид цааргалдаг эсвэл оруулсан хөрөнгөдөө их хэмжээний өгөөж шаарддаг. Зөвхөн ганц манай Монголд бүх байгалийн нөөц байдаг юм биш. Латин Америкийн орнууд, Ази Номхон далайн орнууд бүгдээрээ байгалийн баялагтай. Бүгд гадаадын хөрөнгө оруулалтыг татах гэж оролдож байхад манай улсад энэ асуудлыг өдий хүртэл ойлгоогүй явж байна гэдэг бол маш харамсалтай.
Хэлэлцүүлгийн дэлгэрэнгүйг дээрх линкээр үзнэ үү.