Монгол улсад үйлдэгдэж байгаа нийт гэмт хэргийн 24,9 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байна. Орон байрны залилах гэмт хэрэг цаг үеэ дагаад цахимтай холбогдуулан нэмэгдсээр байна. Хамгийн сүүлд гэхэд нэг иргэн 5-6 хүнд байр түрээслүүлнэ гэх мэтээр залилах гэмт хэрэг үйлджээ. Үүнтэй холбогдуулан ЦЕГ-аас дараах мэдээллийг тодрууллаа.
“МОНГОЛ УЛСАД ҮЙЛДЭГДЭЖ БАЙГАА НИЙТ ГЭМТ ХЭРГИЙН 24,9 ХУВИЙГ ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРЭГ ЭЗЭЛЖ БАЙГАА ЮМ”
“Энэ оны эхний 9 сарын байдлаар 17,350 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнээс залилах гэмт хэргийн тухайд авч үзвэл 4327 гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 25,1 хувиар өссөн үзүүлэлт. Мөн залилан нийт гэмт хэргийн 24,9 хувийг эзэлж байна гэсэн статистик мэдээлэл байна. Яагаад гэхээр хичээл сургууль эхэлж байгаатай холбогдуулаад хөдөө орон нутгаас иргэдийн ирэх хөдөлгөөн нэлээд нэмэгдсэн. Үүнийг дагаад түрээсийн байрны эрэлт ихсэж байгаа. Тухайн гэмт этгээд нь нэг байрыг түрээслээд маргааш нь ордерыг нь хуурамчаар үйлдээд 5-6 иргэнд давхар давхар түрээслэх ийм асуудлаар иргэдийг хохироож байна. Мөн цахим орчинд байр түрээсэлнэ гэсэн зар байршуулаад таатай нөхцөлийг иргэдэд санал болгоод эргээд иргэд холбогдоход энэ байр түрээслэгдэх гэж байна. Та урьдчилгаа мөнгө байршуулчих юм бол бид хадгалаад байж байя гэсэн ийм байдлаар иргэдийг хохироож байгаа асуудал сүүлийн үед бүртгэгдэж байна” гэж ЦЕГ-ын мөрдөн байцаах албаны ахлах мэргэжилтэн, ахмад Б.Нямсүрэн хэлэв.
"ӨӨР ХҮН БАС ТҮРЭЭСЛЭХ ГЭЭД БАЙНА. ОРНО ГЭВЭЛ УРЬДЧИЛГААГАА ӨГӨӨД БАТАЛГААЖУУЛ ГЭСЭН"
Орон байрны залилах гэмт хэрэгтэй холбогдуулан бид байр түрээслэх группээс зар хараад урьдчилгаа 50 хувиа шилжүүлээд алдсан нэгэн иргэнтэй холбогдоход “Би оюутан. Хотод орж ирээд нэлээн удаан байр хайсан. Фэйсбүүк дээр хажуу өрөө, байр түрээсэлнэ гэсэн группүүдээс хайж байгаад нэг группийн зар дээр ганцаараа байх эмэгтэй хүн байвал сайн, өөрөө бас эмэгтэй хүн гээд хажуу өрөөгөө түрээслүүлнэ гээд зар тавьчихсан байсан. Сар сардаа мөнгөө авна гэхээр нь зүгээр санагдаад утсыг нь хараад залгасан. Эхлээд зургуудаа чатаар явуулсан. Цэвэрхэн эмэгтэй хүн байдаг болохоор таалагдаад 200 мянган төгрөгөөр түрээслүүлнэ гэж байсан. Түрээсээ сар сардаа авна гээд би чинь оюутан болохоор зүгээр санагдаад очиж үзье гэсэн чинь өөр хүн бас түрээслэх гээд байна. Орно гэвэл урьдчилгаагаа өгөөд баталгаажуул гэсэн. Урьдчилгаа нь хэд вэ гэсэн чинь 200 мянгын 50 хувь 100 мянгыг нь өгчих гэж хэлсэн. Би зургийг нь үзчихсэн болохоор итгээд яг л тийм байр байгаа гэж бодоод 100 мянган төгрөгөө шилжүүлчхээд тэгээд дахиад холбогдох гэсэн чинь утас нь холбогдохгүй болчихсон” гэж хохирогчийн зүгээс мэдээлсэн юм.
Орон байрны залилан энэ маягаар нэмэгдэж байгаатай холбогдуулан ЦЕГ-ын мөрдөн байцаах албаны ахлах мэргэжилтэн, ахмад Б.Нямсүрэн “Залилангаас иргэд хэрхэн яаж сэргийлэх вэ гэхээр ойр орчимд нь байгаа ТҮЦ машин дээр очоод тухайн түрээслэх гэж байгаа этгээдтэйгээ цуг очоод тэр хүнийхээ эзэмшилд байгаа эсэх лавлагааг харах хэрэгтэй. Ер нь иргэд гар утас болон цахим орчин, компьютерын цаана хэн байгааг мэдэхгүй байж өөрийн эд хөрөнгө, мөнгөө тухайн этгээд рүү шилжүүлэхгүй байх, өөрийнхөө үйлдэлд хянамгай хандах хэрэгтэй” гэж анхаарууллаа.