Сургуулийн өмнөх боловсролд цар тахлаас шалтгаалан 2-3 настай хүүхдүүдийг бүртгэхгүй байх шийдвэр гарсан. Улирлын томуу, өвчлөлд өртөмтгий байдлыг нь харгалзан үзэж энэ шийдвэрийг гаргасан гэж тухайн үед мэдэгдсэн юм. 2021 онд 309,670 хүүхэд цэцэрлэгт хамрагдахаар байсны 77,235 нь цэцэрлэгт шинээр элсэх хоёр настнууд байв. Гэвч энэ шийдвэрээс шалтгаалж цэцэрлэгүүд хоёр настнуудаа аваагүй. Харин зарим хувийн цэцэрлэгүүд хоёр настай хүүхдүүдийг бүртгэж байгаа юм. Ийм нөхцөл байдлаас шалтгаалж улсын цэцэрлэгийн анги дүүргэлт хангалттай хэмжээнд хүрч чадахгүй байгаа бол хувийн цэцэрлэгүүд ачаалал ихтэй байна.
Бид цэцэрлэгүүдийн ачаалал болон анги дүүргэлтийн талаар тодруулахаар Хан-Уул дүүргийн улсын цэцэрлэгт очлоо. Бидний очсон улсын цэцэрлэг халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж дотогш гаднын хүн оруулж болохгүй гээд үүднээс нь холбогдох мэргэжилтэнтэй уулзуулж дараах мэдээллийг өглөө.
“Анги дүүргэлт 87 хувьтай л явж байна. 100 хувь хүрэхгүй байгаа шүү дээ. Нэгдүгээр хавьтал, хоёрдугаар хавьтал тандалт гээд ирц их бага болж байна. Сүүлдээ бүр ирц 50 хувьд ч хүрэхгүй болох гээд байна. Заримдаа бүр тав дахь өдөр хүүхдүүд ирэхгүй. Манайх ер нь 400-500 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Тэгсэн энэ жил хоёр зуун хэдэн хүүхэд л авч байгаа. Өдрийн ирц ер нь бага болж байна. Ихэнх цэцэрлэгүүд л ийм байгаа юм шиг байна. Энгийн үед нэг ангид 40-50 хүүхэд явдаг байсан бол одоо стандартаа бариад 25 хүүхэд явах ёстой. Гэхдээ дандаа л арван хэдхэн хүүхэд явж байна. Хүүхдүүд таван өдөр дараалж цэцэрлэгтээ бараг л явахгүй байгаа. Тогтмол явж байна гэхэд тандалтынх, нус гоожих, ханиад хүрэх гээд л ирэхээ больчихно. Ирцийн асуудал ер нь улс орны хэмжээнд л хүндрэлтэй байгаа байх” гэж тус цэцэрлэгийн дарга хэллээ.
Цар тахал гарахаас өмнө нь нэг ангид 40-50 хүүхэд явдаг байсан бол одоо 4-5 хүүхэд явж байна. Уг цэцэрлэгийн камераас харахад том цэлийсэн ангиудад 5-8 хүүхэд энд тэнд тоглож байгаа харагдлаа. Хоёр настай хүүхдүүд энэ жил аваагүй учраас 4-5 настай хүүхдүүд цэцэрлэгтээ явж байна.
Бага бүлгийн хүүхдүүдийг авахгүй байх шийдвэрийг гаргахдаа хүүхдийн бие бялдрын онцлогийг харсан гэж мэдээлсэн. “0-3 насныхан тэр дундаа шинээр цэцэрлэгт элсэн орсон хүүхдүүд есдүгээр сарын дунд, аравдугаар сарын эхээс амьсгалын замын болон гэдэсний халдварт өвчнөөр өвдөж эхэлдэг. Биеийн дархлаа сул байдаг хоёр настнууд өвчлөмтгий байдаг. Ингээд хичээлийн жилийн хугацаанд нийт хоёр настнуудын 60-70 хувь нь халдварт өвчнөөр өвддөг. Мөн боловсролын талаас аваад үзвэл хоёр настай хүүхдүүдэд эрүүл ахуйн анхан шатны дадал олгох зорилготой. Энэ утгаараа гэр бүл, асран хамгаалагчийн дэмжлэгтэйгээр теле хичээлээр дадал олгох боломжтой гэж үзсэн.” БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар хэлж байсан.
Харин хувийн зарим цэцэрлэгүүдийн хувьд хоёр настай хүүхдүүдийг авч байлаа. Цэцэрлэгийн ирц улсын сургуулиас нэг дахин илүү байлаа.
“Хүүхдүүд өглөө ирэхдээ, орой явахдаа маскаа сольдог. Одоо ч тэгээд эцэг эхчүүд нус нь гоожиж ямар нэгэн шинж тэмдэг илэрч байгаа хүүхдүүдээ явуулахгүй байгаа шүү дээ. Энэ олон хүүхэд явж байгаа юм чинь өвдвөл гэрээрээ эмчлэх зэргээр асуудлаа шийдэж байгаа байх. Манайх өмнө нь ч анги дүүргэлт 20 байсан. Одоо нэг ангид хоёр настай 15-18 хүүхэд явж байна. Хүүхдийн ирц дундаж байна” гэв.
Иргэн Н “Эхнэр бид хоёрыг ажилдаа орохоор 4 настай хүү ч яах вэ цэцэрлэгтээ явчихна. 2 настай охин маань л харах хүн байхгүй хэцүү байна. Таньдаг хүнээрээ л гуйж харуулж байна”
Иргэн Б “Хүн болгон хувийн цэцэрлэгт хүүхдээ өгөөд байж чадахгүй шүү дээ. Улсын цэцэрлэг авахгүй. Өндөр настай ээжээрээ хүчээр л харуулж байна. Өндөр настай болохоор өргөж тэврэхээр нуруу нь татчих гээд бас жижиг жижиг асуудлууд гарч л байна даа”
Иргэн Х “Гэрийнхээ ойролцоо хувийн цэцэрлэгт хүүхдээ өгч байгаа. Хоёр настнууд цэцэрлэгтээ явж л байгаа шүү дээ. Теле хичээлээ бараг үздэггүй. Ажил төрлөө хийгээд явуулахгүй гээд яах вэ. Өвчинтэй үед эрсдэл ихтэй л байна. Гэхдээ өөр арга үнэхээр алга” гэж эцэг эхчүүд ярилаа.
Залуу гэр бүлүүд хүүхэд харах хүн байхгүй учраас нэг нь гэртээ суух эсвэл асрагч авах зэрэг санхүүгийн асуудалтай их тулгардаг. Бодит байдалд түр журам иргэдэд ачаалал нэмж байна. Хоёр настай хүүхдүүдээ улсын цэцэрлэгт явуулахгүй байгаа ч гэсэн хувийн болон өдөр өнжүүлэх газруудад өгч байгаа юм.