Хүүхэд алга болсон гэх мэдээлэл сошиалд ихээр тавигдах болсон. Тэгвэл 2021 оны 1 сарын 1-ээс 9 дүгээр сарын 27-ны хооронд 14 хүртэлх насны 326 хүүхэд алга болсон гэж бүртгэгджээ. Эдгээрээс 167 нь эрэгтэй хүүхэд, 159 нь эмэгтэй хүүхэд байна. Алга болсон гэж бүртгүүлсэн 364 хүүхдийн 314 нь олдсон бол 12 хүүхэд одоог хүртэл олдоогүй эрэн хайж байна гэж ЦЕГ-ын эрүүгийн цагдаагийн албаны эрэн сурвалжлах хэлтсээс мэдээллээ.
Монгол улсын хэмжээнд жилд дунджаар 500 гаруй хүүхэд эрэн сурвалжлагддаг байна. Эдгээр хүүхдүүд хаашаа алга болдог хэрхэн эрэн сурвалжлагдаж байгаа талаар ЦЕГ-аас тодрууллаа.
"Сүүлийн долоо хоногийн хугацаанд эрэн сурвалжлагдаж байгаа таван хүүхэд бүртгэгдсэн. Үүнээс дөрвийг нь эрэн хайх ажиллагаа зохион байгуулаад ар гэрт нь хүлээлгэн өгсөн. Одоогийн байдлаар нэг хүүхдийг үргэлжлүүлэн эрэн хайж байна. Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа хүүхдүүд олж тогтоогддог. Эрэн сурвалжлагдаж байгаа хүүхдийн хувьд хоногтоо буюу ойрын хугацаанд олддог. Хүүхдүүд ар гэртээ хэлэхгүйгээр нэгнийдээ очих, аав ээждээ хэлэхгүйгээр найзтайгаа гадуур явах, оршин суугаа хаяг дээрээ 2-3 цагийн хугацаанд ирээгүй тохиолдолд цагдаагийн албанд бүртгүүлж шалгуулдаг. Цагдаагийн байгууллагад хандаж хайлгаж байгаа хүүхдүүдийн дийлэнх хувь нь олддог" гэж ЦЕГ-ын гэр бүлийн хүчирхийллийн хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Оюун хэллээ.
Мөн оршин суух хаягаасаа оргон дайжсан хүүхдүүдэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Оршин суугаа хаягаасаа дайждаг, бөөгнөрөл үүсгэдэг хүүхдүүдийг илрүүлээд сэтгэл заслын үйлчилгээнд хамруулах зэрэг шат дараатай арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа гэв.
Ор сураггүй алга болсон хүүхдүүдийн талаар асуухад "Цагдаагийн байгууллагуудад бүртгэлтэй эрэн сурвалжлах үйл ажиллагаагаа зарим шалтгаанаас хамаараад улсын хэмжээнд үргэлжлүүлэн хайж байгаа тохиолдлууд бий" гэж хариуллаа.
Иргэдээс энэ талаар асуухад ихэнх нь эцэг эхийн хараа хяналтгүй байдалтай холбоотой гэж хариуллаа. Харин зарим нь энд тэнд тоглож байхад нь анзаардаггүй байх эсвэл хүн аваад явчихдаг юм болов уу гэлээ.
"Эрэн сурвалжлагдаж байгаа хүүхдүүдээс хүүхэд хулгайлах, хүн хулгайлах гэмт хэрэгтэй холбогдуулан шалгагдаж байгаа энэ талын мэдээлэл байхгүй байна. Эрэн сурвалжлагдах тохиолдлууд хуулийн дагуу хэрэгждэг. Зарим тохиолдлыг мэдээлэх боломжгүй. Аймгаас аймаг хооронд явсан тохиолдлууд бий. Тэгэхээр эцэг эхчүүд гол нь хүүхдээ хэнтэй нийлж нөхөрлөж байгааг, оршин суугаа хаяг дээрээ ирэхгүй байгаа тохиолдолд хэнээс хамгийн түрүүлж асуух ёстой вэ? Ойр дотнын найз нь хаана байдаг талаар мэдээллийг эцэг эх асран хамгаалагч нар маань анхаарч гол нь хүүхэдтэйгээ ярилцах шаардлагатай. Эргээд олсон тохиолдолд мөн цагдаагийн байгууллагад мэдэгдэж хамтран ажиллах шаардлагатай байна" гэж ЦЕГ-ын гэр бүлийн хүчирхийллийн хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Оюун ярилаа.