Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын нарийн бичгийн даргын нэрийг андуурч хэллээ. Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сэтгүүлчийн асуултад “Би НҮБ-ын хуралд оролцож үг хэлсэн. Дараа нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннантай уулзсан. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн удирдагчтай уулзсан” хэмээн хариулсан юм.
Нобелийн Энх тайвны шагналт Кофи Аннан нь 2018 оны наймдугаар сард, 80 насандаа таалал төгссөн. Тэрээр 1997 оны нэгдүгээр сарын 1-нээс 2006 оны арванхоёрдугаар сарын 31-н хүртэл НҮБ-ын долоо дахь Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Түүний ажлыг БНСУ-ын Гадаад хэрэг, худалдааны сайд асан Бан Ги Мүн хүлээн авч есөн жил ажилласан юм.
Өдгөө Антониу Маниуэль де Гутерриш 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа юм.
Цахим орчинд сэтгүүлчид Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн андуурч хэлсэн үгийг засах ёстой, засах ёсгүй хэмээн талцсан. Хэрвээ Ерөнхийлөгч олны танил Батцэцэг гэдэг хүнийг Батчимэг хэмээн хэлсэн бол андуу хэлжээ хэмээн засаж болох байлаа. Харин хэдийнэ албан тушаалаа өгөөд бурхан болсон хүний талаар ийнхүү алд дэлэм андуурсан нь түүнийг мэдлэг, мэдээлэлгүй байхыг илт харуулсан явдал биш гэж үү.
Бид энэ асуудал дээр сэтгүүлчид ямар байр суурьтай байгааг тодрууллаа.
-Сэтгүүл зүйд ямар ч баримтыг сэтгүүлч засна гэж байхгүй-
Монголын эрэн сурвалжилах сурвалжлагчдын төлөө төвийн үүсгэн байгуулагч, сэтгүүл зүйн багш Ц.Чимэддондог
Энэ сэдэв өөрөө жижигхэн процедурын алдаа, хэн ч гэсэн алдаж болдог шүү дээ, рефлексээрээ бид амнаасаа алдаатай үг унагадаг шүү дээ. Юун сүртэй юм, үүнийг засаж залруулаад бид цаашдаа гоё явах ёстой гэсэн өнцөг нэлээн харагдаад байна. Тэгэхээр энэ талаар ярихдаа процессын тухай, сонин сайтын ялгааны тухай биш, сэвэх тухай биш ерөөсөө үндсэн зарчмаа бид эхлээд олж хардаг байх ёстой юм. Сэтгүүл зүйд ямар ч баримтыг сэтгүүлч засна гэж байхгүй. Энэ нь сэтгүүл зүйн зарчмаасаа ухарч байгаа эсвэл мэргэжлийн бус байгаагийн илрэл. Сэтгүүл зүй гэдэг чинь өөрөө иргэдийн төлөө тэдэнд чухал мэдээллийг мэргэжлийн зарчмын дагуу нягталж, шалгаад түгээх үйл явц.
Хэл халтираа биз, энэ том сэдэв үү гэж асууж байна лээ. Тийм, энэ бол маш том сэдэв. Улсаа төлөөлж тэр дэлхийтэй харилцдаг Ерөнхийлөгч маань ямар мэдээлэлтэй байна, би хэнийг сонгосон юм бэ гэдэг нь олон нийтэд ирээдүйнхээ төлөө санаа зовж байгаа бүх сонгогчдод чухал сэдэв. Сэтгүүлч хүн хэзээ ч хэн нэгнийг боловсролгүй, тэнэг, мангараар нь нэрлэж, дуудаж болохгүй. Гэхдээ энэ хүн хэн бэ гэдгийг харуулж болдог. Тэр үйл хөдлөл, хэл яриа, зан илэрхийллээр нь энэ хүн хэн бэ гэдгийг үзүүлж болдог. Сургуулийн хүүхдээс дор мэдлэгтэй Ерөнхийлөгчтэй гэдгээ бүгдээрээ сэтгүүл зүйгээс харж болдог. Тиймээс өнөөдөр сэтгүүл зүй эрчимтэй хөгжихийн хэрээр хүмүүсийн амьдралыг шийдэж шийдвэр гаргадаг эрх мэдэлтэй хүмүүс, ялангуяа улс төрчдийн үгийг сэтгүүлчид анадаг, задлан шинжилдэг, нягтлан шалгаж байна. Бүхэл бүтэн фактчээк баг сүлжээ болж, улс орон бүрд ажиллаж улс төрчдийн хэлсэн үгийг шалгадаг болсон. Ингэснээр улс төрчид худлаа амлах, жүжиг тоглохоос эмээж үр дүнд нь жинхэнэ мэргэжлийн улс төрч, чадвартай мэргэжилтнүүд гарч ирэх боломжтой болно зэрэг олон сайн талыг энд ярьж болно.
Нэр андуурсан мэдээний талаар олон зүйл хэлж болно. Бид үүнд үр дүнг биш зарчим л ярих ёстой. Сэтгүүл зүй өндөр хөгжсөн орнуудын ёс зүйн кодыг харахад дандаа нэгдүгээрт баримтыг нягтлан шалгах нь сэтгүүл зүйн суурь зарчим гэдэг агуулга байдаг. Ялангуяа том, том хүмүүсийн, улс төрчдийн амнаас унагаасан үг, тоо, баримт, үсэг, статистик, нэр томьёо болгон чинь баримт болж байгаа. Трампын жишээн дээрээс хэлэхэд түүний хэлсэн нэг өгүүлбэрт хэчнээн алдаа байна гэдгийг Америкийн сэтгүүлчид ард нь сууж багаар нь ажиллаад факт чээк хийгээд бүүм болдог. Үүнийг мэдээлснээрээ бид хэнээр удирдуулаад байгаа юм, цаашдаа энэ хүнийг сонгох уу, яах уу гэдэг зарчмын л зүйл байгаа юм. Сайтууд шууд мэдээлдэг, өдөр тутмын сонин засдаг гэж яриад байгаа. Сайт, өдөр тутмын сонинд зарчмын ялгаа байхгүй. Телевиз, сайт, сонин байна уу сэтгүүл зүй хийж байгаа бол тэнд нэг хэлээр л ярих ёстой. Нэг улсын байтугай олон улсад сэтгүүлчид бүгдээрээ нийлээд оффшор дансны мэдээллийг нэг хэлээр, нэг зарчмын дагуу явж байхад бид тогоон дотроо мэдлэг, мэдээлэлгүйгээсээ болоод шар сайт, өдөр тутмын сонин мундаг үүнийг засах ёстой байсан гэж ярьж болохгүй.
-Нэг хүн алдлаа гээд дагаж алдаатай мэдээлэл хүргэхгүй-
МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч З.Боргилмаа
Сэтгүүлч тухайн үйл явдалд тохирсон асуулт асуусан. Харин Ерөнхийлөгч бэлтгэлгүй байсан байна. Ямар үйл явдалд очиж байгаа билээ, сэтгүүлч юу асуух билээ, юу хэлэх билээ гэдэгт бэлтгэлгүй гарсан байна. Сэтгүүлчид, сонин, сайтууд, телевизүүд уламжлалт хэвлэлүүд залруулаад явдаг. Нэг хүн алдлаа гээд дагаж алдаатай мэдээлэл хүргэхгүй. Тэр хүн андуурч хэллээ гээд дагаж алдаа хийхгүй. Гэхдээ одоо алдаатай чигт нь алдааг нь сэвээд байгаа нь сэтгүүл зүй гэхээсээ илүү технологийн хөгжил дагасан бүх зүйл нээлттэй ил тод явдаг болсны илрэл.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тухайн үйл явдлын оролцогч алдаа гаргалаа гээд дагаж болохгүй. Баримтыг шалгах ёстой алдаатай мэдээ түгээж болохгүй. Томоохон сайтууд алдаатай чигээр нь дамжуулж болохгүй. Энэ хүн андуурч гэдгээр нь тусдаа мэдээ хийж болно. Тухайлбал, мэдээ хийсэн ч тусад нь төрийн тэргүүн андуурч хэллээ л гэж мэдээ хийж болно.
-Бид эх сурвалжийн яриаг тэр чигт нь гаргах ёстой-
Улаан бал нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Ч.Лодойсамбуу
Сэтгүүлчид хүний хэлсэн үгийг засна гэж юу байх вэ дээ. Сэтгүүлч чинь яриа авсан хүнийхээ яриаг засдаг мэргэжил юм уу. Үгүй шүү дээ. Тэгээд хэлээ л биз. Түүнийг нь дамжуулаа л биз. Эх сурвалж өөрөө хэлсэн, түүний яриаг шууд дамжуулсан. Тэгээд яах юм бэ, та ингээд хэлээд өг гээд дахиад яриулах юм уу. Энэ чинь мэдээлэл биш, дамжуулалт. Бид эх сурвалжийн яриаг тэр чигт нь гаргах ёстой. Үүнд сүртэй зүйл юу байгаа юм. Олон улсад л онигоо болж байна.