ХААН банкны данснаасаа хадгаламж, цалингаа алдсан иргэд тус банкны төвд цуглалаа. Тэд ихэвчлэн унтаж байхдаа данснаасаа мөнгө алдсан гэх иргэд байв.Тэдний хэлж буйгаар данснаас нь мэдэгдэлгүй гэнэт мөнгө алга болсон, унтаж байхад нь алдагдсан гэсэн мэдээллийг өгч байгаа юм.
Харилцагч: "ХААН банк дотроосоо мэдээллээ алдаад байна гэж бодож байна. Нэг хүний дансыг хакердлаа. Дахиад энэ олон хүний дансыг хакердаад л. Гаднын хакер бол хэзээ ч тэнд 5-6 сая төгрөгтэй байгаа хүний данснаас нэг сая 400 мянгыг нь аваад бусдыг нь үлдээнэ гэж байхгүй. Авбал бүгдийг нь л авна, тийм өгөөмөр хулгайч хэзээ ч байхгүй. Энэ бол жижиг гарын ойрхон, монгол дотроо банкны салбарыг мэддэг болсон хүн, эсвэл танайхаас ажлаасаа гарсан ажитнууд ийм зүйл гаргаад байдаг юм уу гэж бид хардаж байна. Яагаад бусад банканд ийм асуудал гарахгүй байна вэ. Энэхүү гэмт хэрэг яагаад олон дахин гарч, хүмүүсийг хохироогоод байна вэ. Харилцагчийн гомдлыг та бүхэн цааш нь цагдаагийн байгууллагад хандаж шалгуулах ёстой шүү дээ. Гэтэл ямар нэгэн арга хэмжээ авахгүй байна. Бид өөрсдөө гэмт хэрэгт холбогдсон мэт цагдаагийн газрын үүд сахимааргүй байна" гэв.
Мөн ХААНК банкны өөр нэг харилцагч: "Би гурван жилийн өмнө ХААН банкны интернет апп-ыг нээлгэж байсан. Гэхдээ огт ашиглаж байгаагүй. Миний гар утас дээр тэр апп байдаггүй. Харин ХААН банканд хандаад түүнийгээ хаалгах ёстой байсан юм байна. Танай банк руу утасдахаар "Тийм ээ та нэг ч удаа интернет банк ашиглаагүй юм байна" гэдэг. Тэгвэл яагаад нэг ч удаа ашиглаагүй интернет банкыг хүн ашиглаад мөнгө хакердаад явчихдаг юм бэ гэхээр та нууц үгээ алдсан байх гэдэг. Би наад нууц үгийг чинь ашиглаж чадалгүй аваад хувцастайгаа угаагаад алга болгоод апп-аа устгаад гурван жил болж байна. Ямар ч хүн орох боломжгүй байхад хаанаас яаж нэвтрээд миний gmail хаягийг олоод хакердаад байгааг гайхаж байна" гэлээ.
Харилцагч н.Нэргүй "Би танайд итгэж мөнгөө хадгалуулсан. Гэтэл уржигдар буюу аравдугаар сарын 3-ны шөнө 2,9 сая төгрөгөө данснаасаа алдчихлаа. Та нар бидний мөнгийг алдсан. Та нар хуулийн байгууллагаар өөрсдөө яваад бидний мөнгийг олж өг. Та нар цагдаа нартайгаа явж хулгайч нараа олох ёстой. Би халааснаасаа мөнгөө алдаагүй" гэв.
Харилцагч "Та нар яагаад бидний мэдээллийг буруу гээд байгаа юм. Би gmail хаягаа алдсан бол яагаад тэр хүн миний Голомтын данснаас мөнгө авахгүй байгаа юм. Адилхан тэр хаяг дээр миний бүх мэдээлэл байгаа. Хас банк, Худалдаа хөгжлийн банкны данснаас яагаад мөнгө авахгүй ганцхан ХААН банкны данснаас мөнгө аваад байгаа юм бэ. Тэр хүн намайг хакердаж байгаа бол миний бусад данснуудаас яагаад мөнгийг нь түүгээд авахгүй байгаа юм бэ. Яагаад ганцхан танайхаас алга болоод байгааг асуугаад байгаа юм. Бид өөрсдөө гэмт хэрэг хийчихсэн юм шиг цагдаагийн үүдэнд очоод байнга танайх руу утсаар яриастай. Нэг хүн яваад ямар ч амжилтад хүрэхгүй байна" гэлээ.
Хаан банкны төлөөлөл: "Бид шилжүүлэг хийгдсэнээс хойш 72 цагийн дотор нөгөө дансыг барьдаг. Тухайн харилцагчийнхаа дансыг шууд бариад зогсоох арга байхгүй. Тиймээс тус харилцагчид бид зөвлөдөг. Та хуулийн байгууллагад хандаад энэхүү мөнгө орсон дансны хүнийг шалгуулах бичиг аваад ир гэж байгаа. Тэгэхгүй бол бид нөгөө харилцагчийнхаа дансыг шууд бариад зогсоох эрх байхгүй. 72 цагт бол нөгөө харилцагчаа бодоод барьж байгаа. Цагдаагаас 72 цагийн дотор бичиг аваад ирвэл хуулийн дагуу бүх зүйл явж, цаанаасаа энэ мөнгийг буцаагаад хий гэвэл харилцагчийн данс руу буцааж хийж байгаа.
Хэрвээ мөнгөө алдвал бидэнд мэдэгдэх хэрэгтэй. Жишээлбэл, ХААН банкны данснаас интернет банкны нууц үгийг нь ашиглаад бусад банк руу шилжүүлээд АТМ-аас малгай, нүдний шилтэй очоод мөнгө авчихдаг. Үүнээс нэг л зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Харилцагчид нууц үгээ маш сайн хамгаалах хэрэгтэй. Манай банкны процессийн хувьд алдаа гаргасан бол бид таныг хохиролгүй болгох тал дээр ажиллана. Өнөөдөр би хүн бүрийн тохиолдлыг мэдэхгүй байна. Бүгдийнх нь мэдээллийг шалгаад, үнэхээр манай банкны процессын алдаа байвал бид тэр хүнийг хохиролгүй болгоно. Үүнд манай банкны процессын алдаа байхгүй, үнэхээр тэр хүн залилан хийгээд явсан бол бид ХААН банкны зүгээс хамтраад энэ хүнийг олохын төлөө явья гэдэг ийм л мэдээллийг би өгөх байна" хэмээлээ.