Коронавирусийн халдвар манайд тархаад жил гаран болж байгаа. Ковидийн халдвар анх бүртгэгдсэнээс хойш Монгол Улс дотооддоо алдалгүй 10 сар барьсан. Тухайн үед хариу арга хэмжээг маш сайн хангаж байгаа талаар өдөр бүр л албаныхан мэдээлж байсан. 2020 оны тавдугаар сард "Хээрийн эмнэлэг" хүртэл дэлгэн дадлага, сургуулилт хийн тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан /Одоогийн Ерөнхийлөгч/ У.Хүрэлсүх "Улс оронд аюулт өвчний цар тахал нүүрлэлээ гэхэд хариу арга хэмжээ авч чадах нөхцөл боломж бүрдэж чадсан нь өнөөдрийн дадлага сургуулилтаас харагдаж байна" гэдгийг онцолсон байдаг.
Ерөнхийлөгчөө, цар тахал нүүрлэлээ гэхэд хариу арга хэмжээ авч чадах нөхцөл боломж тань өнөөдөр хаана байна???
Тиймээс л өнөөдөр тэрхүү хариу арга хэмжээний ажлууд үр дүнгээ өгсөн эсэхт эргэлзэхэд хүрч байна.
Хариу арга хэмжээний үр дүн байтугай одоо хэрэгжүүлж байгаа цар тахлын үеийн шийдвэр, захирамжууд нь шат шатны байгууллагуудын өөр хоорондоо уялдаагүй байдлаас болж хэрэгждэггүй, зөрчилддөг гээд уртаас урт жагсаалт гарна.
Сүүлийн өдрүүдэд халдвар авсан иргэдийн тоо болон нас баралт нүдэн дээр огцом нэмэгдсээр л. ЭМ-ийн яамны эрдэмтдийн баг энэ талаар наймдугаар сараас сануулан мэдээлж байсан. Харин өнөөдөр байдал улам л муудаж, иргэд ковидийн хүндрэлээр шаналж, эмнэлгийн ор гарах өдрийг хоног тоолон, амь тэмцэн хүлээж байна.
УОК, НОК, Эрүүл мэндийн сайд аа, халдвар авсан иргэд чинь гэртээ хүндрээд ор хүлээсээр бурхны орныг зорих нь ээ. Өчигдөрхөн л гэхэд Баянзүрх дүүргийн эмч Б.Амгаланбаатар ковидийн халдвар авч хүндэрсэн иргэдээ түргэний тэргэнд амьсгалын аппарат зүүлгэн дусал залган хэвтүүлэх эмнэлэг хайж хэдэн ч эмнэлгийн хаалга мөргөөд буцахыг хоёр нүдээрээ харлаа. Эрүүл мэндийн яамны үүдэнд эмч нь учир байдлаа хэлэн хүндэрсэн өвчтөнүүдээ түргэний тэргээр аваад очсон ч дорвитой арга хэмжээ авалгүй “Эмнэлгийн ор байхгүй” гэх ганц л хариултаар амыг нь таглаад буцаах юм.
Өчигдөр халдвар аваад хүндэрсэн иргэн түргэний машин дотор хэвтэх эмнэлэг олдохгүй "Ковидоор өвдсөн хүмүүстээ ямар ч анхаарал тавихгүй байна. Ганцхан эмч л гүйгээд байдаг. Гэрээр эмчлэх боломжгүй байдалд байна. Миний судас хагарсан хэцүү байдалд хүрлээ. Хүлээж авах эмнэлэг алга. Үнэхээр яах учраа олохгүй юм. Өнөөдөр орой амьд хонох уу, үгүй юу л гэмээр хэцүү байна" хэмээн 35 настай дөрвөн хүүхдийн эцэг, үхмээргүй байна гэж хэлэхийг сонсох зүрх зүсэм байна.
Өнгөрсөн долоодугаар сард Баянзүрх дүүргийн "Энэрэл" эмнэлгийн гадаа 35 настай иргэн ковидийн халдвар авсан ч эмнэлгийн ор олдохгүй хоёр уушги нь хатгаатай рентгэн зургаа барьсаар эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан. Түүнийг нас барсны дараа НЭМГ-аас "Энэрэл" эмнэлэгт хэвтэх хүмүүсийн нэрсийн жагсаалтад талийгаачийн нэр байгаагүй гэсэн байдаг. Тэд "Эмнэлэгт ор байхгүй, үхсэн" гэснээс ялгаагүй тайлбарыг тавьж байв. Өнгөрсөн долоодугаар сарын энэ үйл явдал ч ЭМ-ийн сайд, салбарынханд цочроо болсонгүй.
Есдүгээр сард хөдөө орон нутагт халдвар авсан эмэгтэйг сумын төвийн клубд тусгаарлан эмч нар эмчилгээ, үйлчилгээг цаг тухайд нь үзүүлээгүйгээс болж хатгаа авч хүндрэн дөрвөн хүүхдээ орхин бурхан болсон.
Хэдэн хүүхэд өнчирч, хэчнээн гэр бүл хагацал үзэж байж эмнэлгийн орны асуудлыг шийдэх юм бэ Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаа. Та нарыг гадаадын улс орнуудад айлчлал хийгээд яваад ирэхэд ард түмэн чинь тартагтаа тултлаа дордсоор л байна.
Олон газар ор дэлгэлээ гээд Шадар сайд, Хотын дарга, албаныхан ар араасаа газар дээр нь очиж зургаа татуулан хэвлэлүүдээр мэдээлж байсан. Бодит байдал дээр иргэд өнөөдөр эмнэлгийн ор олдохгүй, гэртээ өвчиндөө шаналан эмчилгээ оройтон байдал улам дордсон тухай мэдээлэл цахим орчинд ар араасаа хөвөрсөөр л байна.
Усан оргилуур, Андлалын хөшөө, дүүжин зам одоохондоо бидэнд хэрэггүй. Хүний эрүүл мэнд чухал. Төсвийн мөнгө уйлдаггүй ч ард түмэн уйлж байна. Одоо боллоо, эмнэлгийн ороо, боловсон хүчнээ дайчлая, нэмье.