Сонсголын бэрхшээлтэй иргэдийн болоод ОУ-ын дохионы хэлний өдрийг тохиолдуулан "Сонсголын бэрхшээлтэй иргэдийн нөхцөл байдал, дохионы хэлний хэрэглээ, шаардлага" сэдэвт уулзалт өнөөдөр болно.
Жил бүрийн есдүгээр сарын сүүлийн 7 хоногт ОУ-ын сонсголын бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрүүдийг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил дэлхий нийт “ӨӨДЛӨН ДЭВЖСЭН СОНСГОЛГҮЙ ОЛОН НИЙТИЙГ АЛДАРШУУЛЪЯ” уриатайгаар энэ өдрүүдэд тэмдэглэж байна.
Сонсголын бэрхшээлтэй иргэдийн Дэлхийн холбоо (WFD)-ны анхны конгресс 1951 оны есдүгээр сард Италийн Ром хотноо чуулж есдүгээр сарын сүүлийн өдрүүдийг Олон улсын сонсголгүй иргэдийн долоо хоног болгож, 1958 оноос эхлэн тэмдэглэдэг болжээ. Манай улс энэ өдрийг 12 дахь жилдээ тэмдэглэж байна.
Мөн НҮБ-аас 2018 онд Олон улсад дохионы хэлний өдрийг тэмдэглэж байхаар есдүгээр сарын 23-нд шийдвэрлэсэн. Манай улс ч жил бүрийн энэ өдрийг “Монгол дохионы хэлний өдөр” болгон тэмдэглэсээр ирлээ. Монгол дохионы хэл бол сонсголын бэрхшээлтэй иргэдийн төрөлх хэл. Энэ хэлээрээ нийгмийн бүхий л харилцаанд оролцох эрхтэй. Манай улс ч холбогдох хуулиндаа /ХБХЭХ 12.1-р зүйл/ ингэж заасан байдаг.
Тиймээс дохионы хэлийг түгээн дэлгэрүүлж, хүртээмжтэй орчин бүрдүүлэх нь сонсголгүй иргэдийн эрхийг хангаж буй гол хэлбэр юм. Харамсалтай нь сонсголгүй иргэд эх хэлээрээ боловсрол эзэмших, зайлшгүй хэрэгцээт төрийн ажил үйлчилгээнд орчуулгын үйлчилгээ авах зэрэг нь хангалтгүй байна. Энэ тал дээр төрийн дэмжлэг, оролцоо дутмаг байгааг холбогдох ТББ, иргэд байгууллагууд хэлж байна. Монгол Улсад сонсголын бэрхшээлтэй 8366, хэл ярианы бэрхшээлтэй 12671 иргэн байдаг ба тэдний 600 гаруй нь 17 хүртэлх насны хүүхэд байна.
Эдүгээ манай улсад дөнгөж 20 шахам монгол дохионы хэлний хэлмэрчид байгаа. Сонсголгүй иргэдийн иргэний нийгмийн байгууллагуудаас гадна Монгол улсын хэмжээнд монгол дохионы хэлний хэлмэрч бэлтгэж байгаа сургууль байхгүй байна.
Олон улсын дохионы хэлний өдрийг тохиолдуулан Монголын дохионы хэлмэрчдийн холбоо, /хэлмэрч Г.Хүслэн, Г.Гоомарал/, “Сонсголгүйн боловсрол” ТББ, тэргүүн А.Баасанжав, “Тэгш тусгал” ТББ П.Ганхуяг, ЭХЭМҮТ Хүүхдийн зөвлөх поликлиникийн тэргүүлэх зэргийн эмч Д.Ариунтуяа хамтран "Сонсголын бэрхшээлтэй иргэдийн нөхцөл байдал, дохионы хэлний хэрэглээ, шаардлага" сэдвээр уулзалт хийнэ.