Бага байхаасаа эхэлж уран дарханы чиглэлээр эдлэл хийж эхэлсэн П.Мөнхгэрэлтэй ярилцлаа. Тэрбээр хийсэн бүтээлүүддээ гар аргаар хээ цохиж гаргаж авдгаас гадна зэсийг шаазантай хослуулан гэр ахуйн бүтээгдэхүүн гаргадаг байна. Зэсийг эрт дээр үеэс хүний биед олон талын ач холбогдолтой гэж үздэг учраас цаашид зэсээр хийсэн бүтээгдэхүүнээ ОХУ, БНХАУ-руу Монгол бүтээгдэхүүнээ гаргахыг мөрөөддөг гэдгээ бидэнтэй хуваалцсан юм.
Сайн байна уу та өөрийгөө танилцуулахгүй юу?
Намайг Пүрэвсүрэнгийн Мөнхгэрэл гэдэг. Гурван хүүгийн ээж. Дарханы урлалаар 1999 оноос хойш гэр бүлийнхээ хүнтэй хамтарч энэ ажлыг хийж эхэлсэн. Мөнгөн аяганы салбарт тасралтгүй 10 гаруй жил ажилласан. Зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалаад сүүлийн хэдэн жил мөнгөн аяганы үнэлэмж, орцны чанар учир дутагдалтай болсноос үүдээд одоогоор зэс эдлэлийн урлалаар тав дахь жилдээ ажиллаж байна.
Анх хэрхэн уран дархан хийж эхэлсэн бэ? Таны хобби юу?
Би наймдугаар ангидаа ах эгчдээ туслаад энэ ажлыг анх хийж эхэлсэн. Тиймээс алх, дөш дуугарч байх санагддаг. Ер нь хүнийг их суулгаж сургадаг ажил даа.
Зэсээр ямар ямар бүтээгдэхүүн хийдэг вэ?
Зэсээр таван төрлийн бүтээгдэхүүн хийдэг. Зэс халуун савтай нэг, хоёр литрийн домбо, айрагны саахуу, цэвэр усны сав, зэс доторлогоотой шаазан аяга тус тус хийж худалдаалдаг.
Та бүтээгдэхүүнийхээ онцлогийг юу гэж боддог вэ?
Монголд дарханы үйл ажиллагаа явуулдаг 170 гаруй үйлдвэр байдаг. Бүгд л өөр өөрийн гэсэн онцлогтой. Миний хувьд үйлчлүүлэгчийнхээ сэтгэлийг гонсойлгохгүй байх юмсан гэж бодоод чанартай байхад их анхаардаг. Жишээлбэл зэсээр хийсэн халуун саваа хийхдээ цай доошоогоо гоожчихооргүй аль болох чанартай байдлаар хийхийг эрмэлздэг. Бүтээгдэхүүнээ монгол ахуйтай холбож хээ угалзтай чамин хийчих юмсан гэж боддог. Тиймээс бүх хээгээ хөөмлийн урлагаар гар аргаар цохиж хийдэг.
Ажлаасаа ямар үед сэтгэл ханамж авдаг вэ? Эмэгтэй хүн хийдэг хүнд ажил уу?
Нэг домбыг хийхэд дөрвөн ажилтан маань дөрвүүлээ л оролцдог. Дандаа халуун галтай харьцаж хийдэг учир эмэгтэй хүн хийхэд бага зэрэг хүнд. Гэхдээ захиалга өгсөн хүн маань бүтээгдэхүүнээ авахдаа ямар гоё юм бэ гээд баярлаад авахаар л ажлаасаа урам авдаг даа.
Бүтээгдэхүүнээ борлуулдаг лангуутай юу? Хэрхэн худалдаалдаг вэ?
Захиалгаар болон Мөнгөн завьяагийн лангуунуудад бүтээгдэхүүнээ борлуулдаг. Ингэхдээ үйлдвэрлэлийн зардал, ажилчдынхаа хөдөлмөрийн хөлсийг оруулж зардлаа шингээгээд худалдаалдаг. Монголд үйлдвэрлэгдэж байгаа ихэнх зүйлс гар аргаар бүтдэг учраас ажилчдын цалингийн үнэлгээ зэргээс хамаараад ер нь 15 хувийн ашигтай ажилладаг.
Танайх хэдэн ажилтантай вэ?
Одоогоор гурван ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Ач охиноо хардаг болохоор хөвгүүд минь хүргэлтэд маань тусалдаг.
Цар тахлын үед энэ чиглэлийн бизнесүүд үйл ажиллагаа авч үлдэхэд хүнд байв уу?
Одоогоор дарханы болон үнэт эдлэлийн бизнес нэлээн доройтоод байгаа. Цагаан сар, наадам, намрын найр хуримыг эс тооцвол цар тахлын үед бизнесээ үргэлжлүүлнэ гэдэг хэцүү.
Таны цаашдын зорилго тань юу вэ?
Монгол орон минь зэс үнэт эдлэлийн орон. Гэтэл гаднын зүйл хэрэглээд сууж байдаг болохоор Монгол хүний ажлын үнэлэмж өсөж Монгол бүтээгдэхүүн гадагшаа гардаг болоосой гэж боддог. Би хийж буй зэс дотортой шаазан аягаа хоёр хөрш улсдаа гаргаж энэ Монголынх гээд хэрэглэдэг байгаасай гэж их мөрөөддөг.