Төрийн соёрхолт зураач С.Саранцацралт шинэхэн үзэсгэлэнгээ дэлгэжээ. Түүний үзэсгэлэн хэзээд олны анхаарлын төвд байсаар ирсэн. Уран бүтээлчийн өвөрмөц дотоод ертөнцийг шинэ уран бүтээлүүдээр нь дамжуулан өнгийж харан тольдох боломжийг олгодог учраас түүний үзэсгэлэнг тэсэн ядан хүлээдэг. Энэ удаад ч тэрбээр “Mind Rescue” буюу Оюун ухаанаа аварья үзэсгэлэнгээрээ энэ нийгэмд чангаас чанга дуу хадаан толгой дундуур татаад авах шиг боллоо.
Түүний үзэсгэлэнг тольдсон Монголын урлагийн зөвлөлийг үүсгэн байгуулагч, “Guru Media” компанийн продюсер Ц.Ариунаа “Mind rescue-Оюун санаагаа аврая нэртэй үзэсгэлэнгийн хаалгаар оронгуут л та цочролд орно. Амлая! Яагаад гэвэл урлаг биднийг дандаа зугаацуулан цэнгүүлж байх ёстой гэж бодож хэвшсэнтэй холбоотой. Тэрээр бидний хэт хэрэглээ, хоосон тансаглал, хог хаягдал, бэлгийн дарамт гээд бухимдаж яваа зүйлсэд айж ичихгүйгээр “шанаа өгсөн байна” хэмээн сэтгэгдлээ бичжээ.
Энэхүү үзэсгэлэнгээс өнгөлөг, гэгээлэг зүйлсийг төдийлөн харахгүй. Учир нь тэрбээр орчин үеийн урлаг болох яг одоо бидний дунд өрнөж буй үйл явдлыг шүүлтүүргүйгээр бодитоор танд дүгнэлт хийх боломж олгожээ.
-Шинэ үзэсгэлэнгээ дэлгэж байгаад баяр хүргэе. "Оюун санаагаа аварья" биднийг живүүлэхгүйн тулд үзэсгэлэнгийн үүдэнд аврах хантааж өлгөжээ гэж харлаа?
-Оюун санаагаа аварья гэдэг үг зүгээр нэг үг биш. Үүнийг тэр аврах хантаазаар илэрхийлж, бид одоо оюун санаагаа аврахгүй бол живээд үхэх гэж байна шүү дээ. Энэ удаагийн үзэсгэлэнгийн уран бүтээл бол дандаа contemporary art-ын Readymade гэдэг чиглэлийг ашигласан байгаа. Энэ чиглэл бол дандаа бэлэн бүтээгдэхүүн, бидний өдөр тутмын хэрэглээг урлаг болгож болно гэдэг зарчимтай. Readymade гэдэг аргачлал бол уран бүтээлч хүн өөрийнхөө дотор байгаа эмзэглэл, шаналал, өнөөдөр уран бүтээлч хүн юу мэдэрч байна тэрийгээ гаргаж тавихад боломжтой. Бас үзэгчидтэйгээ харилцахад боломжтой хувилбар.
Өнөөдөр хог гэдэг бол зөвхөн ганц хоёр хүний асуудал биш шүү дээ. Монголын бүх ард түмний асуудал болсон. Дээр нь уран бүтээлч хүн бол байнга өөрийнхөө мэдэрч байгаа мэдрэмжүүдийг эргүүлж гаргаж тавих ёстой байдаг. Энэ бүтээлүүд дандаа өнөөдөр бидний амьдарч байгаа нийгэм ямар байна, орчин тойрон юу байна, хүмүүсийн хоорондын харилцаа, этик гэж юу байна гээд дандаа ийм тал дээр эмзэглэж явдаг зүйлс дээрээ уран бүтээл хийсэн. Өнөөдрийн энэ үзэсгэлэнгээс хэн ч тийм сайхан гоё, гоёчлол үзэхгүй. Угаасаа contemporary урлаг бол одоо цагийн урлаг. Яг өнөөдөр, одоо бидний дунд ямар үйл явдал болж байна түүнийг факттай нь үйл явц, цаг хугацаатай нь үзүүлж байдаг урлагийн төрөл. Энэ чинь урлагийн хамгийн трэнд хэлбэр болоод байгаа. Энэ хэлбэрийг дэлхий даяараа хэрэглэж байхад өнөөдөр бид 21 дүгээр зуунд үүнийг хараад гайхаад балмагдаж байна гэдэг нь бид 100 жилээр хоцорсон байгаа үзэгдэл гэж харагдаж байна.
-Бэлгийн дарамтыг таслан зогсооё гэхээр бид уриа үгс, гараа далайсан эр хүн, айсан эмэгтэй хүн, хүүхдээр төлөөлүүлж боддог болоод удсан. Харин энэ удаад үүнийг та тэс өөрөөр дуугарчээ.
-Энэ бүтээлүүд үнэндээ Монгол Улсад хамгийн бараг анхны феминист бүтээл гэж хэлж болно. Мартын наймны гэдэг чинь Клара Цеткин ямар их хүч, зовлон, цусаа урсган байж эмэгтэй хүний эрх чөлөөг нэгдүгээрт тавьж байв. Түүнээс үүдэж дэлхий нийтээрээ Мартын 8-ныг гуравдугаар сарын 8-нд эмэгтэй хүн өөрийнхөө эрх чөлөө, байр суурийг хэлдэг өдөр байхад манай монголчууд Мартын 8-ныг идэж уугаад, баярлаад, бүгдээрээ үсээ лакдуулаад нэг өдөр нөхрөөрөө хоол хийлгэсэндээ баярлаад ханачхаж байгаа.
Монголчуудын муухай, муухай мэдээллүүд гарч байсан шүү дээ. Одоо Д.Анандбазарын хэрэг ч гэдэг юм уу. Янз бүрийн муухай хүчирхийллийн ялангуяа тэр дундаа бэлгийн хүчирхийллийн тухай мэдээллүүд тэр үед гарч байсан. Тэр зүйлс надад нөлөөлөн шууд энэ бүтээлийг хийсэн. Тэр үсний хайч эмэгтэй хүнийг төлөөлж байгаа. Тогонд залгасан байгаа нь эмэгтэйчүүд хүчтэй шүү, дарамтыг бид ингээд тасалж чадна.
Энэ чинь манай нийгэмд цочролд оруулж айлгаж ичээхгүй л бол оюун санаагаа живж байгаагаа үйлдэж байгаагаа ч ойлгохгүй, үйлдүүлж байгаа нь ойлгохгүй амаар л ярьж байдаг шүү дээ. Тэгэхээр залуучууд маш их үзэж байна. Үнэхээр л тэд манай аврах хантааз юм байна гэж би ойлгож байгаа.
Өнөөдрийн үзэсгэлэнд ийм бүтээлүүдийг тавьсандаа би уран бүтээлч хүний хувьд маш их баярлаж байна.
Төрийн соёрхолт зураач С.Саранцацралт “Оюун санаагаа аварья “бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ Хаан Банк арт галерейд олон нийтэд үнэ төлбөргүйгээр дэлгэсэн. Үзэсгэлэн есдүгээр сарын 30-н хүртэл 10:00-17:00 цагийн хооронд ажиллана.
“Social climber” – шудрага бусаар өндөрлөгт авирагч
Инстоляци 2021
"Ямар нийгэмд амьдарч байгаа минь огт хамаагүй юмаа л бушуу гайхуулая, дуу"
Баадаг жорлонг минь горьдоод асуувал хөө
Баруун талын жорлонгуудын дунд байгаа
Алтан жорлон шүү дээ ай хөө
Баян хуараа нь багаасаа ш дээ хөө
"Орчин цагийн хуяг дуулга"
Хэрэглэх заавар: Эд материалаар ялгаварлан гадуурхдаг нийгэмд өөрийгөө хамгаалах эсвэл өнгөлөн далдлалт хийж бусдад дүр эсгэхийн тулд хэрэглэнэ.