Төв аймаг хүнс хөдөө аж ахуйг нэмэгдүүлэх зорилгоор 24 төсөл боловсруулан ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд ХААИС-ийн эрдэмтэн багш нартай хамтран ажиллах, цаашид ямар арга хэмжээ хэрэгжүүлэх тал дээр зөвлөгөөн уулзалт зохион байгууллаа.
Энэ талаар Төв аймгийн засаг дарга Д.Мөнхбаатар “Манай аймгийн эдийн засгийн үндсэн салбар нь хөдөө аж ахуй, газар тариалангийн салбар. Цаашлаад бид бүхэн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг улам нэмэгдүүлэхийн тулд хөдөө аж ахуйн стратеги төлөвлөгөөгөө боловсруулсан. Энэхүү стратеги төлөвлөгөөндөө давтамжтайгаар хэрэгжих 24 төсөл боловсруулсан байгаа. Манай стратегийн хамгийн чухал зорилго бол бид бүхэн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн суурь дэд бүтцийг бий болгох тал дээр онцгойлон анхаарч ажиллаж байна. Алсдаа бид хоршоодыг байгуулж хоршоодынхоо нэгдлийг ААН байгууллагуудтайгаа хамтран ажиллуулах үүднээс дундын хоршоог байгуулахаар төлөвлөсөн байгаа. Эдгээр дундын хоршоодоос гарсан бүтээгдэхүүнүүдээрээ аймагтаа үйлдвэр технологийн парк байгуулна. Үйлдвэр технологийн паркийнхаа тусгай зөвшөөрлийг Монгол улсын засгийн газрын шийдвэрээр авсан байгаа. Манай стратеги төлөвлөлтийг хэрэгжүүлэх 24 зорилт дээр хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн судлаачид маань хамтран ажиллахаар боллоо” гэлээ.
Төв аймаг ХААИС-тай хамтарснаар жилийн дөрвөн улиралд шинэ ногоо, мах, сүү гаргах нөхцөл боломжийг бүрдүүлэх тал дээр мэргэжил арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэхээр энэхүү зөвлөх уулзалт хийсэн байна.
Уулзалтын талаар ХААИС-ийн захирал Т.Хэрүүга “Хөдөө аж ахуйн сургууль маань сургалт судалгаа инновацаараа дамжуулаад энэ төлөвлөлтөд төлөвлөж байгаа төслүүдэд шаардлагатай мэргэжилтнүүдийг бэлтгэх, дээрээс нь судалгаа хийх ажил дээр манай ХААИС-ийн багш, судлаачид илүү хамтарч ажиллана. Энэ төлөвлөлтийн хүрээнд тавигдаж байгаа зорилго, зорилтууд, дэвшүүлж байгаа төслүүд нь ХААИС дээр хэрэгжиж байгаа зарим төслүүдтэй давхцаж байгаагаараа онцлог байна. Энэ нь биднийг илүү хамтарч ажиллах боломжийг бүрдүүлж байгаа юм. Ингэснээрээ их сургуулиудын сургалт, судалгаа сайжирна. Нөгөө талаас орон нутгийн хөгжил үйлдвэрлэл бизнес нь илүү сайжирч, нутгийн иргэд илүү орлоготой болох, шинжлэх ухааны үндэслэлтэй үйлдвэрлэл бизнесээ эрхлэх ийм сайхан боломж гарч гарна” гэж хэллээ.