Нэг нам үнэмлэхүй олонхоороо хоёр парламент дараалж засаг барьж, хууль баталлаа. Энэ хугацаанд тэднийг хянагч, ташуурдагч, шүүмжлэгч, зөвд нь зөөлөн, бурууд нь хатуу байх учиртай АН-аас сонгогдсон арван ГУРВАН гишүүн таг дуугүй байсаар нэг жилийг ардаа орхилоо. Тэд бурууд нь хатуу битгий хэл эс үйлдлээрээ олон хууль бус үйлдлийнх нь хажуугаар нүдээ аниад, чихээ бөглөөд, амаа үдээд өнгөрлөө.
БАРИМТ НЭГ.
2021 оны 2-р сард УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын Байнгын хорооны дарга С.Бямбацогт тэргүүтэй гишүүд Монголд улс төрийн нам байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухай тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан юм. Энэхүү тогтоолын төсөл нь хоёр заалттай байсан ба МАН байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх талаар арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгаж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох Байнгын хороодод үүрэгдсэн юм. Өөрөөр хэлбэл Монгол Ардын Намын ойг тэмдэглэх үүргийг төрийн хууль тогтоох дээд байгууллага УИХ-аас төрийн гүйцэтгэх засаглал болох Засгийн газарт өгч, хэрэгжилтийг нь хууль тогтоох засаглалын Байнгын хороод хянана гэсэн үг. Намынхаа ойг тэмдэглэхэд төрийг бүхэлд нь дайчилж, төсвийн мөнгөнөөс намчид баяраа тэмдэглэв. Цар тахалтай хүнд цаг үед намын ой тэмдэглэж мөнгө нэг авав, ой тэмдэглэх нэрийдлээр олон хүн цуглуулж болохгүй гэж цагдсан цаг үедээ өөрсдөө олон хүн цуглуулж, коронавирусийн тахлын галыг өрдөх суурийг тавив. Энэ үед АН-ын АРАВ гурав дуугүй л байв.
БАРИМТ ХОЁР.
Цар тахлаас үүдэн том жижиг гэлтгүй бизнес эрхлэгчид их бага хэмжээгээр хүндрэл даван туулсаар байна. Бараг бүх барааны үнэ огцом нэмэгдэж, хил дээр ачаа бараа гацаж, бизнес эрхлэгчид аргаа барж, худалдан авагчид үгээ хэлж байна. Мөн төрийн эргэж буцсан шийдвэрүүд үйлчилгээний байгууллага эрхлэгчдийг л гэхэд зовоож, нэгэн япон хоолны ресторан хөл хориог эсэргүүцэн үйлчилгээгээ нээснээр бусад нь ч тэмцэлд нэгдэн, хотын даргатай зөвшилцөн хаалгаа нээх эрхээ авсан юм. Ковидийн үеийн эдийн засгийн үр дагавар хүнд байгаа энэ цаг үед АН-ын арван гурав мөн л дуугүй байлаа.
БАРИМТ ГУРАВ.
Цар тахлын үед хүний олон суурь эрх зөрчигдөв. Үүнийг ч НҮБ-ээс сайтар сануулж, цар тахалтай ч хүний эрхийн зөрчил гаргахгүй байх тал дээр анхаар гэв. Гэтэл Монголд хүний эрхийн зөрчил гаарсаар. Жишээ нь ямар ч судалгаа шинжилгээгүй 21 өдрийн тусгаарлалт, тусгаарлалтад орсон иргэдийн эрхийн асуудал, сурагчдын сурах эрхийн асуудал, ковид туссан иргэд эмнэлгийн эмчилгээ үйлчилгээ авч чадахгүй эмнэлгийн үүдэнд нас барсан зэрэг олон жишээг дурдаж болно. Энэ үед өнөөх л АН-ын арван гурав маань бас л дуугүй байлаа. Тэд амарч зугаалж, цахим хаягууддаа төлбөртэй стори оруулсан шигээ л байв.
БАРУУН ТӨВИЙН НАМЫН ГИШҮҮД УХААНТАЙ ЮМ БОЛ ДУУГАРААЧ, ХӨДЛӨӨЧ…
Бичвэрийн эхэнд хэлсэнчлэн АН зөвд зөөлөн бурууд хатуу байж чадахгүй л байна. Жишээ нь Рио Тинто ба Монгол улсын засгийн газрын хоорондын хэлэлцээрүүд үргэлжилж, түүхэндээ анх удаа Рио Тинто Монгол улсын засгийн газарт буулт хийж, хэд хэдэн санал тавив. Үндсэндээ АН-ын Ч.Сайханбилэг нарын тарьсан балгийг улсаараа үүрээд туулж байгаа энэ цаг үед тэд мөн л дуугүй л сууна. Оюутолгойн сэдвээр амаа чилтэл ярьж тэмцэж буй босоо хочит С.Ганбаатар л хэдэн пост оруулсныг эс тооцвол АН-ын арван гурав бас л дуугүй.
Тэд цаашдаа ч СӨРӨГ ХҮЧИН байх үүргээ албаар умартах нь тодорхой болов. Учир нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн халаасанд тэд Х.Баттулгыгаа дагаад яваад орчхов.
Өнгөрсөн долоо хоногт Х.Баттулга Л.Оюун-Эрдэнийн зөвлөх болсон ба Х.Баттулгын ойр шадрууд болох Ш.Адьшаа, А.Адьяасүрэн, С.Ганбаатар, Ц.Туваан, Н.Алтанхуяг Н.Ганибал, О.Цогтгэрэл, Ж.Батсуурь нар лав албан бус МАН-чин болох үүд хаалга нээгдэв. Ямар сайндаа л эд нар Х.Баттулгын төлөө талбай дээр өлсгөлөн зарлаж байлаа.
Ийнхүү иргэд бид сөрөг хүчингүй парламенттайгаа ойлгосон тул өөрсдөө оролцоотой байх л гарц үлдэж байна.