Манай энэ удаагийн “Гашуун яриа” нэвтрүүлгийн дугаарт спорт урлаг хоёрыг хослуулан амьдарч буй залуу уран бүтээлч Ц.Отгонбаяр оролцлоо.
-Юун түрүүн үзэгчдэд өөрийгөө танилцуулахгүй юу?
-Би СУИС-ийг дуурийн дуулаачаар төгссөн. 2017 онд оюутан байх үеэсээ “Хийморьтой аав” гэж уран бүтээл гаргасан юм. Дараа нь ээжийн, нутгийн тухай дуунууд гаргасан байгаа. Мөн өөрийн сонирхлоос үүдэн фитнесс ажиллуулдаг.
-Сүүлд гаргасан дуу нь хэсэг хүмүүсийн шүүмжлэлийг хүлээх шиг болсон.
-Саяхан Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулж “Монгол бөх” гэдэг дуугаа цацсан. Монгол бөхчүүдээ магтан дуулж байгаа учраас Монгол хүний дүр төрхийг гэгээлэг талаас нь гаргах зорилготой, дууныхаа дундуур цээж нүцгэн сур элдэх тийм үзэгдлийг оруулсан юм. Сая долоон сард Нүдэн гоо гээд уран бүтээл гарлаа шүү дээ. Үүнийг дуурайж нүцгэн дууллаа. Сүүлийн үеийн зохиолын дуучид нүцгэлж эхэллээ гэх зэрэг шүүмжлэлд өртсөн. 2017 онд анхныхаа дууг гаргаж байхад надад нэг ч шүүмжлэл ирж байгаагүй. Сүүлийн Монгол бөх дуун дээр шүүмжлүүлж байгаадаа баяртай байна. Сөрөг талаас нь харахгүй байгаа. Ядаж л хүн олж үзсэн байна шүү дээ. Зохиолын дуучид яагаад Холливудын одууд шиг бие хаа царайндаа анхаараад, гоё булчин шөрмөс нь зангирчихсан, нүцгэн байж болохгүй гэж.
-СУИС-ийн оюутнууд ах захтай ч гэх юм уу, дарамттай байдаг талаар сонсож байсан. Үнэхээр тийм зүйл байдаг уу?
-Архангай аймагт худлаа үнэн найз нөхөдтэйгөө бужигнаад явж байсан хүн чинь СУИС-д дөнгөж ороод өөрийгөө нэг л том залуу гэж бодож байгаа шүү дээ. Манайх диктатур ихтэй. Ах бол ах, эгч бол эгч. Нэгдүгээр курсэд дөнгөж орж байгаа хүнд ямар юмны тийм зүйл байх вэ. Аа үхсэн эд нар юу юм ухааны юм бодчихсон өөрийгөө лаг амьтан гээд л бодно шүү дээ. Төгөлдөр хуурынхаа хичээлийг бэлдэх гээд хагас сайн өдөр сургууль дээрээ ирчихсэн байж байгаад 00-руу ороод нэг аяга ус хусчхаад буцаад явж байсан чинь сургуулийн коридорт баахан залуучууд зогсож байсан юм. Тэдний дундуур мөрлөхийг нь бараг л мөрлөөд анги руугаа ороод байж байтал араас 3-4 залуу орж ирээд хаалга түгжиж байна. Чи муу ямар том пацан бэ гээд л. Би ч мөчөөгөө өгөхгүй ам зөрж гарсан. Тэгсэн чинь 4,5 дугаар курсийн ах нар аа мөрлөхийг нь мөрлөөд л гарсан байгаа юм. Ах нараас ганц нэг шанаа авсан. Тэгээд л маргаашаас нь бүгдийг нь сайхан таньдаг болоод л ах аа эгч ээ болж байгаа юм. Энэ диктатур нь бусдыг хүндэлж сурахад нөлөөлсөн гэж боддог.
-Сайхан сэтгэл шунал хоёр нэг дор багтдаггүй гэдэг шиг спорт урлаг хоёр нэг дор багтах уу?
-Манай дуурийнхан идээд, гаамаа уншаад, амраад байж байх зориулалттай. Сонгодог урлагийнхан хэдий чинээ амралт сайн байна төдий чинээ хоолой мундаг гарна. Би тэгэхэд төмрөө өргөөд, ядраад л, өдөржин хөлс баастайгаа хутгалдаад явдаг байлаа. Очоод гаамаа уншингуут хоолой гарахгүй. Тэгээд л багшид загнуулна. Нэг бол урлагаа сонго, эсвэл төмрөө өргөөд яв, гар чи гээд их л хөөгдсөн дөө. Спорт нь хүнийг зөв төлөвшилд оруулдаг. Ялангуяа над шиг өөрөөрөө асуудлаа шийдээд уран бүтээлээ хийгээд явж байгаа хүмүүст санхүүгийн зөв менежмент маш хэрэгтэй юм билээ. Тамирчин гэхээс илүү бизнес гэж харж байгаа. Орлогын эх үүсвэр болгох зорилготой. Тиймээс урлагтаа илүү цаг зав гаргана.
-Та их булчинлаг харагдаж байна. Урд нь ямар байсан бэ?
-Би их туранхай байсан шүү дээ. Жижигхэн, маш туранхай. Тийм байдлаасаа ичээд халуун зунаар нэвсийсэн зузаан хувцас өмсдөг байлаа. Ингээд фитнессээр хичээллэхэд үр дүн нүдэн дээр харагдаж эхэлсэн учир тууштай явсан байгаа.
-Хөл хорионы үед яаж бизнесээ авч үлдэв?
-Фитнесс нээхэд хамгийн багадаа 40-50 саяын зардал гарна. Ялангуяа төгсөж байгаа залуу хүүхдүүдэд шууд бэлэн мөнгө байхгүй. Тэр бүхэнд зээл авна. Хөл хорио тогтооно гэж тооцохгүйгээр тодорхой хугацаанд эргүүлээд төлөхөөр төлөвлөсөн байгаа. Тэгэнгүүт үйл ажиллагаа маань зогссон. Ямар ч орлогогүй болсон дээрээс нь бүртгүүлсэн байсан хүмүүс маань төлбөрөө буцааж нэхэх гэх мэт олон хүндрэл учирсан. Үүнийг би эерэгээр харж байгаа. Мэдээж саад бэрхшээлгүй бизнес гэж байхгүй. Сайхан цаг, ашигтай моментыг хүлээгээд хойш суувал боломжоо алдана. Залуу нас богинохон алдсан ч оносон ч хамаагүй энэ зүйл дээр өөрийнхөө чадлаар даваад гарсандаа их баяртай байгаа.
-Дуурийн дуулаачаар төгссөн. Дуу хийгээд явж буй залуу уран бүтээлчийн өнцгөөс шүүмжлэлтэй ханддаг зүйл бий юу?
-Уяачид дуулж байна. Малчид дуулж байна. Жолоочид дуулж байна гээд телевизийн нэвтрүүлгүүдэд би үнэхээр дургүй. Таван жил хөрөнгө мөнгө цаг хугацаа зүрх сэтгэлээ зориулаад эзэмших ёстой мэргэжлээ эзэмшчихсэн залуучуудын хоолойг яагаад үнэгүйдүүлж булаацалдаад байгаа юм. Онгоцны нисгэгчээр олон жил сураад ирсэн хүнтэй би сонирхлоороо онгоц баримаар байна гэж болохгүй биз дээ. Энэ асуудал дээр шүүмжлэлтэй ханддаг. Мөн хошин урлаг, нийтийн дуу хувьсах цаг нь ирсэн. Америкт гэхэд коунтри жанраар дуулдаг залуучууд trap жанрын дуучидтай хамтраад арай өөр шинэ чиглэлийн зүйл гаргах жишээний. Тэгэхэд бид 2000 оны зохиолын дуу, гавьяатуудыг хуулбарлаад явж болохгүй.