Гадаадад магистраа хамгаалж хоёр жилийн өмнө Монголдоо ирснээс хойш Ч.Чулуунцэцэг зовж зүдэрсэн амьтдад нэг ч өдөр алгасахгүй тусалж хоололж ундлан, эмнэлэгт үзүүлж эмчилж аварч байгаа юм. Тэрбээр өглөө болгон гэрээсээ гарахдаа 10 литр хоол хийж, авч гараад амьтдад өгдөг. Түүний гол зорилго нь амьтны асрамжийн газартай болж, тэдний эрх ашгийг хамгаалах хуультай болох гэж тэрбээр хэлсэн юм. Амьтны эрх ашгийг яагаад хамгаалж тэдэнд туслахаар болсон, одоо ямар асуудал тулгарч байгаа “Эзэнгүй хаягдсан амьтдад тусалцгаая залуусаа” ТББ-ын үүсгэн байгуулагч Ч.Чулуунтуяатай ярилцлаа.
Та өөрийгөө танилцуулахгүй юу?
Намайг Ч.Чулуунтуяа гэдэг. МУИС-ийн эдийн засагчаар төгсөөд БНХАУ-д хоёр жилийн өмнө бизнесийн удирдлагаар магистр хамгаалсан.
Хэзээнээс эхэлж амьтдад туслах болсон бэ? Ямар шалтгааны улмаас туслахаар шийдсэн бэ?
Багаасаа л амьтдад их хайртай хүүхэд байсан. 2010 оноос эхлэн ганц нэг муур, нохойг эзэнтэй болгож тусалж эхэлсэн. Шалтгаан нь Монголд зовж зүдэрсэн амьтад хэтэрхий их байгаа учраас зүгээр хараад өрөвдөж суух биш ямар нэг зүйл хийх ёстой гэж бодоод аварч, тусалж эхэлсэн.
2010 оноос хойш хэчнээн амьтдад тусалсан бэ?
Монголд ирээд хоёр жилийн хугацаанд тасралтгүй нохой, муур аврах ажлыг сайн дураараа хийж байна. Энэ хугацаанд ойролцоогоор 50-60 нохой, 45-50 орчим муур аварсан.
Нохой, муурыг аварч эхэлснээс хойш таны хамгийн их эмзэглэсэн зүйл юу вэ?
Өдөр бүр л зовж зүдэрсэн амьтдыг хараад яасан ч хэцүү өрөвдмөөр юм дээ гэж бодогддог. Яагаад гэхээр хашаан дахь ганцхан нохойндоо аятайхан хоол өгдөггүй, уртхан гүйлгээ уяанд уядаггүй зарим нь бүр аяга ч байхгүй байдаг. Халуунд сүүдэргүй газар уячихсэн эсвэл өвөл нөмөргүй газар ус хоолгүй байлгадаг. Подволд амьдарч буй ядруу муур, нохойг харахаар сэтгэл урагдах шиг л болдог доо.
Амьтдад туслаад явж байхад ямар бэрхшээлтэй зүйл байдаг вэ?
Мэдээж олон асуудлууд байдаг. Олсон амьтдаа эмнэлэг авч явах машин, эмнэлгийн төлбөр хандиваар босохгүй бол өөрөө өрөнд орно. Эмнэлгээс гараад түр байлгах газраасаа дахиад л хөөгдөнө. Эдгээрээс хэцүү, сэтгэл дундуур санагддаг зүйл нь амьтнаа авраад эрүүл болгосон ч эзэн эсвэл байлгах газар олдохгүй байх л үнэхээр хэцүү. Очих газаргүй нохойгоо хөтлөөд, муураа тэврээд хэдэн цаг уйлаад замаар алхаж явсан үе ч зөндөө байсан.
Өвдөж зовсон амьтдад туслахад тань ямар мэдрэмж төрдөг вэ?
Монголд маш олон зовсон амьтдыг харж болно. Машинд дайруулаад замын хажууд хэд хоног хоол, усгүй зовж бөгсөө чирээд махаа гартал шороо, цасанд хоол усгүй олон хоног явсан ч бяцхан амьтад байна. Хүнд зодуулж, нүдээ тэс цохиулсан гөлөг, нүдэндээ хадаас зоолгуулсан муур ч олдож байсан. Энэ бүх зовсон амьтдын төлөө болъё гэж бууж өгтлөө тэмцэж, хэзээ нэг өдөр бүх зүйл сайхан болно доо гээд л зүтгэж явна даа. Зайлшгүй унтуулах ёстой амьтдынхаа сүүлийн амьсгал хураах хүртэл хамт байж тэвэрч хайр мэдрүүлж тэр их өвдөлт зовлонг биеэрээ мэдэрч хэдэн өдөр уйлж шаналж, шантрах үе ч зөндөө гардаг. Гэхдээ одоо бага багаар хатуужил сууж бяцхан амьтдаа хараад хүч тамир ордог доо.
Таны хувьд хоёр жилийн хугацаанд тасралтгүй сайн дураараа ажилласан шүү дээ. Фэйсбүүк группынхаа гишүүдээс сар бүр 1000 төгрөг хандивлаж амьтдад тус болохыг уриалсан байсан. Энэ талаараа яривал?
Сар бүр ТББ-н дансанд тогтмол хандив өгдөг болчихвол ядаж илүү олон амьтанд тусламж үзүүлж хоол унд, үүр, сав суулга, идүүрнээс эхлээд энд тэндээс мөнгө гуйхгүйгээр ядаж хашаа түрээслэх боломжтой болно гэж бодож байна. Мөн дор бүр спэй заслага хийлгэх боломж бүрдэх юм.
Хүмүүс заавал ингэж амьтдыг аврах шаардлагатай юу, зүгээр л орхичихож болдоггүй юм уу гэсэн сэтгэгдлүүд их байдаг. Энэ талаар таны бодол?
Энэ хорвоо дэлхий дээр ганцхан хүн оршин тогтнодоггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Амьтад ч мөн адил амьдрах эрхтэй. Хүн өлслөө гэхэд гуйлга гуйгаад ч болов хоол олж идэх, өвдсөнөө хэлээд тусламж хүсэж чадна. Харин амьтад эсрэгээрээ хэлж, ярьж чадахгүй аврал эрж, хоол горьдож, хүн царайчилж үр зулзгандаа хоол хайж яваад машинд дайруулж, үр төл нь өлсөж хөлдөж үхэж буй эмгэнэлтэй тохиолдлууд цөөнгүй бий. Энэ бол хүмүүс бидний буруутай үйлдлээс болж буй эмгэнэлтэй амьтдын зовлонтой далд ертөнц.
Таны хувьд амьтдыг аврахаас гадна тааралдсан амьтдаа хооллодог гэж байсан. Нохой авардаг, тэдний төлөө явдаг хүмүүсийн дунд таныг сахиусан гэж нэрлэдэг юм билээ?
Өглөө болгон 10 литр хоол хийгээд аваад гардаг. Таарсан амьтдадаа ганц өдөр ч гэсэн гэдэс цатгалан байгаасай гэж хүсдэг. Би түүнээс илүү зүйлээр тусалж чадахгүй тул ядаж ганц удаа амттайхан хоол идээд баярлаг гээд л явдаг даа.
Таны хувьд ямар шийдэл, гарц байна гэж харж байна вэ?
Шийдвэр гарц бол улсаас устгаж, хороох биш хариуцлагаггүй үржүүлэгч, эздэд хариуцлага тооцдог болох. Мөн сайн дураараа амьтан аварч, хамгаалж байгаа хүн болон ТББ-г дэмжвэл энэ олон зовсон амьтдын тоо хэдэн жилийн дотор багасах цаашлаад байхгүй болох боломжтой байх гэж бодож байна.