Коронавирусийн цар тахлын улмаас сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа сүүлийн хоёр жилд хөл хорио дунд танхимаар гэхээсээ илүүтэй цахимаар үргэлжилсэн. Энэ жилийн тухайд Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу есдүгээр сарын 1-нээс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг танхимаар 5/9 хөтөлбөрөөр явуулахаар болсон.
Сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн тухайд энэ жил 4-5 настнуудыг есдүгээр сарын 1-нээс эхлэн хүлээх авах бол 2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах ажил цар тахлын нөхцөл байдал, вакцинжуулалтаас хамаарч одоогоор товлосон хугацаа байхгүйг албаныхан мэдээлсэн.
Бид энэ жил хүүхэд нь цэцэрлэгт хамрагдах боломжгүй болсон эцэг эхийн төлөөлөлтэй уулзаж ярилцлаа.
Түүнийг Цэцэгээ гэдэг. Төрийн байгууллагад тогоочоор ажилладаг, хоёр хүүтэй. Том нь энэ жил есдүгээр ангид орж байгаа бол бага хүү нь гурван настай. Ганц бие өрх толгойлсон ээж. Өнгөрсөн жил хүүхдээ цэцэрлэгт өгөх гэсэн ч хоёр нас хүрээгүй гээд төрийн өмчийн цэцэрлэгт хамруулж чадаагүй. Тухайн үед Баянхошуунд түрээсийн байранд амьдарч байсан учраас гэрийнхээ ойролцоох хувийн цэцэрлэгт хэсэгт хугацаанд хамруулсан талаараа ярьсан юм.
Тэрээр “Өнгөрсөн жил сургууль, цэцэрлэг ижилхэн л хөл хорио тогтоосон болохоор том нь багыгаа хараад гэртээ хамтдаа байсан. Харин энэ жил том хүүгийн хичээл танхимаар эхэлж байгаа болохоор бага хүүг харах хүнгүй хэцүүхэн л болох гээд байна. Сургуулийн хичээл тав хоног танхимаар, тав хоног цахимаар гэсэн болохоор долоо хоног өнжөөд ахтайгаа гэртээ байх нь. Өнгөрсөн жил цэцэрлэгт хоёр настай хүүхдүүдийг бүртгэхгүй гурван настай хүүхдүүдийг бүртгэж байсан болохоор хүү бид хоёр хувийн цэцэрлэгт хэсэг хугацаанд явсан. Улсын цэцэрлэгийг бодвол цаг нь уян хатан өглөө эрт өөрсдөө унаагаараа ирээд гэрээс авдаг гээд олон давуу талтай байсан. Харин бид энэ жл Баянзүрх дүүрэг рүү нүүсэн. Энэ хавьд хувийн цэцэрлэг ховор бараг л алга. Улсын цэцэрлэг нь зөвхөн 4-5 насны хүүхдүүдийг авна гээд бас л “шүдний өвчин” боллоо.
Улсын цэцэрлэг энэ жил 2-3 настай хүүхдүүдийг хэзээ авах нь тодорхойгүй байгаа. Тэгвэл яагаад хувийн цэцэрлэгүүдэд сонголт үлдээж болдоггүй юм бэ. Засгийн газраас зөвхөн 4-5 насны хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах шийдвэр гарсан гээд хувийн цэцэрлэг 2-3 настнуудыг авахгүй байна. Би ганцаараа ажил эрхэлж ар гэрээ авч явдаг. Аав, ээж хөдөө амьдардаг хүүхдээ харуулах боломжгүй. Айлын ганц хүүхэд болохоор ийм үед наашаа гэх ах дүүгүй хүндхэн л байна. Гэхдээ аль болох өөрөө бүхнийг болгох гээд л зүтгэж байна. Ядахдаа л төр засаг нь нэгэнт л цэцэрлэгийн хичээлийг танхимаар эхлүүлж байгаа бол насаар нь хатуу ангилж үүнийгээ ч хувийн цэцэрлэгт тулгамааргүй байна. Хоёр хүүхдээ хараад гэртээ суух ямар ч боломжгүй. Би төсвийн байгууллагад ажилладаг болохоор чөлөө авах чинь ажлаас гарч байгаагаас ялгаагүй. Ямар дарга “Та хүүхдээ долоо хоног гэртээ хараад дараагийн долоо хоног нь ирж ажиллаж байгаарай” гэж хэлэх вэ дээ. Тэр ажиллаагүй хоногууд цалингүй гэхээр өвдөх ч эрхгүй ажилладаг надад хэцүү шүү дээ.
Цар тахал дөнгөж тархаад байгаа биш. Өнгөрсөн хоёр жил л бид цар тахалтай хэрхэн зохицож амьдрах тухай их л ярилаа. Гадаадын хэвлэлүүдээс харж байхад цэцэрлэг сургуулийн ажлыг аль болох хорихгүйгээр шийдэн хэвийн үйл ажиллагааг нь хангаж байгаа талаарх мэдээллийг зөндөө л харлаа.
Төрийн удирдлагууд цар тахалтай холбоотой асуудал дээр чиглэл өглөө л гэх юм. Өгсөн чиглэл нь амьдралд хөрсөн дээр хэрхэн бууж байгааг мэддэг болов уу гэж эргэлзмээр шүү. Бага насны хүүхдүүд бүгд л вакцин хийлгээгүй эрсдэлтэй байгааг ойлгож байгаа. Яагаад өнөөдрийг хүртэл цар тахалтай хөл зэрэгцэн амьдрах, ажиллах төлөвлөгөөг ард иргэдэд тээргүйгээр гаргаж болдоггүй юм бэ.
Одоо надад том хүүг хичээлтэй өдрүүдэд бага хүүгийнхээ идэж уух зүйлийг ширээн дээр өрөөд, аюулгүй байдлыг нь хангаад зурагтаа асаагаад хүүхэлдэйн суваг дээр тааруулж орхиод өглөө эрт ажилдаа явахаас өөр сонголт үлдсэнгүй” хэмээн ярьсан юм.
Жилийн жилд цэцэрлэгийн хүүхдийг бүрэн хамруулж цоожтой хаалганы цаана хүүхэд үлдээхгүй чиглэл өгдөг төр засаг гаргасан шийдвэрээ эргэн нэг харна биз ээ.