Дүрслэх урлагийн нэг төрөл уран баримал нь бидэнд аливаа зүйлийг гурван хэмжээсээр буюу олон талаас нь бодитоор харах боломжийг олгодог урлагийн бүтээл билээ. Бид “Хөрөг” буландаа залуу эмэгтэй уран барималч Э.Жаргалыг урьж ярилцлаа.
-Өөрийгөө товч танилцуулахгүй юу?
-Намайг Энхбаярын Жаргал гэдэг. Уран барималч мэргэжилтэй. Мэргэжлээрээ ажиллаад долоон жил болж байна. СУИС-ийн С.Бадрал багшийн урланд уран баримлаар 2014 онд төгссөн.
-Багадаа ямар хүүхэд байв. Хүүхэд байхаасаа л урлагтай ойр өссөн үү?
-Багаасаа би унтахдаа л хажуудаа үзэг, цаас бал, харандаа тавиад унтдаг хүүхэд байсан. Сэрэхдээ л юм зурдаг. Эмээ дээл хийдэг, ээж юм оёдог, миний бага нас даавууны өөдөс, цаас, харандаатай өнгөрсөн. Олон хүүхэлдэй, барбитай, түүндээ янз бүрийн хувцас оёж өгөөд л. Би багаасаа 16 хүртлээ хувцас загвараар явсан. Өөртөө их итгэлтэй би дизайнер болно гээд.
-Дизайнер болно гэж шийдсэн байсан хүн хэрхэн уран баримал руу урвасан юм бэ?
-Яг төгсөхийнхөө өмнө талбай дээр явж байгаад Хүүхдийн урлан бүтээх төвийн баримлын ангийн үзэсгэлэнг үзээд баримлын дугуйланд ороод шууд барималч болохоор шийдсэн. Юун загвар, хаяад шууд барималч болсон. Би ер нь зөвхөн баримлаа хийгээд явж чаддаггүй. Хажуугаар нь зураг зураач байнга өөрийгөө хөгжүүлэхээр эрэлхийлж байна. Тэгж байгаад шивээс сонирхоод сураад бие даагаад жижигхэн салонтой явж байгаа.
-Одоо ямар баримал урлаж байна?
-Одоо нэг Грекийн хатан Нефертитит хийж байна. Гэхдээ жаахан хэтрүүлэгтэй баримал дээр ажиллаж байна. Төгсөөд таван жил дан хөрөг хийсэн. Миний өөрийн зорилго бол юм болгон дээр гацаж түгдрэх бэрхшээлгүй өөрийгөө чөлөөтэй хөгжүүлэхийг хүсэж эрмэлзэж явж байгаа.
-Уран баримал хэрхэн бүтдэг вэ?
-Баримал хийхэд бид гараа хөдөлгөөд байгаа юм шиг харагддаг ч яг үнэндээ толгойгоо ажиллуулдаг. Хөрөг баримал хийхэд донж нь тодорхой байх юм бол хурдан дуусна. Манай мэргэжил чинь их буянтай. Бид хүнд сэтгэлээсээ аз жаргал бэлэглэж байгаа. Өвөл нэг хүүхдийн баримал хийсэн хүн нь хөргөө хараад эрэгтэй хүн чинь нүдэнд нь нулимс цийлгэнэн арагшаа хараад нулимсаа арчаад хоолой нь зангирахад хэцүү мөртлөө жаахан мэргэжлээрээ бахархдаг юм билээ.
-Хүмүүст урласан бүтээлээ хүлээлгэж өгөх мөч хамгийн гоё байх?
-Тийм шүү. Ихэвчлэн би чинь хүмүүсийн аав, ээж гээд дадаа дотнын хүмүүсийг нь хийж өгнө. Их баярлана. Амьдрал тэр чигтээ дурсамж, дандаа аз жаргалтай дурсамж өөртөө үлдээж байгаа.
-Урлаг удам дагадаг гэдэг дээ?
– Өвөөгийн талынхан их уран хүмүүс байсан гэж ярьдаг юм билээ.
Би айлын том эхээс дөрвүүлээ. Манай гэрийнхэн намайг их сайн ойлгоно. Гэртээ ганцаараа урлагийн хүн болохоор жаахан өөр санагддаг юм шиг байсан. Ойлгоод л явна.
Багаас аав, ээж хоёр намайг миний хүссэн бүх дугуйланд явуулж байсан. Мишээл агентлагт явж байсан, би чинь хөтлөгчийн үнэмлэхтэй. Бүжиг, жүжиг гээд явья гэсэн бүх зүйлд явуулж байсан. Бүүр бүжгийн хамтлагтай ч байж үзсэн. Тэгээд л эцэст нь баримлаа л сонгосон. Тэгээд би өдий хүртэл өөрийнхөө сонгосон мэргэжилд нэг ч удаа харамсаж үзээгүй байх л даа.
Хүн агаараар амьсгалдаг шүү дээ, би ажлаараа л амьсгалдаг.
-Өөрийн тань урласан баримал нийслэлд байдаг уу?
Яг төгсөхөд Улаанбаатар уран баримлын фестивальд 10 баримал тэнцсэнээс миний хоёр баримал тэнцсэн. Нэг нь нэгдүгээр курсийн хамгийн анхны зохиомж. Би анх хүнд дурлаад үерхээд явж байхдаа тэр сэтгэлээрээ хийсэн баримал байдаг. Би бас дөрөвдүгээр курсдээ нэг хүнд дурлаад түүгээрээ дипломынхоо скизийг хийсэн нь тэнцсэн. Миний сургуулийн эхлэл, төгсгөл хоёр тэнцээд тэрийгээ төгсөөд хийсэн. Нэг нь Фонтам дээр нөгөө нь Арслантай гүүрний тэнд байдаг.
-Баримал эмэгтэй хүнд амар төрөл биш юм шиг санагддаг. Шантрах үе байв уу?
-Миний бодлоор би өөртэйгөө өрсөлддөг. Баримлын мэргэжил хүнд, дандаа эршүүд ажилтай холбогдоно. Мэдэхгүй, уйлаад янз бүрийн зүйл л болдог байсан. Шарандаа шантрах бодол төрөхгүй долоон жил явж байна.
Хүн дуртай зүйлдээ чин сэтгэлээрээ орсон бол чамд ямар ч бэрхшээл тохиолдсон ухарч, шантрах гарч ирдэггүй. Хүн дурлахаар огшдог шүү дээ. Насны ханиа олсон гэдэг шиг би мэргэжлээ насны ганц минь хайр гэж боддог.