Хүндийг өргөлтийн ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг. Монголын хүндийг өргөлтийн спортын түүхэнд анхны тодотгол бүхий олон, олон амжилтын эзэн тэрбээр өчигдөр олимпод хүч сорьж бас нэгэн түүхэн амжилтын эзэн болсон.
Олимпын хүндийн өргөлтын -87 кг-ийн төрөлд Монгол Улсын Гавьяат тамирчин М.Анхцэцэг огцом өргөлтийн хоёр дахь оролдлогоороо 110 кг өргөж, тун сайн эхлэлийг тавьсан. Гурав дахь оролдлогоороо 112 кг-ийг өргөсөн боловч техник буруу байсан гэх шалтгаанаар хүчингүйд тооцсон. Түлхэлттэй өргөлтийн төрөлд М.Анхцэцэг эхний оролдлогоороо 140 кг өргөж, нийлбэр жингээрээ хэсгээ тэргүүлсэн. Гэвч Хятад(270 кг), Экуадор(263 кг), Доминиканы (256 кг) тамирчид түүний захиалгыг давуулан өргөж, алт, мөнгө, хүрэл медалийн болзол хангасан. Манай тамирчны гурав дахь оролдлого 147 кг байсан бөгөөд хэрэв тэрбээр амжилттай өргөсөн бол нийлбэр жин нь 257 кг болж, Доминиканы тамирчинг ардаа оруулах байсан юм.
Монголын хүндийн өргөлтийн тамирчдаас анх удаа М.Анхцэцэг олимпын дөрөвдүгээр байрт шалгарч, спортын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нэмлээ.
Токиогийн олимпод дөрөвдүгээр байр эзэлсэн МУГТ М.Анхцэцэг
“Сэтгэгдэл маш өндөр байна. Цар тахалтай дэлхий нийтээрээ тэмцэж байгаа энэ цаг үед зохион байгуулагдаж байгаа олимп маш өндөр зэрэглэлд болж байгаа. Тамирчид дандаа карентинд бэлтгэлээ хийсэн. Дэлхийн өнцөг булан бүрд гэртээ, гражинд бэлтгэл хийсэн тамирчид тал бүрээс ирж оролцсон. Миний хувьд илүү том зорилготой ирсэн. Гэхдээ надад хамгийн гоё санагдсан зүйл нь Монголчууд та бүхний хүлээж авч байгаа сэтгэгдэл. Би медалиас мултарсан гээд уйлмаар байвч надад өгч байгаа урам намайг өшөө цааш нь илүү амжилтад хөтөлж, магадгүй Парисын олимпоор төрийн далбаа биш, төрийн дууллаа эгшиглүүлэх том урам зориг болж байна. Маш их баярлалаа. Дэмжсэнд. Үзэгч байхгүй, дэмжлэг байхгүй бол спорт байхгүй. Нэг тамирчны ард маш олон хүн, маш олон байгууллага байдаг. Намайг төрөхөд эх барьж авсан эмчээс эхлээд өнөөдрийг хүртэл магадгүй замд таараад өнгөрөхдөө урмыг үг хэлсэн хүн бүр энэ амжилтад хүрэх нэг шат, гишгүүр болсон. Тэр бүх хүн өнөөдөр миний бүтээсэн би гэдэг хүний нэг шат, гишгүүр нь болж ирсэн гэж боддог. Хамгийн түрүүнд төрүүлж өсгөсөн аав ээждээ, дэмждэг гэр бүлийнхэндээ, хамгийн хайртай багшдаа, миний өнөөдрийн энэ амжилт бүтээсэн Ц. Хосбаяр багшдаа маш их баярлалаа. Өөрийнхөө хүүхэд шигээ хайрлаж, бараг л өсгөлөө. Анх 13 настай байхдаа багш дээрээ ирсэн. Мэдээж аав ээж маань байсан ч гэсэн бид тамирчин учраас байнга байрлаж, бэлтгэл сургуулилтаа хийдэг байсан. Жирэмсэн болоод төрсөн нэг жилийн хугацааг эс тооцвол сүүлийн долоон жил багштайгаа хамт байсан. Энэ хугацаанд хамгийн их намайг мэдэрч, хэн хүнээс илүү ойлгодог тандаа баярлалаа. Заавал Олимпын аварга болж, таныхаа хүсэл зорилгыг үргэлжлүүлж, хүндийн өргөлтийн спортоор олон жил хичээллэсэн, үе үеийн бүх тамирчдынхаа хүсэл мөрөөдлийг охин нь биелүүлнэ гэж амлаж байна. Энэ хүртэлх хугацаанд сүүлийн таван жил намайг ойлгож дэмждэг, хэдий хүний эхнэр ч гэртээ байж үзээгүй шахуу намайг өдий болтол ойлгож, дэмжиж, хайрлаж, байнга хамт байсаар ирсэн чамдаа маш их баярлалаа. Хайртай шүү. Хүндийн өргөлтийн холбоог тусалж дэмждэг бүх хүмүүст маш их баярлалаа. Өндөр хүлээлттэйгээр хүлээж байсан бүх хүмүүсээсээ уучлалт гуйж байна. Нэг зүйлийг залруулахад манай хүүхэд дөрвөн сартай биш 10 сард гурван нас хүрнэ. Дөрвөн сартайдаа Олимпын эрх цуглуулах анхны тэмцээнд оролцож эхэлсэн.
Олимпын тосгонд улсаа төлөөлөөд Монгол Улсын төрийн далбааг дэлхий даяар таниулах гээд ирсэн 43 тамирчин маань бүгдээрээ эрхээ зовж, хөдөлмөрлөж олж авсан юм шүү. Тамирчин хүнд медаль авахаас илүү ард түмний өгч байгаа сэтгэлийн дэм, урам, эерэг сэтгэгдлүүд үнэхээр чухал байдаг. Токиогийн олимпыг Риогийн олимптой харьцуулбал илүү нягт, бид өөрсдийгөө маш сайн хамгаалах хэрэгтэй болсон. Би өвдвөл баг өвдөнө. Монголын нийт ард түмэндээ чин сэтгэлээсээ маш их баярлалаа. Тусалж дэмжсээр ирсэн хүмүүстээ маш их баярлалаа. Та нарынхаа ачийг Парисаас алтан медаль авч хариулах болно” хэмээн олимпын хотхоноос сэтгэгдлээ хуваалцсан юм.