Соёлын яамны төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэгээр ахлуулсан ажлын хэсэг Богд хааны ордон музейд ажиллажээ. Бүгд найрамдах Энэтхэг улсын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр хийгдэх Богд хааны ордон музейн Олон бурхдын сүм, Найдан, Лавиран сүмдийн сэргээн засварлах үйл ажиллагаатай холбогдуулан Соёлын яамны төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг, Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн, Стратеги бодлого төлөвлөлтийн дарга Л.Мөнхбат нар ирж, сэргээн засварлах нэн шаардлагатай байгаа сүмүүдтэй танилцаж Богд Хааны Ордон музейгээс хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн томоохон ажлуудыг дэмжиж ажиллахаа хэллээ.
Богд хааны ордон музей нь Монголын сүүлчийн хаан VIII Богд Жавзандамба хутагтын Ногоон ордонд байрлах музейн цогцолбор юм. 1924 онд байгуулагдсан Монгол Улсын ууган бөгөөд хамгийн баялаг сан хөмрөг бүхий музейн нэг. Тус музейг 1926 оны Засгийн газрын тогтоолоор Богд хааны Өвлийн ордонд шилжүүлэн байрлуулж, уг ордонд байсан түүх, соёл урлагийн зүйл, бурхан тахил, угсаатны зүйн эд өлөг, төрөл бүрийн амьтны чихмэл дүрс зэргийг музейн үзмэртэй нэгтгэснээр уг музейн үндэс суурь буй болжээ. 1954 оноос Улсын төв музейн харьяа болж байгаад 1961 онд бие даасан музейн статустай болсон аж. Богд хааны ордон музей нь Найдан сүм, Махранзын сүм, Номын сангийн сүм тэргүүтэй долоон сүм, Өвлийн ордон, Амгалан энхийн хаалга, Сэрүүн асар зэрэг 20 шахам байгууламжаас бүрдсэн цогцолбор юм. Музей 8600 гаруй үзмэртэй, жилд 40 мянга гаруй үзэгч хүлээн авдаг. Эдүгээ Соёлын яаманд харьяалагдан үйл ажиллагаагаа явуулж байна.