Даавууны өөдөс ашиглан зүймэл урлалаар төрөл бүрийн бүтээл туурвидаг Монголдоо анхдагч “Монгол гэр” кофе шопыг зорилтот бүлгийн өрх толгойлсон болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хамтран ажиллуулж байна.
Монгол гэр кофе шопын үүсгэн байгуулагч Ц.Сэлэнгэ “Би хуульч, эрх зүйч мэргэжилтэй. Америкт хэлний мэдлэгээ сайжруулах гээд явж байхдаа найзынхаа гэрт байсан орны бүтээлгийг харахад их сонин содон харагдаж байсан. Тухайн улсад хүүхдээ тусад нь гарахад ээж, эмээ нар нь сэтгэлээ шингээж зүймэл урлалаар орны бүтээлэг гэх мэтчилэн төрөл бүрийн зүйл оёж өгдөг. Тэгээд Монголдоо ирчхээд зүймэл урлалаар юм оёж үзэхийг хүссэн ч зориулалтын материал нь үнэтэй байдаг учраас чадаагүй. Тухайн үед яаж Монголын нөхцөл байдалд хийж болох вэ гэж бодоод манайд дээл оёдог хүн, оёдлын газрууд олон байдаг болохоор торгоны өөдсөөр оёж эхэлсэн. Зүймэл урлалын сургалтыг үүсгэн байгуулах үед би өөрөө өрх толгойлсон ээж байсан болохоор хүүхдээ ганцаараа өсгөхөд ямар хүндрэлтэй байдгийг мэддэг. Тиймээс зорилтот бүлгийн бүсгүйчүүдийн өрхийн орлогыг дэмжих чиглэлээр хамтран ажиллаж байгаа. Өнөөдрийг хүртэл 3800 гаруй эмэгтэйчүүдэд зүймэл урлал ашиглан гэртээ, хүүхдүүдээ зориулан бүтээл урлахыг заасан байна” гэлээ.
Тэдний гол үйлчлүүлэгч харилцагч нь жуулчид байсан юм. Харин цар тахлын улмаас үйлчлүүлэгч цөөрсөн тул үйл ажиллагаагаа өргөжүүлж Монгол ахуйг харуулсан, дахин давтагдахгүйгээр урласан зүймэл урлагийн бүтээлүүдийг харангаа тухлан суух боломжтой кофе шопыг нээсэн байна.
Энэхүү кофе шоп нь баруун дөрвөн зам, “Өгөөж чихэр боов” ХХК үйлдвэрийн чанх урд байрладаг.