Монгол Улсад анх удаа НАӨТ-ын цахим бүртгэлийн Их өгөгдөл ашиглан КОВИД-19 цар тахал дэгдсэн 2020 оны өрхийн зарлага, ядуурал, өрхийн тэгш бус байдлыг судалжээ.
Судалгааг хийхэд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газар, Бангкок дахь Бүсийн төв, МУИС-ийн судлаачид, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн мэдээллийн шинжээчид хамтран судалгааны нэг баг болж ажилласан байна.
Өрхийн нийгэм, эдийн засгийн 2018 оны судалгааны түүвэрт орсон өрхүүдийн мэдээллээс үзэхэд 2020 онд Улаанбаатар хотын (нийслэл) нийт өрхийн 80.2 хувь нь Е-баримт аппликейшн ашиглаж, төлбөрийн баримтаа уг системд бүртгүүлжээ.
Зураг 1. НӨАТ-ын цахим төлбөрийн бүртгэлийн Е-баримт системд хамрагдалт
Эх сурвалж: ҮСХ
НӨАТ-ын цахим бүртгэлийн системээр дамжуулан зөвхөн өрхийн хэрэглээнд суурилан энэхүү судалгааг хийсэн бөгөөд бүх өрх, бүх баримтаа бүртгүүлж байгааг тогтоох боломжгүй тул цаашид тусгайлан судлах шаардлагатай хэмээн үзжээ.
Ийнхүү судлаад 2020 онд өрхүүдийн зарлага өссөн бөгөөд ядуурлын түвшин 4.8 пунктээр буурсан хэмээн ҮСХ дүгнэжээ. Ялангуяа, хөл хорио тогтоосон 1, 4 дүгээр улиралд өрхийн хэрэглээ улсын хэмжээнд буурсан байна.
Коронавирусийн цар тахлын үед зарлага буурч, ядуурлын түвшин тодорхой хэмжээд доошилсныг Засгийн газраас авч хэрэгжүүлсэн хэд хэдэн удаагийн багц арга хэмжээнүүдийн нөлөө хэмээн үзсэн байна. Тэрхүү арга хэмжээнүүд нь эдийн засагт нэн шаардлагатай амь тариа болж байсан хэдий ч улсын гадаад өрийн дарамтыг улам бүр нэмэгдүүлж өрийн тогтворгүй байдал руу илүүтэй түлхэн оруулж байгааг судалгаанд дурджээ.
Тухайлбал, КОВИД-19 цар тахлын хямралын үед нийгмийн хамгааллын хөтөлбөрийн 80 орчим хувь нь хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлэхэд зориулагджээ.
Зураг 2. 2020 онд нийгмийн хамгаалалд зарцуулах нийт зардлын дүн
Эх сурвалж: ҮСХ
Хүн амын жилийн дундаж зарлага 2020 онд зэрэгцүүлэх үнээр 3% өссөн нь эерэг өөрчлөлт мэт боловч 2019 оны жилийн дундаж зарлагын өсөлт 10% байсантай зэрэгцүүлбэл нэлээд бага хэвээр байна.
2020 оны хоёрдугаар сард Цагаан сарын үеэр хөл хорио тогтоосон хэдий ч 2019 оны хоёрдугаар сарын мөн үетэй харьцуулахад 13% өссөн байна. Гэхдээ гуравдугаар сард нь дундаж зарлага 2019 оныхоосоо 9% буурсан нь хөл хорионы нөлөө гэж үзжээ.
Зураг 3. Өрхийн зарлагын өөрчлөлтийн чиг хандлага, сараар, 2018-2020
Эх сурвалж: ҮСХ
Цар тахалтай холбоотойгоор эдийн засгийн үйл ажиллагаа ерөнхийдөө суларсан ч хүн амын хэрэглээг өмнөх жилийнхтэй харьцуулахад 2020 оны хатуу хөл хорио тогтоосон цөөхөн саруудад л буурчээ.
Өрхийн зарлагыг хүүхдийн тоотой нь харьцуулан судалснаас үзвэл хүүхдийн тоо олон байх тусам нэг хүнд ногдох зарлага бага байсан бол хүүхэдгүй өрхийн нэг хүнд ногдох зарлага хамгийн өндөр байна. Тухайлбал
- нэг хүүхэдтэй өрхийн нэг хүнд ногдох зарлага сард 250-300 мянган төгрөг байгаа бол
- дөрөв ба түүнээс дээш тооны хүүхэдтэй өрхийн нэг хүнд ногдох зарлага сард 100-200 мянган төгрөг болж хэлбэлзэж байжээ.
Зураг 4. Өрхийн зарлага, хүүхдийн тоогоор
Эх сурвалж: ҮСХ
Хүн амыг хэрэглээний түвшингээр нь таван тэнцүү бүлэгт хувааж дүн шинжилгээ хийж үзэхэд хамгийн ядуу хорин хувийнх нь хэрэглээнд цар тахлын хямрал онцгой нөлөөлжээ. Хатуу хөл хорио эдгээр таван бүлгийн хэрэглээнд хүчтэй нөлөө үзүүлсэн байна. Тухайлбал
- Эхний хөл хорио (1-3 дугаар сар) нь хамгийн ядуу хоёр бүлгийн айл өрхүүдэд илүү хүндээр туссан бол
- Хоёр дахь удаагийн хөл хорио (11-12 дугаар сар)-ны үед эдгээр бүлгүүдийн зарлага мэдэгдэхүйц буурсан хэвээр байсан хэдий ч гурав, дөрөв дэх бүлгийнхтэй харьцуулахад харьцангуй бага хэмжээгээр буурсан байна.
Ерөнхийдөө, хоёр дахь удаагийн хөл хорио нь нийт хүн амын зарлагад эхний хөл хорионы үеийнхээс илүү хүнд туссан бөгөөд нийгмийн халамжийн дэмжлэгийг нэмэгдүүлээгүй байсан бол ядуу өрхүүдэд илүү хүнд тусахаар байсан ажээ.
Хот суурин газрын хүн амын өрхийн хэрэглээ ялангуяа хөл хорио тогтоосон хугацаануудад буурсан бол, хөдөө орон нутгийн хүн амын өрхийн хэрэглээнд цар тахлын хямралын нөлөө оны эхний хагаст илүү ихээр нөлөөлсөн нь мал аж ахуйгаас гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспорт хязгаарлагдсанаас шалтгаалсан байж болзошгүй гэж үзсэн байна.
Судалгаанд дүгнэснээр:
- НӨАТ-ын Их өгөгдлийн түүврийг ашиглан тооцсон ядуурлын түвшин 2018 онд 56.6 хувь байсан бол 2019 онд 49.4 хувь, 2020 онд 44.6 хувь болж буурсан байна.
- 2020 онд эдийн засгийн томоохон хямрал тохиож байсан хэдий ч хүн амын ядуурал тодорхой хэмжээгээр буурсан бөгөөд энэ нь Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн нийгмийн хамгааллын арга хэмжээ, мөн эртнээс авч хэрэгжүүлж ирсэн нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой байж болох юм.
- Тэгш бус байдлыг илэрхийлдэг Жини коэффициент, Тейлийн индекс, Палма харьцаагаар тооцсон тэгш бус байдал 2020 онд мөн тодорхой хэмжээгээр буурсан байна. Тухайлбал, Их өгөгдлийн түүврээр тооцсон Жини коэффициент (өрхийн судалгаанд тооцсоноос өндөр) 2018 онд 0.474, 2019 онд 0.445, 2020 онд 0.419 байна.
- Зарлагын тэгш бус байдал буурсан байж болох ч орлогын тэгш бус байдал нэмэгдсэн байх магадлал бий.
Судалгааг ЭНД дарж дэлгэрэнгүй үзнэ үү.