Бид “Гашуун яриа” нэвтрүүлгийнхээ эхний дугаарыг үзэгч танд хүргэж байна. Нэвтрүүлгийн зочноор О.Осоржамаа оролцсон юм. “Хүүхэд байхаасаа айл дамжин мал маллаж явсан болохоор хатуужилтай болсон. Хүмүүс намайг гадуурхаж зодох болгонд эмзэглээд байдаггүй. Гэсэн ч өөрийнхөөрөө амьдарч болдог улс руу явмаар байна” хэмээн ярьж суусан тэрбээр хотод ирж амьдрах болсондоо харамсдаг тухайгаа ярьсан юм. Түүнтэй ярилцсан ярилцлагыг уншигч та хүлээн авна уу.
-Юуны өмнө яриагаа таны хүүхэд наснаас эхлэе гэж бодож байна?
-Миний хүүхэд нас Архангай аймагт өнгөрсөн. Айл дамжин явж мал хариулдаг байлаа. Зарц гэсэн үг л дээ. Тийм болохоор хүүхэд насны сайхан, хөгжилтэй, нандин дурсамжууд байдаггүй. Хонины бэлчээр дээр ганцаараа яриад сууж байдаг хүүхэд байсан. Ихэвчлэн ахмад настай айлд очдог байсан учраас хүний үг сонсож, хүндэлж сурсан. Мөн хүний амьдралын жаргал зовлонг ойлгоно. Харин хүний зовлонгоор жаргал хийхийг мэдэхгүй. Ийм зүйлийг л бага наснаасаа эхлэн сурсан гэж боддог.
-Хотод хэзээ, ямар зорилгоор орж ирсэн бэ?
-Үргэлж айлаар мал хариулаад явалтай нь биш, ажил хийж өөрийн гэсэн гэр оронтой болох зорилготой хотод орж ирсэн. Дөнгөж орж ирээд орцоор л хоног төөрүүлдэг байлаа. Тухайн үед орцнууд цоожтой, хамгаалагчид нь хөөгөөд л гаргана. Хөөгдөж гарчхаад Хархорингийн “архичидтай” нийлж өөрийгөө архиар угжсан маягтай байсан. Ингээд Хархорин дээр хуушуур зарж эхэлсэн юм. 80 хуушуур зарлаа гэхэд 10 мянган төгрөг, 100 хуушуур зарлаа гэхэд 15 мянган төгрөг олдог байлаа.
-Өөрийнхөө амьдралд тохиолдож байсан бүтэлгүй түүхээсээ хуваалцаач?
-Хуушуур зардаг байхад л даа. 100 хуушуур зарчихсан, дээрээс нь хүмүүс бонус мөнгө гэж өгөөд л 40-50 мянган төгрөгтэй болчихсон их баяртай байлаа. Ажлаасаа буугаад тооцоогоо хийж байхдаа нөгөө бонус мөнгөө авалгүй тэр чигт нь ажил олгогчдоо өгчихсөн байсан. Тэр хүнд учир байдлаа хэлээд, “Хүмүүс надад өгсөн мөнгө” гэж тайлбарлахад, “Анхнаасаа чи нуух ёстой байсан” гээд л миний мөнгийг хураагаад авчихсан юм. Тэгэхэд үнэхээр их харамсаж билээ. Энэ мэтчилэн намайг элэг баридаг хүмүүс мундахгүй. Гэртээ сууж байхад хүүхдүүдээ дагуулсан жирэмсэн эгч шууд орж ирээд л тамхи өгөхийг шаарддаг. Мөн би утсаа дөрвөн удаа дээрэмдүүлж байсан. Намайг дээрэмдэж дарамтлахгүй хүн Монголд байхгүй дээ. Энэ нэг юмыг яасан ч яадаг юм гэж боддог байх. Цагдаа нар ч тоодоггүй. Дээрэмдүүлж зодуулаад цусандаа хутгалдан явж байсан үе надад олон бий. Хүн гишгэсэн мөрөө эргэж харж байх ёстой шүү дээ. Одоо би өөрийн гэр орон, унаатай болчихсон. Гэсэн ч өнгөрсөн зүйлсүүдэд хааяа харамсдаг.
-Хотод ирж амьдарсандаа харамсдаг гэсэн үг үү?
-Жаахан харамсдаг. Тэр үед би яах гэж ч хотод орж ирсэн юм. Гэхдээ харамслаа гээд яах вэ дээ. Үргэлж айлын хонь мал хариулаад хүний зарц боол болоод насан туршдаа яваад байлтай нь биш дээ. Одоо бол өөрийнхөө гэрт, галзуурах үедээ галзуурна, сагсуурна. Хашаандаа гараад орилчихно. Ядаж хувийн орон зайтай болсон. Өөрийнхөөрөө байна гэдэг сайхан.
-Та өөрийнхөөрөө байх гээд байдаг. Нийгэм харин таныг хавчаад байна шүү дээ. Энэ тал дээр ямар байх суурьтай байна вэ? Их эмзэглэдэг байх?
-Яг тийм. Би гайхдаг л даа. Нийгэм яагаад өөрийнхөөрөө л байгаа намайг хүлээж авахгүй байгаа юм бол гээд. Бид нэг агаараар амьсгалж, нэг дэлхий дээр амьдарч байгаа шүү дээ. Үнэндээ би өөрийнхөөрөө байж болдог улс руу явмаар байна. Гэсэн ч явж чаддаггүй. Ямар бичиг баримт цуглуулахаа мэддэггүй.
Харин би эмзэглэх гэдгийг нэг их сайн ойлгодоггүй. Яагаад гэвэл багаасаа хатуужилтай өсчихсөн. Хүний жаргал зовлонг мэднэ. Хүний зовлонгоор жаргал хийхийг мэдэхгүй. Би зодуулсан үедээ ч юм уу, хэцүү санагдах үедээ 20 минут бүжиглэнэ ээ. Сагсуурч байгаад, амьдрал угаасаа гоё, амттай шүү дээ. Хатуужилтай байя гээд өөртэйгээ л ярьдаг.
-Хүмүүс таны хүйсийн чиг хандлагыг тодорхойлох гэж оролдож байна. Нэг хэсэг эмэгтэй хувцас өмсөөд, хиймэл үс зүүгээд явж байсан. Мөн таны нүүрээ будаад байдаг нь олны шүүмжлэлийг дагуулаад байх шиг. Энэ талаар тайлбарлаач?
-Сонгуулийн үе байсан. Пэйж хөгжүүлэх ажил хийгээд явж байх замдаа зодуулчихсан л даа. Надад 300 мянган төгрөг өгсөн. Лайваараа сурталчилгаа хийн амьдралаа залгуулж байгаа. Анх лайв хийж пост тавихдаа 500 орчим мянгаар тавьсан юм.
Муугаар хэлээд байгаа хүмүүст заавал шалтгаанаа хэлээд нүүрээ будах албагүй. Зүгээр миний сонирхол. Хүйсийн чиг хандлагын хувьд би хэвийн. Оюутан байхдаа хоёр гурван охинтой үерхэж байсан. Анх үерхэж байсан охин маань, “Би жирэмсэн болсон” гээд байраар нэг жирэмснээ гайхуулаад байсан. Үнэн худлыг нь мэдэхгүй. Удахгүй салсан.
-Ямар эмэгтэй таны сэтгэлийг татдаг вэ? гэр бүл зохиох төлөвлөгөө бий юу?
Зүс царай үнэндээ хамаагүй шүү дээ. Сэтгэл сайхан байхад болно. Одоохондоо бодсон юм алга байна. Өөрийгөө яая гэж байж дэргэдээ бас нэг арзайсан юм авчихвал бүр хоёр арзайсан юм болно. Өөрийн гэсэн хашаатай болоод бор гэрээ барьсны дараа айлын охиныг авч сууна.
-Хүсч мөрөөддөг амьдралынхаа тухай хуваалцаач?
Би элэг бүтэн амьдралтай байсан ч болоосой гэж хүсдэг. Эцэг эх, хамаатан садан гээд миний талд байх хүн байсан бол би үүнээс дээр амьдрах байсан. Хүн намайг ядаж л дээрэлхэхгүй, зодож нүдэхгүй, харааж ерөөхгүй шүү дээ. Ядаж л миний замыг зөв заагаад өгөх байсан даа гэж боддог.
Нутгийнхнаасаа асуухад, аав чинь шоронгоосоо гарсан. Өөр хүүхэдтэй эмэгтэйтэй суусан гэж ярьж байсан. Ээж чинь ч гэсэн амьд байгаа шүү гээд хөдөө байхад сонсогдсон. Аав ээжтэйгээ одоо уулзвал эвгүй л болох байх. Өөрийн эрхгүй нулимс гарах байх. Анх удаа уулзаж байгаа юм чинь, багаасаа харж байгаагүй шүү дээ. Аав ээжтэйгээ уулзахыг хүсч байна. Үргэлж л хүсдэг дээ. Сураг гарах байлгүй гээд хүлээж сууна.