Цар тахлаас үүдэн гадаадын аялал жуучлал зогсонги байдалд орж дотооддоо аялах хүмүүсийн тоо 2-3 дахин нэмэгджээ. Үүнтэй холбоотой аялагчдад бие засах газар болон хог хаях, замын тэмдэглэгээ гээд маш олон асуудал тулгардаг.
Тэгвэл аялал зохион байгуулдаг хувь хүн болон компаниас дотоодын аяллыг хөгжүүлэхэд ямар асуудал тулгарч байгаа болон цаашид ямар бодлого хэрэгжүүлэхийг хүсэж байгаа талаар асуухад “Газарчин ХХК”-ийн аяллын менежер Н.Билгүүнтөгс “Орон нутагт бүх газарт оторлох цэг байрлуулах хэрэгтэй. Майхан барих газар, хог хаях цэг, шаардлага хангасан нийтийн бие засах газар байгуулахад төрөөс тодорхой зохион байгуулалтыг зайлшгүй хийх шаардлагатай. Аялал зохион байгуулж байхад анхаармаар олон асуудал ажиглагддаг. Жишээлбэл, Улаагчны Хар нуур гэхэд элстэй эмзэг хөрсөн дээр байдаг. Гэтэл хүмүүс машинтайгаа нуурын эрэг дээр тулаад оччихсон таван алхмын зайгүй майхан шигүү барьчихдаг. Ерөнхийдөө яг энэ байдлаараа хоёр, гурван жил явах юм бол тэр нуур байхгүй болно.
Харин хувиараа аялал зохион байгуулдаг хөтөч, орчуулагч Б.Бямбатогтох “Жил ирэх тусам дотоодын аялагчдын тоо нэмэгдэж байна. Аялагч нарт ямар асуудал тулгарч байна вэ гэхлээр замын тэмдэглэгээ ховор эсвэл арилчихсан байдгаас болж гүнзгий гол уруу орж шавар, намагт суух асуудлууд маш их үүсдэг. Тэгэхлээр замын хуучирсан тэмдэглэгээг сэргээх, байршуулах шаардлагатай. Хөдөө орон нутагт аялж байхад хогийн цэгүүд байгаа ч гэсэн хог нь хальчихсан хэн хариуцаж хэзээ цэвэрлэх нь тодорхойгүй байдаг. Энэ асуудлыг шийдэж өгөөсэй гэж хүсэж байна. Байгаль орчин маш их бохирдож байгаагаас болоод нутгийн иргэд хүртэл энэ нөхцөл байдалд дургүйцэж байгаа нь анзаарагдсан.
Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх олон давуу тал бий, аялал жуулчлалын салбараа хямралд оруулахгүй авч үлдэх нөөц бололцоо ч бас бий. Тиймээс байгалийн онгон дагшин байдлыг хадгалж аялал жуучлалыг цаашид хөгжүүлэхийн тулд байгальд ээлтэй, тав тухтай аялах боломж бололцоог бүрдүүлсэн бодлого, шийдвэр хэрэгжүүлэх шаардлагатай байна.