Түүний талаар өгүүлэх нь: Энэ эрийг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын харьяат Цэвэлдоржийн Батболд гэдэг. Эрдэнэт үйлдвэрт 30 дахь жилдээ ажиллаж буй. Эхнэр Ш.Болормаа нь Баяжуулах үйлдвэрийн Дулаан агааржуулалтын албанд ажилладаг. Охин Б.Энхжаргал нь АНУ-ын Майамигийн их сургуульд суралцаж төгссөн. “TomYo” аппликейшныг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлын алба хашдаг болохыг түүний ярианаас мэдсэн юм. Тэрбээр Дархан хотын Политехникумыг Баяжуулалтын техникч мэргэжлээр төгсөөд ГУУЭХЯ-ны томилолтоор Эрдэнэт үйлдвэрт хуваарилагдан Баяжуулах фабрикийн Шүүн хатаах хэсэгт ачигч-оосорлогчоор ажил хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. Хожим Дархан хотын Политехникийн дээд сургуулийг уул уурхайн баяжуулагч инженер мэргэжлээр төгссөн аж. Хилийн цэргийн 0146-р ангийн Адуун-чулууны заставт хоёр жил цэргийн алба хаахдаа заставынхаа байлдааны бэлэн байдлыг хангах нэгдүгээр тасгийн даргаар ахлах түрүүч цолтой ажиллаж байв. Сайдын нэрэмжит шалгалтад тасаг хамт олноо амжилттай удирдан оролцож хилийн цэргийн “Онц буудагч”, Тэргүүний хилчин, “Дайчин” алтан медалиар шагнагдаж явжээ. Дашрамд дурдахад эдүгээ үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнхтэй нэг оны цэрэг бөгөөд хилийн заставт хамт алба хаасан гэнэ. Ахлах түрүүч, бэлтгэл офицер цолтой цэргийн албанаас халагдаад Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикийн Шүүн хатаах хэсэгт хатаагч мэргэжлээр ажилдаа эргэн орсон байна. Хатаагчаар ажиллах хугацаандаа хүрдэн хатаагуурын температурын тохируулгын механизмыг өөрчлөх санал гарган хэрэгжүүлж, тоосжилтын хэмжээг эрс багасгажээ. Мөн хүрдэн хатаагуурын хоолой их бөглөрч сул зогсолт байнга гарч байсныг хийн шугам татах хоолойг хийгээр үлээлгэн онгойлгох болсноор сул зогсолт багасан ажлын бүтээмж сайжирчээ. Энэ үед З.Ганбаатар ахлагчтай хөдөлмөр зохион байгуулалт, урамшууллын бригадад гишүүнээр элсэн ажиллаж Эрдэнэт хотын шилдэг бригадаар гурван удаа шалгарч байв. 1992-2012 он хүртэл тасралтгүй 20 жил ээлжийн мастераар ажиллан хариуцсан ээлжээ нэгдмэл санаа зорилготой шилдэг хамт олон болгосон байна.
2012 онд ахлах мастер болж Шүүн хатаах хэсгийн бүхий л үйл ажиллагааг зөв удирдан зохион байгуулж ажиллаж байна. Ахлах мастер Ц.Батболд ажиллах хугацаандаа Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсгийн даралтат шүүлтүүрүүдийн угсралт, монтаж, цэвэрлэгээний ажил гүйцэтгэхэд ажилчдаа чадварлаг удирдан зохион байгуулж, ашигт ажиллагааг сайжруулах боломжийг байнга хайн, технологийн уян схем зохион, хэсгийн удирдлагуудтай зөвшилцөн үр дүнд хүрчээ. 2012-2015 онд хийгдсэн хуучин тоног төхөөрөмж Зэсийн баяжмал хатаах барабан зуух, утаа сорогч, вакум фильтер, вакум машин, гүүрэн крануудыг буулгаж ашиглалтаас гарган төмрийн хаягдалд өгөх, ажлын байрыг цэвэрлэж тохижуулах ажлыг сайн зохион байгуулжээ. 2005 оноос Эрдэнэт үйлдвэр дээр хэрэгжүүлж эхэлсэн бүтээмж дээшлүүлэх “Эрдэнэт” хөтөлбөрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцон өөрийн хариуцсан “Зохиомж” Бүтээмж чанарын дугуйланг амжилттай удирдан шилдэг дугуйлангийн ахлагчаар дөрвөн удаа шалгарч, нэгдүгээр байр эзлэн “Сингапур” улсад аялах эрхийн бичгээр шагнуулан аялж байв. Одоо Шүүн хатаах хэсгийн Бүтээмж чанарын зургаан дугуйланг ерөнхийд нь хариуцан ажиллаж, олон арван сайн санал, төсөл хэрэгжүүлж байгаа шилдэг удирдагч болой. Тэр Эрдэнэт үйлдвэрийн 100 шилдэг сайн санал гаргагчийн жагсаалтын 32-т бичигдсэн тэргүүний ажилтан юм. Үүнээс гадна тэр өөрийн авьяас чадвар бүтээлч хандлагаараа манлайлагч байж, олон арван шилдэг ажилчид, инженер техникийн ажилтныг бэлтгэсэн тэргүүний сургагч, халамжлан хүмүүжүүлэгч юм. Түүний шавь, инженер техникийн ажилтнууд Эрдэнэт үйлдвэрт болон бусад ижил төстэй уул уурхайн үйлдвэрүүдэд үр бүтээлтэй ажиллаж байна.
Ажлын нэг өдөр: Өглөө 05 цаг 20 минутад боссоноор түүний ажил, амьдралын нэг өдрийн үйл явдал өрнөнө. Улмаар, үйлдвэрийн ажилчдын 06:30-ын автобусаар ажилдаа ирэх ажгуу. Ажлын хувцсаа өмсөөд зэс молибдены өтгөрүүлэгчийн ачаалал, булингын түвшин, хөөсрөлт, халиа цэвэр эсэхэд дүгнэлт хийж, зохих арга хэмжээ авснаар түүний ажлын нэг өдөр эхлэв. Тэндээс хэсэг рүүгээ явж бүх ажлын байранд үзлэг шалгалт хийн, шөнийн ээлж цэвэрлэгээ үйлчилгээ хэр хийгдсэн, эвдэрсэн тоног төхөөрөмж байгаа эсэх, засварт тоног төхөөрөмжийг хэрхэн бэлтгэсэн, технологийн процесс хэр явагдаж буйг шалган зөрчил дутагдлыг арилгуулдаг аж. Зэс-молибдены баяжмалын уут, шүүлтүүрийн цацны үлдэгдэл, паддон зэргийг нэг бүрчлэн тоолж, том хар дэвтэр дээрээ бичиж аваад 07:20 цагт ШХХ-ийн ИТА-ын шуурхайд суун ажлын явц, тоног төхөөрөмжийн үйл ажиллагаа, авах арга хэмжээний тухай ярилцан, өдрөөр ажилладаг ажилтнуудад бичгээр ажлын даалгавар өгөв. Дараа нь молбидены баяжмалын тоог оператораас авч тооцоо хийн үйлдвэрийн удирдах ажилтнуудад мэдээлэл хүргүүлсэн юм. Үүний дараа ажлын байраар явж үзлэг хийхдээ зөрчил дутагдлыг газар дээр нь очиж ээлжийн мастерт заан өгч арилгуулах арга хэмжээ авдаг хэмээн надад тайлбарлалаа. Мөнхүү дэгээ, ган татлагыг шалган, элэгдэж гэмтсэнийг солиулсан. Баяжмал савлах уутыг Чанар хяналтын мастер, даргыг дуудан хамтран оосор бүч, уутны тойрог, багтаамж даацын хэмжээ, ачаа даах чадварыг туршилт хийн тусгай зориулалтын багажаар шалган үзэх аж.
Тэрбээр үдийн цайнд 30-40 минут орсон. 13:00 цагт Механикуудын шуурхайд өглөөнөөс үд хүртэл хэсгийнхээ хэрхэн яаж ажиллаж байгаа, тоног төхөөрөмжийн ажиллагаа, авч буй арга хэмжээний тухай ярилцав. 13:20 цагаас эхлэн үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагааны явцыг дахин дахин шалгах. Энэ үеэр ирсэн саван бээлий, маскийг ээлж албадад тарааж өглөө. Хэсгийн хана, үндсэн баганууд, металл хийцэд наалдсан бохирдсон зүйлийг цэвэрлүүлж, машин захиалан хог ачих ажил үргэлжлэв. 16:40-17:10 цагт автобусаар ажлаасаа буун гэртээ харих хүртэлх түүний нэг өдрийн ажлын гүйцэтгэлийг тоймлоход ийм. Үүнээс хойш таван цагийн зайтай оройн 22:20 хүртэл үйлдвэрлэлийн технологийн процесс, тоног төхөөрөмжийн үйл ажиллагааны мэдээ авч хэрхэн яаж ажиллах талаар зөвлөгөө өгдөг гэнэ.
Хагас сайн өдөр бүр жижүүр хийж өглөө 06:30-12:00 цаг хүртэл хэсэг дээрээ ажилладаг аж. Хэсгийн дарга нь бүтэн сайнд голдуу жижүүр хийнэ. Шаардлага гарвал шөнө орой, хагас, бүтэн сайн өдөр гэхгүй дуудлагаар ирж ажиллана. Утсаа унтрааж, салгаж болохгүй хариуцлагатай алба хашдаг болохыг Ц.Батболд мастерын нэг өдрийн ажлын гүйцэтгэл харуулах шиг болов. Тэр баяр ёслол, амралтын өдрүүдэд ч жижүүрийн үүрэг гүйцэтгэнэ. 1989 оноос өнөөг хүртэл Эрдэнэт үйлдвэрт ажилласан тэрбээр үйлдвэрлэлийн маань дасал болсон ажил, танил болсон үнэр сайхан шүү, гэж хошигнох. Эрдэнэт үйлдвэрийн 2020 оны Хөдөлмөрийн аварга, ахлах мастер Ц.Батболдын тухай товч өгүүлэхэд ийм буюу. “Ачигч- оосорлогч, ээлжийн болон ахлах мастерын алба хашиж ирэхдээ сэтгэл хоёрдон гуньж гутарч явсан өдөр надад байхгүй. Яагаад гэвэл би мэргэжилдээ хайртай тул хийж буй ажилдаа сэтгэл ханамжтай явдаг. Тиймээс их зүйл бүтээж, өөрөөс шалтгаалах бүхнийг хоёргүй сэтгэлээр хийж, Эрдэнэт үйлдвэрт 30 жил ажиллаж байна. Сэтгэлтэй байхад бүтээл оргилдог. Ямар ч ажлыг өөриймсөг чин сэтгэлээсээ хийвэл үр дүн гарч амжилтад хүрнэ гэж боддог” хэмээн омог бардам хэлэх түүний хөдөлмөрлөж яваа дүр зураг одоо ч нүдэнд харагдсаар л…