
-ҮНДЭСНИЙ МУЗЕЙД ТАВИГДСАН НААДАМТАЙ ХОЛБООТОЙ ҮЗМЭРҮҮД-
Үндэсний их баяр наадамтай холбоотой олон сайхан дурсамжууд хүн бүрд бий. Учир нь наадам бол Монгол түмний бахархалт түүх, өөрсдийн бүтээсэн гайхамшигт соёл, ёс заншлын илэрхийлэл билээ. Монголд нэгдсэн төр улс бий болсон цагаас эрийн гурван наадам бий болсон гэж түүхчид үздэг. Хурдан морь, хүчит харцуул, эрхий мэргэн харваачдынхаа хүчээр тархай бутархай олон овог аймгуудыг нэгтгэн Хүннүгийн их гүрэн, Чингисийн Их Монгол улс бий болсон түүхтэй. Тэгвэл баяр наадмын өдрүүдэд зориулан Үндэсний түүхийн музейгээс дараах мэдээллийг бэлтгэн хүргэж байна.
Баяр наадмын үед эр хүний хүч самбааг сорих бөхийн барилдаан, нум сум харвах эрдэм, хүлэг морины хурд сорих тэмцээн тусгай ёс журмын дагуу болдог байсан.
Хурдан морины уралдаан: Эрт дээр үеэс сайн морь, хурдан хүлгийн шинжийг мэдэх, морь уяж сойх арга, мэдлэгийг бүрдүүлэн морь уралдуулах наадмын ёсыг бий болгожээ. Баяр наадамд хурдан морь уралдуулах ёс нь өвөрмөц онцлогтой. Морьдын дотроос аль хурдныг нь сонгож, олон хоногийн өмнө сойж, өдөр тутам давхиулан сорьж бэлтгээд, нас насаар нь ялган газрын хол ойрыг тохируулна. Морьдыг азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэж насаар ялгана. Наадмын өдөр тогтсон цагт морьдыг бүртгэн жигдрэхэд бүтэн зүстэй жороо буюу хатирай морь унаж, ёслолын хувцас, жанжин малгай өмссөн хүн туг барин уралдах морьдыг манлайлан дагуулж наадмын талбайг гурав тойрох үед хүүхдүүд гийнгоо аялан морьдоо сэргээн хөөрүүлдэг. Хүүхдүүдэд хөдөлгөөнд саад болохгүй, халууцахгүй биед нь тохирсон хувцас өмсгөдөг. Цамцны ар өвөр, өмдний өвдөг, малгайн урд талд хорол, өлзий зэрэг хээ, шувуу, эрвээхэйн дүрс урласан байдаг нь ялган таних тэмдэг буюу эрвээхэйн дүрс нь хүүхдийг хөнгөн байх, шувууны дүрс нь морьдыг шувуу мэт хурдан байхыг бэлгэдсэн тэмдэг юм.
Бөхийн барилдаан: Бөхийн барилдаан нь монголчуудын эрийн гурван наадмын нэг бөгөөд үндэсний баяр наадмын нэг том хэсэг нь болдог. Бөхийн барилдааныг жирийн нэг бяр тэнхээгээ сорилцох бус авхаалж самбаа уран мэхийг эрхэмлэдэг урлагийн нэг төрөл гэж болно. Жанжин малгай, зодог, шуудаг, гутал нь монгол бөхийн сүр хүчийг илтгэсэн онцлог хувцас юм. Бөхийн барилдаан анх адгуусан амьтныг барьж унаган номхруулах буюу уяж тогтоох үйлд үр хүүхдээ сургаж дасгах гэж ноцолддог наадам байснаа өргөн олны наадам болон дэлгэрэхээр түүнийг уран сайхантай болгож харцага, шонхор, начин болон домгийн том шувуу хангарьдын гараа, дэвэлт, шавалтыг загварчилсан хөдөлгөөнд оруулжээ. Бөхчүүдийн хамгийн гол эрхэм урлаг бол хан гардийн дэвэлт юм. Монгол бөхийн барилдаанд гурвын даваанаас эхлэн сондгой тоон дээр зүүн баруун талынхаа магнайд гарсан бөхийнхөө цолыг дууддаг. Энэ нь бөхчүүдийнхээ золбоо хийморийг сэргээж, наадамчин олныг баясгадаг, гойд сайхан ёслол юм.
Сурын харваа: Үндэсний сурын харвааг цуваа харваагаар явуулдаг. Улсын баяр наадмын үндэсний сурын харваанд түрүүлсэн хүнд гаргасан амжилтаар нь Улсын мэргэн Улсын хошой мэргэн, Улсын гоц мэргэн, Улсын гарамгай мэргэн, Улсын даяар дуурсах мэргэн, Улсын дархан мэргэн зэрэг цолуудыг зэрэг ахин олгодог уламжлалтай.
Хасаа харваа: Урьд цагт шагай тавьж харваж байснаас шагай харвах нэртэй байсан тоглоом одоо хасаа тавьж харвадаг болжээ. Хасаа гэдэг нь хас-хасах гэснээс гарсан үг. Энэ тоглоомд хоёроос дээш хэдэн ч хүн оролцож болно. Хасааг тоглосноор хүнд эв найрамдал, найрсаг сайхан харьцаа, нийтийн хүмүүжил олгоод зогсохгүй нямбай, зай хэмжээг тохируулж чаддаг болно. Энэ тоглоом нь өөрийн талын хасааг онож, хасуулж дуусгаад, нөгөө талынхаас онож авах журмаар тоглодог.
Монголчуудын эрт үеэс эдэлж хэрэглэж байсан хувцас, гоёл чимэглэл, гал тогооны хэрэгсэл, сэлэм, жад, судар ном, хөөрөг гээд тус бүрд нь тайлбарласан олон сонирхолтой үзмэрүүд Үндэсний музейд бий. Амралтынхаа нэг өдөр үндэсний музейгээр аялаж хүүхдүүддээ монгол ёс заншил, түүхтэйгээ танилцах боломжийг олгоорой.
Э.Нандинцэцэг
Гэрэл зургийг Д.Занданбат