Монгол Улс Азидаа коронавирусийн вакцинжуулалтыг тэргүүлсэн улсуудын нэг болж өдгөө нийт хүн амынхаа 56.7 хувийг дархлаажуулалтад хамруулаад буй. Улсын хэмжээнд иргэдийн I тунд хамрагдалт 89.8, II тунд хамрагдалт 64 хувьтай байна.
Харин нийслэлийн хэмжээнд 18-аас дээш насны иргэд 100 хувь буюу 953,764 нь I тунд, 81.5 хувь буюу 776,787 нь II тунд хамрагдаад байна.
Өөрөөр хэлбэл нийслэлчүүдийн 81.5 хувь нь вакцинд хамрагдчхаад байхад халдвар авагсдын тоо огт буурахгүй байгаа юм. Уг нь хүн амын 70-аас дээш хувьд вакцин тарихад халдвар тарахгүй гэж мэргэжилтнүүд үздэг ч манай улсад халдварын тоо буурахгүй дэлхий дээрх ховор тохиолдол боллоо.
Жишээ нь, манай улс Их Британи улстай вакцинжуулалтын тоон үзүүлэлтийн хувиараа ойролцоо явж байгаа.
Тухайлбал, Их Британи улсад одоогийн байдлаар 39 сая гаруй хүн вакцины эхний тунг хийлгэсэн нь насанд хүрсэн хүн амын 75 хувийг эзэлж байгаа. Английн бүс нутгуудаар вакцинд хамрагдах иргэдийнхээ 70 гаруй хувийг нэгдүгээр тунд хамруулсан бол Лондонд энэ тоон үзүүлэлт 50 хувьд хүрсэн.
Английн Нийгмийн эрүүл мэндийин төвөөс Английн 60-аас дээш насны хүмүүсийн дунд 2021 оны 5-р сарын 13-н хүртэл 13200 хүнийг нас баралтаас урьдчилан сэргийлж чадсан гэсэн тооцоог вакцин хийлгэсний шууд үр дүн гэж үзжээ.
Англи улс иргэдээ Модерна, Файзер, АстраЗеника, Janssen вакцинаар дархлаажуулж байгаа юм.
Өнгөрсөн нэгдүгээр сарын 8-нд хоногт 67 мянган хүнээс халдвар илэрч байсан бол дархлаажуулалт өрнөснөөр энэ тоо өнөөдөр 4330 болтлоо буурчээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш халдвар хэрхэн буурсныг дараах хүснэгтээс харж болно.
Гэтэл манай улсад дэлхийд ховор үзэгдэл буюу вакцинжуулалтын тоо өсөх тусам халдвар нэмэгдээд байна.
Тиймээс манай улсад хамгийн өргөн ашиглаж байгаа Синофармын вакцин үнэхээр ажиллаж байгаа юм уу гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс асууя. Та зөв вакцинаа сонгон ард иргэдээ дархлаажуулж чадаж байгаа гэдэгтээ итгэлтэй байна уу? Хэрвээ таны сонголт зөв бол түүнийгээ шинжлэх ухааны үндэслэлээ гаргаж ирээд тайлбар өгөөч. Бид юун дээрээ алдсан учраас өнөөдөр халдварын тоогоо хумьж чадахгүй байгаа юм бэ? Өнөөдөр л гэхэд /2021.06.04/ халдвар авсан хүний тоо 1189 болж, 13 хүн амиа алдлаа.
Эргэн сануулахад, Монгол Улс 2021 оны хоёрдугаар сарын 23-нд коронавирусийн вакцинжуулалтыг албан ёсоор эхлүүлж байхад Оном сангийн ТУЗ-ийн дарга, доктор Б.Наранбаатар болон түүний багийн эрдэмтэд цахим хуудсуудаараа дамжуулан “Синофармын вакцин үр нөлөө муутай, чанартай вакцин аваарай” хэмээн хэлж анхааруулж байхад хүмүүс шоолон ад үзэж байсан цаг саяхан. Гэтэл өнөөдөр бид дийлэнх хүн амаа “битгий, хэрэггүй шүү” гэж хатуухан анхааруулсан өнөөх Синофармын вакцинаар дархлаажуулан хүн амаа вакцинжуулсан тоогоороо дэлхийд дээгүүрт жагсаж байна хэмээн баярлан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн уриалсан “Ковидгүй зун”-ыг хоног тоолон хүлээж байгаа.
Харамсалтай нь халдварын тоо буурахгүй өссөөр Оном сангийн эрдэмтдийн хэлж байсан зүйлс өнөөдөр бодит амьдрал дээр харагдаад эхэллээ.
Бид Оном Сангийн ТУЗ-ийн дарга, доктор Б.Наранбаатараас тодруулахад “Монголчууд вакцинжуулалтад маш сайн хамрагдаж байгаа ч халдварын тоо буурахгүй байгаа нь вакцины чанарын асуудалтай холбоотой. Синофармын вакцин халдварын тархалтыг хумихад нөлөө үзүүлж чадахгүй гэдгийг бид анх БНХАУ-ын Засгийн газраас 300 мянган тун вакцин хандивласны дараа хэлж байсан. Бид энэ вакциныг хэрэглээд халдварын тархалтыг хумина гэж битгий их найдаарай, энэ вакцин чадахгүй гэдгийг хэлсэн. Учир нь тухайн үед уг вакциныг хэрэглэж байсан вакцинжуулалтаараа 60 гаруй хувьтай явсан Арабын нэгдсэн Эмират улсад халдвар, нас баралт өсөж байсан. Тиймээс цаашдаа энэ вакцины худалдан авалтыг битгий хийгээрэй. Үүний оронд мэдээллийн RNHA-гын Файзер, Модерна, АстраЗеника, Спутник, Жонсон энд Жонсон зэрэг вакциныг авч хэрэглэх нь зүйтэй гэж зөвлөгөө өгч байсан. Гэтэл олдож байгаа нь гээд Синофармын вакциныг авч хэрэглэлээ. Одоо нөхцөл байдал бидний хэлж байсан зүйлс үнэн бодитой болох нь харагдаж байна.
Бид одоо юу хийх хэрэгтэй вэ гэхээр 60-аас дээш насны суурь өвчтэй хүмүүстээ хамгийн сайн чанарын вакцинуудыг олж ирж хийх арга хэмжээг авах хэрэгтэй. Түүнчлэн 30-50 насныхны вакцин хийлгэсэн иргэдийн тодорхой хувьд нь дархлаа тогтохгүй байгаа. Тэр хүмүүст гуравдугаар тун ямар вакцин хийх вэ гэдгийг судлаад судалгаагаар тогтоох ёстой. Вакцины сонголтын асуудал дээр бид хэлээд бараагүй.
Угтаа сайн сонголттой Модерна компанийн 4 сая тун вакциныг авах боломжийг нээж өгсөн. Хуучин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар боломжийг нээж өгөөд байхад тэр компанитай яриа хэлэлцээр ч хийгээгүй. Яах вэ зуныг давдаг юм байжээ. Одоо зургаадугаар сарын дундаас халдварын тохиолдол маш хурдтай буурна гэж ярьж байна. Уучлаарай, тийм зүйл байхгүй. Халдварын тохиолдол өсдөгөөрөө өснө. Харин ч улам өснө. Үүнийг бид хэлж байсан. Ковидгүй зун гэж та нар битгий үлгэр яриад бай. Улс төрчид гарч ирээд гоё үг хэлэхээр гоё болдоггүй. Шинжлэх ухаан үнэн бодит байдал байж л байдаг” гэдэг мэдээллийг өглөө.
Дэлхийн улс орнуудад вакцинжуулалтын тоо хэмжээ өсөх тусам халдвар, нас баралтын тоо эрчимтэй буурч байгаа датаг хаанаас ч ороод харж болохоор байна. Тиймээс л Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ таны иргэдээ дархлаажуулж байгаа вакциныг хардахаас өөр арга алга.
Вакцины анхны гэрээ хэлэлцээрийг эхлүүлсэн тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч өнөөдрийн нөхцөл байдалд буруутай. Өмнөх Ерөнхий сайдынхаа алдааг засах үүрэг өнөөгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд нь ногдсон ч үүргээ хангалттай биелүүлж чадсан эсэх нь эргэлзээ төрүүлж, хардлага тээсээр байна.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хүртэл “Мэдээллийн урсгал”-аар БНХАУ-ын вакциныг сайн хэмээн магтаад байсан. Гэтэл яагаад халдвар буурахгүй байгаа юм бэ.
Коронавирусийн эсрэг Дархлаажуулалтын ажлын хэсгийг ахалж байгаа, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн 2021 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр “Мэдээний урсгал” нэвтрүүлэгт орохдоо вакцины талаар мэдээлэл өгсөн. Түүний энэхүү мэдээллүүдийг Factnews.mn сайтынхан нягтлан ХУДАЛ мэдээллүүдийг нь нэгтгэн хүргэж байсан.
Дөрөвдүгээр сард 11963 хүнд шинжилгээ хийхэд 1340 давсан хүнээс халдвар илэрч байсан.
- 6 дугаар сарын 1-нд 8618 хүнд шинжилгээ хийхэд 790 тохиолдол илэрч, долоон хүн нас барсан
- 6 дугаар сарын 2-нд 7000 гаруй хүнд шинжилгээ хийхэд 1143 тохиолдол илэрч, гурван хүн нас барсан
- 6 дугаар сарын 3-нд 9045 хүнд шинжилгээ хийхэд 1024 хүнээс халдвар илэрч, хоёр хүн нас барсан талаар ЭМЯ-наас мэдээлсэн.
Хүний үхэл статистик тоо биш. Коронавирусийн халдварын улмаас 288 хүн нас барж өдөрт халдварын тоо 1000 давлаа. Ерөнхий сайд аа, вакцин чинь үйлчилж байгаа юм уу?