Европын хөлбөмбөгийн тивийн аварга шалгаруулах тэмцээн болох Евро-2020 ирэх зургадугаар сарын 12-нд Италийн Ром хотод нээлтээ хийж Европын 12 хотод үргэлжлэн явагдана.
Бид ЕАШТ-д оролцох 24 багийг цувралаар танилцуулж байна.
ЕВРО-2020: Герман улсын шигшээ баг
– Дэлхийн чансаа: 12
– ЕАШТ-нд оролцсон байдал: 12 удаа оролцохдоо 1972, 1980, 1996 онуудад алт, 1976, 1992, 2008 онуудад мөнгөн медаль хүртсэн бол 1988, 2012, 2016 онд хагас шигшээд шалгарсан
– Шигшээ багийн дасгалжуулагч: Йоахим Лёв
– Шигшээ багийн ахлагч: Мануэл Нойер
– Гялалзах од: Серж Гнабри
Хөлбөмбөгийн ЕАШТ-нд тогтмол өндөр амжилттай оролцдог улс бол Германы шигшээ баг. Өмнөх 15 удаагийн ЕАШТ-ний 12-д нь оролцохдоо 9 удаа хагас шигшээ болон түүнээс дээш шалгарч байсан. Хамгийн сүүлд 2016 оны Тивийнхээ АШТ-нд хагас шигшээд шалгарч байсан Й.Лёвоор удирдуулсан Германы шигшээ баг яг өнөөгийн түвшинд амжилтаа бататгах, цаашлаад нэр хүндээ сэргээж, урьдны хүчирхэг байдлаа авчирах чухал тэмцээний өмнө ирээд байна. Учир нь 2018 оны ДАШТ-ний эхний тоглолтондоо хожигдсоноос гадна хэсгийн шатнаас тэмцээнээ өндөрлүүлсэн. Энэ бол Германы хөлбөмбөгийн шигшээ багийн түүхэн дэх маш том азгүйтэл байсан бөгөөд 1982 оны ДАШТ-ний нээлтийн тоглолтонд Алжирын шигшээ багт хожигдсон ч тухайн тэмцээний шигшээ шатанд шалгарч байсан.
Дасгалжуулагч Й.Лёв 15 жил удирдсан шигшээ багийн ажлаа тивийн АШТ-ний дараа орхино. Түүний шигшээ багаа удирдсан сүүлийн том олон улсын тэмцээн болж байна. Германы хөлбөмбөгийн холбооны зөв бодлогын үр дүнд М.Баллак, М.Клозе нарыг залгамжлан гарч ирсэн Ф.Лам, Б.Швайнштайгер, Л.Подольский, П.Мертезакер нарын залуусаас бүрдсэн Германы шигшээ баг нэгэн аравны турш ДАШТ болон ЕАШТ-ний хагас шигшээ шатнаас мултарч байгаагүй. Ерөнхийдөө Германы шигшээ баг Й.Лёв дасгалжуулагчийн удирдлага дор тоглогчдын шилжилтийг тэнцвэртэйгээр маш сайн хийж чадсан. Тиймдээ ч дээрх залуусыг араас Т.Мюллер, Т.Кроос, Ж.Дракслер, Ж.Боатенг, С.Хедира, М.Өзил,М.Хуммельс, А.Шюррле, М.Гёце гээд олон залуус гарч ирсэн. Одоогийн шигшээ багийн нөхцөл байдал тийм ч сайнгүй байгааг Германы шигшээ багийн дэмжигчид мэдэж, харж байгаа. ДАШТ-ний дараа дэлхийн чансааны 16 хүртэлээ уруудсан Германы шигшээ баг залуучуудаар сэлгэлт хийгдэн алхам алхамаар урагшилж байна.
Германы шигшээ баг ЕАШТ-ний урьдчилсан шатанд Нидерланд, Беларусь, Эстони, Умард Ирландын багуудтай багтаж 8 тоглолт хийхдээ 7 хожиж, Нидерландын шигшээ багт 1 хожигдон хэсгээ тэргүүлсэн. Тивийн аваргын эрхээ авч чадсан ч Евро-2020 тэмцээний “үхлийн” F хэсэгт Португал, Франц болон Унгарын шигшээ багуудтай нэг хэсэгт багтсан. Сүүлчийн дэлхийн аварга Франц, сүүлчийн Европын аварга Португалын шигшээ багуудтай нэг хэсэгт багтсан нь Германы шигшээ багийн залуу үед маш том шалгуур болно. Дасгалжуулагч Й.Лёв Германы шигшээ багтаа 4-5-1-ээс 4-3-3 эсвэл 4-2-3-1 хувилбараар тоглуулдаг байсан. Тэгвэл сүүлийн үед 3 хамгаалагчтай хувилбарыг туршиж байна. Тивийн аваргын урьдчилсан шатанд Нидерланд, Беларусь, Эстони улсын шигшээ багуудтай, сүүлд Умард Македон улсын шигшээ багуудтай тоглоход 3 хамгаалагчтай хувилбараар тоглосон. Н.Зюле, Р.Кох, Р.Хенрикс, А.Рюдигер, М.Гантер, Э.Жан гэсэн залуус төвийн 3 хамгаалагчийн байрлал дээр тоглоцгоож байсан. Төвдөө 3 хамгаалагчтай тоглохдоо 3-4-2-1, 3-4-3 эсвэл 3-5-2 хувилбараар тоглосон. Энэ хувилбарт жигүүрийн 2 тоглогчийн үүрэг их бөгөөд хамгаалалт болон довтолгоонд бүтэн талбайд гүйж тоглох ёстой байдаг. Мөн нөгөө талаар энэ хувилбаруудад талбайн төвд илүү бөмбөг эзэмших, эзэрххийлж тоглох, хамгаалалт болон довтолгоонд жигдхэн оролцох боломжуудыг бий болгох боломжтой. Яг одоогийн бүрэлдэхүүнийг харвал бас ч тийм сул гэж харахгүй байна. ЕАШТ-нд 3 хамгаалагчтай, төвдөө 4-5 тоглогч гарвал бөмбөг сайн эзэмшдэг И.Гюндоган, Т.Кросс, Л.Горецка нарын чадврлаг залуус байна. Довтолгоонд Т.Вернерээс илүүтэй С.Гнабри өрсөлдөгч багийнхаа хамгаалагч нарт аюул учруулах боломжтой. Урьдчилсан шатанд С.Гнабри шигшээ багтаа үзүүрийн довтлогчийн байрлал #9 дээр тогтмол гарсан. ЕАШТ-нд ч энэ байдал хадгалагдах болов уу? Түүнтэй хамт Т.Вернер, Л.Санэ, М.Ройс, Ж.Брандт, К.Хаверц нараас сонголтууд байна. Хэрвээ урдаа 3 довтлогчтой тогловол С.Гнабри, Т.Веренер, Л.Санэ гэсэн гурвал гарах боломж илүү их юм. Германы шилдэг довтлогч Т.Мюллер шигшээ багтаа сүүлийн 2 жил гаруй хугацаанд дуудагдаагүй. Шигшээ багийн ахлагч асан О.Бирхофф хэлэхдээ Т.Мюллер шигшээ багтаа хэрэгтэй гэсэн. Дасгалжуулагч Й.Лёв 2019 оны 3 сард Германы шигшээ баг цаашид Т.Мюллер, Ж.Боатенг болон М.Хуммельс наргүйгээр явна гэж мэдэгдэж байсан. Энэ том тэмцээний өмнө туршлагатай тоглогчдоо дуудах эсэх нь тун эргэлзээтэй байсаар байна.
ЕАШТ-нд оролцох боломжтой тоглогчид:
– Хаалгач: М.Нойер (Бавари Мюнхен), М.тер Штеген (Барселона), Б.Лено (Арсенал), К.Трапп (Айнтрахт Франкфурт), О.Бауманн (Хоффенхайм)
– Хамгаалагч: А.Рюдигер (Челси), М.Гантер (Боруссиа Мюнхенгладбах), Э.Жан, Н.Шульц (хоёулаа Боруссиа Дортмунд), Н.Зюле (Бавари Мюнхен), Й.Та (Байер Леверкузен), Л.Клостерманн, М.Халстенберг (хоёулаа Лайпциг), Р.Кох (Лийдс Юнайтед), Т.Керер (ПСЖ), Р.Госенс (Аталанта)
– Хагас хамгаалагч: Т.Кроос (Реал Мадрид), Ж.Дракслер (ПСЖ), Ж.Киммих, Ж.Мусиала, Л.Горетцко (бүгд Бавари Мюнхен),Ж.Брандт (Боруссиа Дортмунд), И.Гюндоган (Манчестер Сити), К.Хаверц (Челси)
– Довтлогч: Л.Санэ, С.Гнабри (хоёулаа Бавари Мюнхен), Т.Вернер (Челси), А.Йонес (Айнтрахт Франкфурт)