Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дээр өчигдөр долоон сартай жирэмсэн эмэгтэй өлсгөлөн зарласан юм. Таван хүүхдийн ээж тэрээр шорлог хийж зарахаар 40 орчим сая төгрөгөөр ажлын байр төвхнүүлжээ. Харин ҮЦХ-ийн удирдлагууд ажлын байрыг нь хураахаар шаардсаныг ийнхүү эсэргүүцсэн.
Үүссэн нөхцөл байдал болон энэ зун үйлчилгээ эрхлэгчид ямар шаардлагын дагуу хэрхэн ажиллах талаар ҮЦХ-ийн захирал Ү.Оюунзулаас тодрууллаа.
Тэрээр “Нийслэлийн ногоон байгууламжийн 1/4-ийг дангаараа бүрдүүлдэг, хотын иргэдийн ундны усны нөөцийг хамгаалах гол зорилгоор байгуулагдсан, улсын тусгай хамгаалалттай газар болох Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн дээр явагддаг худалдаа, үйлчилгээг хууль, журмын дагуу, төв хаалган дээр биш төвлөрсөн цэгт явуулахаар төлөвлөж, иргэд болон аж ахуй нэгжтэй харилцан тохиролцон ажиллаж байна. Бидний зохион байгуулалтад орж, тавьсан шаардлагыг биелүүлсэн худалдаа, үйлчилгээ эрхлэгчидтэйгээ гурван талт гэрээг байгуулж, эрхэлж буй бизнест нь баталгаа болгон гэрээг нь 2 ба түүнээс дээш жилээр байгуулан ажиллана. Одоогийн байдлаар худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн 70 %-тай нь дээрх байдлаар ойлголцоод ажиллаж байгаа.
Хөөсөн чихэр хийж худалдаалдаг, бие давхар байгаа иргэн С-ын хувьд өмнөх удирдлагууд албан ёсны газрын зөвшөөрлийг өгөлгүй, стандартын бус байгууламж бариулсан байсан. Тодорхой хөрөнгө гаргаж байгууламжаа барьсан, зөөх боломжгүй байгууламж барьсан учраас нүүхгүй, байгууламжаа буулгахгүй гэдэг байр сууриа илэрхийлж, асуудлыг хүрээлэнд болон иргэнд хохиролгүй шийдэх арга замыг олохоор ажиллаж байна. Гэхдээ заавал шийдэл олж, харилцан ойлголцож ажиллахаар хоорондоо ярилцлаа.
Энэ зун ковидоос үүдээд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталсан бүхээгтэй ТҮЦ-үүд стандартын дагуу үйл ажиллагаа явуулна. Тэдэнд зориулан тусгай гудамж гарган ажиллуулахаар бэлтгэл ажлаа базаагаад байна. Бид үйл ажиллагаагаа тавдугаар сарын 22-ноос нээхээр УОК-т хүсэлтээ хүргүүлсэн. Энэ асуудлыг УОК эцэслэн шийднэ” гэлээ.