Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хүүхдүүдийн амралт эхэлсэн. Энэ долоо хоногт бусад ангийнх нь амарна. Багш нарыг зургаадугаар сарын 1-нээс амрааж эхэлнэ. Төгсөх ангийн сурагчид гурван шалгалт өгдөг. Халдвартай холбогдуулан хичээлийн хоцрогдол үүссэн. Тиймээс элсэлтийн болон улсын шалгалтыг авахгүй. Гэхдээ дүн тавина.
18 нас хүрсэн сурагчид вакцинд хамрагдаж, шалгалт өгнө
Засгийн газрын хуралдаанаар монгол хэлбичгийн шалгалтыг авахгүй байх шийдвэр гаргасан. Төгсөх ангийн сурагчдад зургаадугаар сарын 1-нээс нэг сарын хугацаатай танхимаар давтлага өгөхөөр төлөвлөж байна. Өнөөдрийн байдлаар элсэлтийн ерөнхий шалтгалт өгөхөөр бүртгүүлсэн 40420 хүүхэд байна. Эндээс энэ онд төгсөж байгаа сурагчдын 79 хувь нь Элсэлтийн ерөнхий шалгалтад орохоор бүртгэлээ хийсэн. Цаашид Элсэлтийн ерөнхий шалтгалтыг жилд хоёр удаа авдаг болно. Энэ бол 12 дугаар ангийн хүүхдүүдэд маш том боломж юм. Төгсөх ангийн сурагчдыг халдваргүйжүүлэх ажил хийгдэнэ. Эхний ээлжинд багш нарыг нь вакцинд хамруулж байна. Үндсэндээ 18 нас хүрсэн сурагчид вакциндаа хамрагдаж, шалгалтаа өгөх бүрэн боломжтой" гэсэн мэдээлэл өглөө.
Давтлагын хугацаанд баримтлах дэглэмийн талаар БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир "Сурагчдад тэгш боломж олгох зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдөд танхимын давтлага өгөхөөр шийдвэрлэсэн. Сурагчдыг зөвхөн ЭЕШ өгөх хичээлийнх нь давтлагад хамруулна. Танхимын давтлагын хугацаанд сурагчид дараах журмыг мөрдөнө.
- Давтлагыг эцэг, эхийн хүсэлтийг харгалзан сайн дурын үндсэн дээр зохион байгуулна.
- Өдөрт гурваас илүүгүй цагаар давтлага өгнө.
- Нэг ангид 10-аас ихгүй хүүхэд байна.
- Нэг ширээнд нэг хүүхэд сууна.
- Орох, гарах хөдөлгөөнийг нэг урсгалд зохион байгуулна.
- Танхимд суух хүн бүр амны хаалт зүүж, биеийн халууныг тогтмол шалгуулна гэв.
Түүнчлэн нийслэлийн 18 сургуульд дархлаажуулалтын цэг, гурван сургуульд PCR шинжилгээний цэг ажиллуулж байгаа тул эдгээр цэгийг нүүлгэн шилжүүлэх боломжгүй нөхцөл үүсвэл тухайн сургуулийн сурагчдыг ойролцоох өөр сургуульд шилжүүлэн давтлагад хамруулах юм байна. Жишээлбэл, 50 дугаар сургуулийг PCR шинжилгээний цэгээр ашиглагдаж байгаа бол 200 метрийн зайд 5 дугаар сургууль, 500 метрийн зайд 24 дүгээр сургууль бий тул сул чөлөөтэй ангиудыг 50 дугаар сургуулийн багш, сурагчдад ашиглуулах боломжийг гаргах байдлаар зохицуулах ажээ.