Эдийн засагчид Засгийн газрын 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснийг сайшаалтайгаар үнэлж байна.
Харин ажлын байр хадгалах гурван хувийн хүүтэй гурван их наядын хөтөлбөрийн үр дүнг тооцохдоо шинээр ажил олголтыг идэвхижүүлэх, шинэ төгсөгчид, эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг анхаарах ёстой талаар эдийн засагч Б.Отгонтөгс ярьж байна.
-Энэ оны эдийн засгийн төсөөлөлийг хэрхэн харж байгаа вэ?
-2020 онд ДНБ 5.3 хувиар буурсан. 2021 оны эхний улирала манай эдийн засаг 4.8 хувиар өснө гэж ярьсан. 2022 онд 5.7-6 хувиар өснө гэж өөдрөг гаргасан. Гэхдээ 2021 оны хоёрдугаар сард болсон гурав дахь хөл хорио, хувийн хэвшлийн үйл ажиллагаа болон уул уурхайн салбарын бүтээгдэхүүний экспортын хумигдалтыг тооцоогүй гаргасан төсөөлөл. Одоо нүүрсний экспорт дөрөв дахин буурчихсан байгаа болохоор энэ үзүүлэлтүүд өөрчлөгдөх нь тодорхой боллоо.
10 САЯ ТӨГРӨГНИЙ ЗЭЭЛ БҮРД 2-3 АЖЛЫН БАЙР ХАДГАЛАГДДАГ
-10 их наядын хөтөлбөрийн гурван их наяд төгрөгөөр ажлын байрыг хадгалах гурван хувийн хүүтэй зээл олгож байгаа. Энэ хөтөлбөрийн үр дүнд хичнээн ажлын байрыг хадгалах талаар хөндлөнгийн тооцоолол байгаа болов уу?
-2021 оны нэг, хоёрдугаар сард ажилгүй гэж бүртгүүлсэн 8000 хүн байсан. Өмнөх жилтэй харьцуулбал ажилд орсон нь бүртгүүлсэн ажилчдаас 1000-аар илүү байсан. Өөрөөр хэлбэл бүртгүүлсэн найман хүн тутмын нэг нь л ажилд орж чадсан байна гэсэн үг. Гэхдээ энэ бол хөл хорио тавигдаагүй байх үеийн тоон мэдээлэл. Тэгэхээр гурван хувийн ажлын байр хадгалах зээлийн үр дүнд хэдий орчим ажлын байр нэмэгдэх вэ гэдэг нь мэдэгдэхгүй байна. Харин хэдий хэмжээний ажлын байр хадгалагдах вэ гэдэг нь багцаа тоо байгаа. Тэр нь жижиг дунд үйлдвэрийн авсан 10 сая төгрөгийн зээл болгоны цаана 2-3 ажлын байрыг бий болгодог гэж үздэг. Хамгийн багадаа зээл авсан аж ахуйн нэгж болгоныг 2-3 гэсэн тоогоор үржүүлэхэд хоёр түвшний тоо авч чадна гэсэн үг. Тиймээс ажлын байр хадгалагдана.
Харин гол асуудал бол ажлын байргүй болсон хүмүүс эргээд шинээр ажилд орох уу, үгүй юу гэдэг нь чухал.
Дараагийн том асуудал бол зургаадугаар сард их, дээд сургуулиудаас шинэ төгсөгчид гардаг. Дор хаяж 10 мянган хүн шинээр төгсөөд гарлаа гэхэд хэдэн хувь нь ажилтай болж чадах вэ гэдэг чухал асуудал болно.
Эмэгтэйчүүдийн хувьд сая ковидийн үед гэртээ хүүхдээ харсан, ачаалал их авлаа. Цэцэрлэг, сургууль ажиллахгүй болсон учраас тэр бүх ачааг монголын эмэгтэйчүүд үүрч байгаа. Хүүхдүүд сургууль, цэцэрлэгтээ орсон тохиолдолд тэр залуу ээж нар ажилтай болж чадах уу гэдэг нь хоёрдугаар хэмжилт байна.
Тиймээс Хөдөлмөрийн яам, Сангийн яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Үндэсний статистикийн хороо, Монгол банкныхан 10 их наядын хөтөлбөрийн 3 их наядын хөтөлбөрийг дүгнэхдээ зөвхөн нийт ажилд орсон ажлын байр хадгалсан гэдгээсээ гадна эмэгтэйчүүд, 22-29 насныхны хувьд гэж ангилан гаргаж өгвөл татвар төлөгчдийн мөнгийг буюу гурван их наяд төгрөг хэр үр өгөөжтэй зарцуулагдсан бэ гэдэг үр дүн гарч ирнэ. Түүнээс биш хэдэн хүн ажлын байртай үлдсэн бэ гэвэл эдийн засгийн үр өгөөжтэй хөтөлбөрийн биелэлтийг сайн харуулж чадахгүй.