Европын хөлбөмбөгийн тивийн аварга шалгаруулах тэмцээн болох Евро-2020 ирэх зургадугаар сарын 12-нд Италийн Ром хотод нээлтээ хийж Европын 12 хотод үргэлжлэн явагдана.
Бид ЕАШТ-д оролцох 24 багийг цувралаар танилцуулж байна.
Дэлхийн чансаа: #1
- ЕАШТ-нд оролцсон байдал: 5 удаа оролцохдоо 1980 онд дэд байр, 1972 онд 3-р байранд орсон
- Шигшээ багийн дасгалжуулагч: Роберто Мартинез
- Шигшээ багийн ахлагч: Эден Азар
- Гялалзах од: Кевин де Бройне
Бельгийн хөлбөмбөгийн шигшээ багийн “Алтан” үеийн он жилүүд үргэлжилж байна. 1980-аад онд ДАШТ-нд 4-р, ЕАШТ-нд дэд байранд шалгарсан тухайн үеийн шигшээ багийн тоглогчид дотоодын лигийн багуудаас бүрдэж байсан бол өдгөө Бельгийн шигшээ багийн тоглогчид Европын шилдэг клубуудэд тоглодог болсон. 2018 оны ДАШТ-нд шигшээ багийнхаа түүхэнд хамгийн өндөр амжилт үзүүлж хүрэл медаль хүртсэн. Үүний дараа 2019 онд Бельгийн хөлбөмбөгийн холбооноос засаглал, тамирчдын нийгмийн асуудал, шүүгч, шүүлт …гээд 11 чиглэлд шинэчлэлийн төлөвлөгөө боловсруулснаас гадна шигшээ багийн дасгалжуулагч Р.Мартинез мөн адил төлөвлөгөө боловсруулж холбооны удирдлагад өгсөн гэдэг. Тэр 2016 оны 8 сард Бельгийн шигшээ багийн “жолоо”-г атгаснаас хойш яг өнөөдрийн байдлаар 54 тоглолт хийснээс 42 хожил байгуулж 8 тэнцэж, ердөө 4 хожигдсон.
Бельгийн шигшээ баг ЕАШТ-нд оролцох эрхийн төлөө урьдчилсан шатны I хэсэгт Орос, Шотланд, Кипр, Казахстан болон Сан-Марино улсын шигшээ багуудтай багтаж 10 тоглолтоос 10 хожил авч хэсгээ тэргүүлсэн. Хэдийгээр Италийн шигшээ багийн адил ЕАШТ-ний урьдчилсан шатыг ганц ч хожигдолгүйгээр хэсгээ тэргүүлсэн ч Бельгийн багтсан хэсэгт Оросын шигшээ багаас бусад нь тийм ч хүчтэй өрсөлдөгчид гэж үзэхгүй байна. ЕАШТ-нд Бельгийн шигшээ баг Дани, Финланд, Оростой нэг хэсэгт багтсан. Тэдний эхний тоглолт 6 сарын 12-нд Оросын эсрэг хийх тоглолт юм. Харин тивийн аваргын өмнө Грек, Хорватын шигшээ багуудтай нөхөрсөг тоглолт хийнэ.
Испани дасгалжуулагч Р.Мартинез Бельгийн шигшээ багийг хүлээж аваад хийсэн том өөрчлөлт бол 4 хамгаалагчтай хувилбарыг өөрчилсөн явдал юм. Тэр 4-2-3-1 хувилбарыг 3-4-3 болгож өөрчилсөн бөгөөд төвдөө 3 хамгаалагч, жигүүрийн 2 тоглогч нь бүтэн талбайд довтолгоо дэмжиснээр урд талын довтолгооны жигүүрийн 2 тоглогч эсрэг багийн 16-н талбайд илүү их тоглох боломжтой болсон. Ингэснээр өрсөлдөгч багийн хамгаалагч болон хаалгачдад илүү их дарамтыг бий болгож байгаа. Төвдөө 2 хагасын нэг нь хойноо үлдэж байгаа бол нэг нь урагшаа довтолгоо дэмжих хувилбартай болж Бельгийн шигшээ багийг илүү довтолгоо зонхилсон баг болсон. Арын хамгаалалтанд Т.Алдервейрэлд, Я.Вертонген, Д.Боята, Т.Вермайлен гэсэн туршлагатай хамгаалагч нар дээр Францын Лион клубт тоглож буй залуу хамгаалагч Ж.Денайе гэсэн тоглогчид төвийн гурвалыг бүрдүүлнэ. Жигүүрт Т.Менье, Т.Кастань эсвэл Т.Азар, Н.Чадли гэсэн сонголтууд байгаа бол төвийн хагас хамгаалагчаар Ю.Телеманс, Л.Дендонкер, А.Вицель, Я.Карраско, Х.Ванакен, довтолгоонд Э.Азар, А.Янузай, Р.Лукаку, М.Батшуай, К.Бентеке болон ахлагч Э.Азар нар бий. Тивийн аваргын өмнө одоогоор тулгуурын хагас хамгаалагч А.Вицель, , шигшээ багтаа 1 тоглолт хийсэн залуу хагас хамгаалагч Э.Коббаут гэсэн хэд хэдэн тоглогчид гэмтэлтэй байгаа. Шигшээ багийн ахлагч Э.Азар Реал Мадрид клубт төдийлөн сайн тоглож чадахгүй мөн бэртэл гэмтэл түүнд том сорилт болж байна.
Бельгийн шигшээ багийн бүрэлдэхүүн: ЕАШТ-нд 23 тоглогч оролцоно
– Хаалгач: Т.Куртуа (Реал Мадрид), С.Миньоле (Брюгге), К.Кастелс (Вольфсбург), Т.Камински (Блэкбурн Роверс), Д.Роф (Гент)
– Хамгаалагч: Т.Алдервейрелд (Тоттенхэм Хотспур), Я.Вертонген (Бенфика), Д.Боята (Херта Берлин), Т.Вермайлен (Виссел Кобе), Т.Менье (Боруссиа Дортмунд), Ж.Денайе (Лион), Т.Кастанэ (Лейстер Сити), Л.Дендонкер (Волверхэмптон Уондерерс), К.Кабаселе (Уотфорд)
– Хагас хамгаалагч: Кевин де Бройне (Манчестер Сити), А.Вицел (Боруссиа Дортмунд), Т.Азар (Боруссиа Дортмунд), Н.Чадли (Башакшехир), Я.Карраско (Атлетико Мадрид), Ю.Телеманс (Лейстер Сити), Х.Ванакен (Брюгге), Д.Мертенс (Наполи)
– Довлогч: Р.Лукаку (Интер Милан), М.Батшуай (Марсель), Э.Азар (Реал Мадрид), Д.Ориги (Ливерпүүл), К.Бентеке (Кристал Палас), М.Батшуай (Кристал Палас)