Энэтхэг улсад өнөөдрийн байдлаар халдварын тоо эрс нэмэгдэж, нас барагсдын тоо цаг минутаар нэмэгдэж байгааг дэлхийн хэвлэлүүд онцолж байгаа.
Энэ цаг үед Энэтхэгээс ирсэн иргэдээс Энэтхэгийн мутаци монголд ороод ирлээ гэх хардалга байгаа юм. Бид энэ асуудлаар ХӨСҮТ-ийн тархвар судлаач Э.Тэмүүлэнгээс тодрууллаа. Тэрээр "Энэтхэгээс ирсэн иргэдийг хаана эмчилж байгааг нарийн сайн мэдэхгүй байна. Ямар мутаци вэ гэдгийг илрүүлэхийн тулд генийн дарааллыг нь шинжлэх хэрэгтэй. Тэрийг одоо хийж эхлэх процессдоо явж байгаа. Энэ ажил ямар шатандаа явж байгаа талаарх лабораторийн нарийн мэдээллийг мэдэхгүй байна. Нэг зүйлийг анхааруулах хэрэгтэй. Дэлхий даяар мутацид орсон вирусийн хэд хэдэн хувилбар байгаа. Бид энэтхэгээс ийм вирус ирэх боломжтой гэдгийг мэдэж байсан. Тиймээс бид Энэтхэгээс ирсэн иргэдийг нийгмийн харилцаанд оруулахгүйгээр тусгаарлаж байгаа. Тэдэнтэй харьцаж байгаа хүмүүс халдвар хамгааллын дэглэмээ маш сайн барьсан комбинзон өмссөн халдварлах боломжгүй хүмүүс харьцаж байгаа. Тэгэхээр халдвар авсан хүмүүс эдгээд гарсных нь дараа буюу бусад хүмүүст халдварлах боломжгүй болсных нь дараа нийгэмд гаргана. Тиймээс хэдийгээр мутацид орсон хувилбартай хүн гадаадаас орж ирсэн ч гэсэн тухайн хүн бүрэн эдгэрч бусдад халдварлах боломжгүй болсны дараа нийгмийн харилцаанд орох боломжтой болно. Тийм учраас санаа зовох асуудал байхгүй. Аль болох вирусийн мутацийг алдахгүйн тулд сайн тусгаарлан халдварлах үе шат, шинж тэмдэг гээд бүхий л зүйлийг тооцоолон тусгаарлалтад байлгаж байгаад гаргана. Тусгаарлалтын хугацаанд шинжилгээнүүд авч байгаа" гэдэг тайлбарыг өглөө.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр Япон руу Монголоос явуулсан /өнгөрсөн оны гурав, найм, ес, аравдугаар сарын нийт 20 өөр хугацааны дээжийг авч/ 20 сорьцод хийсэн судалгаагаар тодорхой генийн мутациуд гарсан талаар мэдээлсэн. Үүнийг судлуулахаар дахин генийн судалгаанд өгсөн байгаа аж. Мөн тэрээр "Монгол Улсад Covid-19-ийн мутаци аль улсаас хэзээ ороод ирэх бол гэж иргэд айх шаардлагагүй. Вирусууд байнгын хувиралд орж байгаа. Гэхдээ мутацид орно гэдгийг зөвхөн хор хөнөөл ихтэй байна гэж ойлгож болохгүй. Ямар ч сөрөг нөлөөгүй тохиолдол ч байдаг. Тэр бүхнийг бидэн шиг 20-хон дээж дээр хийсэн сорьцын шинжилгээгээр дүгнэж болохгүй. Бид зөвхөн халдварын тархалтыг хумих хүрээнд ийм судалгааг хийж байгаа шүү, судалгааны дүнгээр мутацийн тохиолдол гарсан. Цааш үргэлжлүүлэн судлах хэрэгтэй. Энэхүү мутацийг аюултай эсэх, хорт чанартай байгаа талаар тодорхой дүгнэлтүүд гараагүй байна" хэмээн мэдээлсэн.
Хамгийн чухал нь иргэд вакцин хийлгэснээр Covid-19 хүндрэх эрсдэлийг бууруулж, нас баралтын тохиолдол нэмэгдэхгүй байх боломжтойг эрдэмтэн эрүүл мэндийн салбарынхан онцолсоор байгаа юм.
Анх Энэтхэгээс илэрч байсан B.1.617 коронавирусийн мутаци хэдийнээ 17 оронд илэрсэн талаар өнгөрсөн долоо хоногт Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдсэн. Энэтхэгийн мутаци В.1.617 нь Энэтхэг, Их Британи, АНУ, Сингапурт ихээхэн тархсан байна. ДЭМБ-ын мэдээлснээр, энэхүү мутаци нь Энэтхэгт тархаж буй SARS-CoV-2 вирусийн бусад хувилбаруудаас илүү хурдацтай тархдаг гэдэг нь судалгаагаар тогтоогдсон байна. Өдгөө Энэтхэгт коронавирусийн халдварын тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдэж, цар тахлын нөхцөл байдал нэн хүнд байгаа нь мутаци тархсанаас гадна олон нийтийн арга хэмжээ зохион байгуулсан, хүн ам нь коронавирусийн эсрэг дүрэм журамд хайхрамжгүй хандсан зэрэг олон хүчин зүйл нөлөөлсөн гэж ДЭМБ үзэж байгаа юм.
Австрали улсын Засгийн газар л гэхэд өнгөрсөн Даваа гарагаас эхлэн тавдугаар сарын 15-ны өдөр хүртэл цар тахлын гамшигт хүнд нэрвэгдсэн Энэтхэг улсаас эх орондоо буцаж ирэхийг оролдсон иргэдэд хатуу шийтгэл оноохоор болсон талаар мэдээлсэн. Тодруулбал, Энэтхэгээс Австралид ямар нэг замаар буцаж ирэхийг оролдсон хүн бүрд 66 мянган австрали долларын торгууль оноох эсвэл тав хүртэл жил шоронд хорих ял оноохоор болсон байна. Энэ нь тус улсын Био аюулгүй байдлын хуулийн хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ гэдгийг тайлбарлажээ. Хэрэв улс орныхоо био аюулгүй байдалд ноцтой хохирол учруулсан гэж үзвэл дээрх хоёр шийтгэлийг давхар оногдуулна. Уг журам сүүлийн 14 хоногийн дотор ямар нэг байдлаар Энэтхэг улсад байсан, дамжсан иргэдэд хамаарах талаар мэдээлсэн.
Тэгвэл Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Нью-Дели-Казахстан-Улаанбаатар чиглэлийн MR12 агаарын онгоцоор 72 зорчигч ирсэн. Үүний 11 нь монгол хүн, 61 нь гадаад улсын иргэд байсан юм. Тэгвэл Энэтхэг улсаас ирсэн 19 Энэтхэгийн иргэнээс covid-19-ын халдвар илэрснийг дөрөвдүгээр сарын 30-нд Эрүүл мэндийн яамны мэдээллийг цагаар дуулгасан. Тиймээс халдвар илэрсэн иргэдийг Дорноговь аймагт тусгаарлаж, эмчилж байгаа тухай хэлсэн юм.
Тодруулбал, тухайн өдөр гадаад улсаас ирсэн 28 хүнээс халдвар илэрсэн. Үүнийг дотор нь задалвал,
Дөрөвдүгээр сарын 23-нд тусгай үүргийн Сөүл-Транзит нислэгээр Энэтхэг улсаас Монгол Улсын 1 иргэн
Дөрөвдүгээр сарын 23-ны Алматы-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн Казакстан улсаас ирсэн монголын 8 иргэн
Дөрөвдүгээр сарын 26-нд Энэтхэгээс ирсэн 19 иргэнээс халдвар илэрсэн.
Эдгээрээс 18 нь Дорноговь аймагт тусгаарлагдаж байгаа бол нэг нь нийслэлд тусгаарлагджээ.
Ийнхүү Энэтхэгээс ирсэн Монгол Улсын нэг иргэн, Энэтхэг улсын 19 иргэн нийт 20 хүнээс коронавирусийн халдвар илэрснийг ЭМЯ-наас мэдээлсэн.