ӨРӨГ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГ ШИНЭЧЛЭХ ЁСТОЙ ЮУ?
Өрөг хэлэлцүүлэг энэ удаа “Алдагдалтай нийгмийн даатгалын сангаа аврах гэж иргэдээ мөлжих нь зөв үү” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.
Тэтгэврийн даатгалын сангийн алдагдлаас шалтгаалан сүүлийн гурван жилийн хугацаанд НДШ таван хувиар өссөн. Нийгмийн даатгалын санд яагаад алдагдал үүссэн, шинэчлэл хийх ёстой, яаж хийх вэ зэрэг агуулгын хүрээнд ярилцсан хэлэлцүүлгийн онцлох эшлэлээс хүргэж байна.
Зочноор:
- УИХ-ын гишүүн Х.Булгантуяа
- ХНХЯ-ны Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Батжаргал
- ОУ-ын актуарч Д.Гантулга
- “Өлзий энд ко капитал” ХХК-ийн захирал Б.Өлзийбаяр
- “Ард лайф” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга
УЛС ТӨРЖСӨН ШИЙДВЭРҮҮД Ч НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН АЛДАГДАЛД НӨЛӨӨЛСӨН
ХНХЯ-ны Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Батжаргал:
- Монголд анх нийгмийн даатгалын тогтолцоо 1995 оноос эхлэлтэй. Анхны тогтолцоо ажил олгогч 13.5 хувь, ажилтан 5.5 хувиар төлж нь 19%-иар эхэлсэн. 1995 он хүртэлх хугацаанд нэг ч даатгуулагч, нэг ч иргэн тэтгэврийн даатгалын санд шимтгэл төлдөггүй байсан.
- 2007 онд эдийн засгийн хямрал, татварын бодлогын өөрчлөлттэй холбоотой нийгмийн даатгалын 19%-ийн шимтгэлийг 5%-иар бууруулж 14% болгосон. 2008 он хүртэл бараг 10 жил мөрдөж байна.
- Ингэж шимтгэлийн хэмжээг бууруулахдаа сангийн орлого дутна гэдгийг бүгд ойлгож байсан.
19% төлж байсан үеийн орлоготой харьцуулахад 14% төлж байсан зарлага мэдээж их байна. Энэ нь урт хугацаандаа санд нөлөөлж байгаа.
- Санд нөлөөлж байгаа бас нэг зүйл бол нөхөн даатгал. Манайд хоёр удаа нөхөн даатгал явагдсан. Хамгийн эхний нөхөн даатгал 1990-2000 оны нөхөн даатгалд 610 мянган хүн хамрагдсан. 78.000 төгрөгөөр 11 жил худалдаж авч тухайн хүнд хувь тэнцсэн тэтгэврийн түүх автоматаар үүссэн гэсэн үг. Одоо хувь тэнцүүлэх тэтгэврийн хэмжээ 300,000 төгрөг, жилд 3,600,000 төгрөг. Энэ том ачааллыг нийгмийн даатгалын сан үнэхээр дийлэхгүй байсан.
- Нийгмийн даатгалын сан алдагдалд орсон гуравдахь шалтгаан бол насжилтын асуудал.
Манай Монголд ч биш дэлхийн бүх улс оронд наслалтын асуудал үнэхээр том асуудал болж байгаа. Энэ гурван том асуудлын нийлбэр одоо шимтгэлийн нэмэгдлийн гол шалтгаан болсон.
- Шийдэл бол нийгмийн даатгал буюу тэтгэврийн даатгалын харьцааны агуулга нь тухайн санд хэдэн төгрөг хийж чадаж байна түүнийгээ тэтгэвэр болгож буцааж авах үндсэн гол зарчим байдаг. Шимтгэлийг 19% аар төлөвлөсөн байсан загварыг 14% болгож бууруулаад буцаагаад 19% төлсөн мэт тэтгэврийг аваад яваад байхаар үл зохицол үүсэж байна. Хамгийн эхлээд орлого зарлагын балансыг хангах ёстой.
- Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас баталсан конвенц гээд 1952 оны Нийгмийн хамгааллын доод хэм хэмжээний конвенцоор бид тэтгэврийн хэмжээг боддог. Зөвхөн тэтгэвэр биш нийт есөн төрлийн нийгмийн хамгааллын хэмжээг энэ конвенцийн зарчмаар буюу 40%-иар боддог.
- Манай улсын хувьд 20 жил ажиллахад таны дундаж цалингийн 45% байдаг. Манай тэтгэвэрийн хувь өндөр боловч цалин параметр бага учир асуудал тэнд байдаг. Ухаад үзвэл бүтээмжийн асуудал бас байгаа. Энэ тогтолцоог шинэчлэх хэрэгтэй гэдэгтэй санал нийлдэг.
- Гэхдээ яаж вэ гэдэг дээр сэтгэл хөөрлөөр хандалгүй судалгаа тооцоолол, шинжлэх ухааны үндэслэлтэй маш сайн тооцоолж шинэчлэл хийх хэрэгтэй.
- Одоо манайд хэрэгжиж байгаа ДИБИ систем, үзэл санааны нэгдлийн зарчмаар яваад байвал ДНБ сангийн алдагдал 2045 оноос 8%-д хүрнэ. 8% бол ихэнх улс оронд тэр тогтолцоо явахааргүй болжээ гэдгийг харуулдаг тоо.
- Нийгмийн хамгааллын гол зорилго иргэдийг баяжуулахад бус насан туршийн нийгмийн баталгаа өгөхөд оршдог. Иргэнийг нас барах хүртэл нь тогтвортой баталгаа өгөх ёстой гэсэн үг.
Манай одоо байгаа тогтолцоо 151 улсад хэрэгжиж байгаа.
- Өнөөдрийн байдлаар багц хууль буюу таван 5 хууль бүхий үзэл баримтлал батлагдчихсан байна. Энэ таван хуулийн төслийг ирэх хаврын чуулганаар өргөн барина. Засгийн газарт эхлээд танилцуулна, тэгээд УИХ-д өргөн барина.