Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших үгүйг Цэц 2021 оны дөрөвдүгээр сарын 16-нд хэлэлцсэн юм. 08:30 цагт товлогдсон хуралд Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж ирэлгүй 29 жилийн түүхэнд хуралдаанаа бойкотолсон Цэцийн анхны гишүүн болсон. Ингээд Цэцийн удирдлагуудын шийдвэрээр бүрэлдэхүүнийг өөрчилж Ц.Нанзаддоржийн оронд Ж.Эрдэнэбулганыг томилсон. Энэ бүрэлдэхүүнээр хуралдааны товыш 15:00 цагт зарлаж хуралдан гурван цаг гаруй хэлэлцээд “…Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй” буюу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн шийдвэрийг гаргав. Цэц хуралдаж байхад гадаа нь болон цахим сүлжээнд иргэд эсэргүүцлээ илэрхийлэн жагссан. Энэ шийдвэр гарахын өмнө улс төрийн хүрээнд хамгийн их маргаан дагуулж, Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн биеэр Цэц дээр хүртэл очсон.
2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн хувь заяаг тодорхойлох чухал асуудлыг ийнхүү Цэц хэлэлцэж шийдвэр гаргасан. Гэхдээ Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэр бүх зүйлийг эцэслэхгүй. Одоо УИХ Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг хүлээж авах уу гэдэг асуудал үүсээд байгаа.
Ердөө сар гаруйн дараа 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль болно. Харин энэ хугацаанд Цэцийн шийдвэрийг хүлээж авах эсэхээс хамаарч Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудал яригдана.
ЦЭЦИЙН ДҮГНЭЛТИЙГ УИХ ХЭЛЭЛЦЭНЭ
УИХ өөрөө хэдхэн сарын өмнө буюу 2020 оны арванхоёрдугаар 24-нд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг баталсан. Энэ хуулийг батлалцсан Т.Доржханд нар “…Үндсэн хууль зөрчлөө” гэж Цэцэд мэдээлэл гаргасан. Цэц маргаан үүсгэсэн. Цэц дээр УИХ-ыг Н.Энхболд төлөөлж орсон.
Ялагдсан. Т.Доржханд нар “…Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн” гэж мэдээлэл гаргажээ.
Харин Цэц “… Тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж мөн өдрөөс түдгэлзүүлэн, 5 дугаар зүйлийн 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй” хэмээн шийдвэрлэв.
Цэцийн Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3.1.2-т “… “Нэр дэвшигч” гэж 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын уугуул иргэнийг”, 5.4-т “…50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй” гэж заасан байсан. Энэ заалтууд өнгөрсөн баасан гарагаас түдгэлзэж байна. Одоо Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж аваад эдгээр заалтыг хүчингүй болгоно гэсэн үг. УИХ бол МАН шүү дээ.
Тэгвэл процессын хувьд УИХ-ын Дэгийн тухай хуулийн 85-р зүйл заалтаар зохицуулагдана.
УИХ-ын Дэгийн тухай хууль /2020 оны нэмэлт, өөрчлөлт/:
- 82.2.5 хууль, тогтоол Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй гэсэн Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөн бол ажлын 15 өдрийн дотор тухайн болон холбогдох бусад хууль, шийдвэрт зохих нэмэлт, өөрчлөлт оруулах.
- 82.2.6 Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, бусад шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ, сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй гэсэн Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөн бол эдгээр шийдвэр хүчингүй болсонд тооцох.
УИХ Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг хүлээн авч, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах боломжтой гэсэн үг. Ингэхдээ одоогийн болон өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан хүмүүс 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль болон цаашид нэр дэвшихгүй гэх заалтыг нэр дэвшигчдэд тавигдах шаардлага дээр нэмж, тусгах боломжтой юм. Гэхдээ УИХ Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг хүлээн зөвшөөрвөл өөрсдөө Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль батлахдаа Үндсэн хууль зөрчиж шийдвэр гаргасан гэсэн үг. Тиймээс тэдэнд өөрсдөө бус Цэцийн Их суудал руу буцаах боломж бий. Хэрэв Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг хүлээж авахгүй бол Цэцийн их суудлын хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуультай холбоотой дунд суудлын хуралдааны шийдвэрээ хэлэлцэнэ. Цэцийн их суудлын хуралдаанаар дунд суудлын хуралдааны шийдвэрээ бататгадаг.
Өөрөөр хэлбэл, эрх баригч МАН, УИХ олны хэл амнаас зугатаж, Цэцийн Их суудал руу асуудлыг шидчихвэл, Их суудлын хуралдааны шийдвэр эцсийнх учраас хүссэн, хүсээгүй Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулаад явна. Цэцийн шийдвэр албажиж, УИХ 15 хоногийн дотор хэлэлцэх зохицуулалттай. Тиймээс ирэх өдрүүдэд УИХ Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг хэлэлцэж эхлэх эсэхийг харах л үлдлээ.