Өрөг хэлэлцүүлэг энэ удаа “Алдагдалтай нийгмийн даатгалын сангаа аврах гэж иргэдээ мөлжих нь зөв үү” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.
Тэтгэврийн даатгалын сангийн алдагдлаас шалтгаалан сүүлийн гурван жилийн хугацаанд НДШ таван хувиар өссөн. Нийгмийн даатгалын санд яагаад алдагдал үүссэн, шинэчлэл хийх ёстой, яаж хийх вэ зэрэг агуулгын хүрээнд ярилцсан хэлэлцүүлгийн онцлох эшлэлээс хүргэж байна.
Зочноор:
- УИХ-ын гишүүн Х.Булгантуяа
- ХНХЯ-ны Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Батжаргал
- ОУ-ын актуарч Д.Гантулга
- “Өлзий энд ко капитал” ХХК-ийн захирал Б.Өлзийбаяр
- “Ард лайф” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга
УЛС ТӨРЖСӨН ШИЙДВЭРҮҮД Ч НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН АЛДАГДАЛД НӨЛӨӨЛСӨН
ХНХЯ-ны Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Батжаргал:
- Монголд анх нийгмийн даатгалын тогтолцоо 1995 оноос эхлэлтэй. Анхны тогтолцоо ажил олгогч 13.5 хувь, ажилтан 5.5 хувиар төлж нь 19%-иар эхэлсэн. 1995 он хүртэлх хугацаанд нэг ч даатгуулагч, нэг ч иргэн тэтгэврийн даатгалын санд шимтгэл төлдөггүй байсан.
- 2007 онд эдийн засгийн хямрал, татварын бодлогын өөрчлөлттэй холбоотой нийгмийн даатгалын 19%-ийн шимтгэлийг 5%-иар бууруулж 14% болгосон. 2008 он хүртэл бараг 10 жил мөрдөж байна.
- Ингэж шимтгэлийн хэмжээг бууруулахдаа сангийн орлого дутна гэдгийг бүгд ойлгож байсан.
19% төлж байсан үеийн орлоготой харьцуулахад 14% төлж байсан зарлага мэдээж их байна. Энэ нь урт хугацаандаа санд нөлөөлж байгаа.
- Санд нөлөөлж байгаа бас нэг зүйл бол нөхөн даатгал. Манайд хоёр удаа нөхөн даатгал явагдсан. Хамгийн эхний нөхөн даатгал 1990-2000 оны нөхөн даатгалд 610 мянган хүн хамрагдсан. 78.000 төгрөгөөр 11 жил худалдаж авч тухайн хүнд хувь тэнцсэн тэтгэврийн түүх автоматаар үүссэн гэсэн үг. Одоо хувь тэнцүүлэх тэтгэврийн хэмжээ 300,000 төгрөг, жилд 3,600,000 төгрөг. Энэ том ачааллыг нийгмийн даатгалын сан үнэхээр дийлэхгүй байсан.
- Нийгмийн даатгалын сан алдагдалд орсон гуравдахь шалтгаан бол насжилтын асуудал.
Манай Монголд ч биш дэлхийн бүх улс оронд наслалтын асуудал үнэхээр том асуудал болж байгаа. Энэ гурван том асуудлын нийлбэр одоо шимтгэлийн нэмэгдлийн гол шалтгаан болсон.
- Шийдэл бол нийгмийн даатгал буюу тэтгэврийн даатгалын харьцааны агуулга нь тухайн санд хэдэн төгрөг хийж чадаж байна түүнийгээ тэтгэвэр болгож буцааж авах үндсэн гол зарчим байдаг. Шимтгэлийг 19% аар төлөвлөсөн байсан загварыг 14% болгож бууруулаад буцаагаад 19% төлсөн мэт тэтгэврийг аваад яваад байхаар үл зохицол үүсэж байна. Хамгийн эхлээд орлого зарлагын балансыг хангах ёстой.
- Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас баталсан конвенц гээд 1952 оны Нийгмийн хамгааллын доод хэм хэмжээний конвенцоор бид тэтгэврийн хэмжээг боддог. Зөвхөн тэтгэвэр биш нийт есөн төрлийн нийгмийн хамгааллын хэмжээг энэ конвенцийн зарчмаар буюу 40%-иар боддог.
- Манай улсын хувьд 20 жил ажиллахад таны дундаж цалингийн 45% байдаг. Манай тэтгэвэрийн хувь өндөр боловч цалин параметр бага учир асуудал тэнд байдаг. Ухаад үзвэл бүтээмжийн асуудал бас байгаа. Энэ тогтолцоог шинэчлэх хэрэгтэй гэдэгтэй санал нийлдэг.
- Гэхдээ яаж вэ гэдэг дээр сэтгэл хөөрлөөр хандалгүй судалгаа тооцоолол, шинжлэх ухааны үндэслэлтэй маш сайн тооцоолж шинэчлэл хийх хэрэгтэй.
- Одоо манайд хэрэгжиж байгаа ДИБИ систем, үзэл санааны нэгдлийн зарчмаар яваад байвал ДНБ сангийн алдагдал 2045 оноос 8%-д хүрнэ. 8% бол ихэнх улс оронд тэр тогтолцоо явахааргүй болжээ гэдгийг харуулдаг тоо.
- Нийгмийн хамгааллын гол зорилго иргэдийг баяжуулахад бус насан туршийн нийгмийн баталгаа өгөхөд оршдог. Иргэнийг нас барах хүртэл нь тогтвортой баталгаа өгөх ёстой гэсэн үг.
Манай одоо байгаа тогтолцоо 151 улсад хэрэгжиж байгаа.
- Өнөөдрийн байдлаар багц хууль буюу таван 5 хууль бүхий үзэл баримтлал батлагдчихсан байна. Энэ таван хуулийн төслийг ирэх хаврын чуулганаар өргөн барина. Засгийн газарт эхлээд танилцуулна, тэгээд УИХ-д өргөн барина.
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ ТЭГЛЭСЭН ШИГЭЭ НЭГ УДАА НДС-Г МӨНГӨЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:
- Тэтгэврийн сан алдагдалтай ажилласан учраас ОУ-ын Валютын сангийн хөтөлбөрөөр НДШ-ийг нэмэхээр болсон. Одоо нийгмийн даатгалын сан руугаа эхлээд мөнгө хийж зузаатгахгүй одоогийн алдагдал бүр л томорно.
- Одоо жилд улсын төсвөөс 600 тэрбум төгрөг нийгмийн даатгалын сан руу өгч байна. Монгол шиг залуу хүн амтай оронд энэ маш буруу менежменттэй явж ирсэнийг харуулж байгаа юм. 1.1 орчим сая иргэн нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа. 420 орчим мянган хүн тэтгэвэр авч байгаа.
- Эв санааны нэгдлийн зарчим гэдэг нь одоо ажил байгаа иргэдийн төлсөн шимтгэлээр тэтгэврийн мөнгөө олгож байна. Удахгүй 2030 оноос хүн амын хөгшрөлтийн цонх нээгдээд 600 мянган иргэн тэтгэвэр авдаг болбол яах вэ? Одоогийн тогтолцоогоор биднийг тэтгэвэрт гарах үед тэтгэврийн сан бүр мөнгөгүй болохоор байна.
- Нөхөн даатгал зэрэг хэд хэдэн удаагийн улс төржсөн шийдвэр ч бас нийгмийн даатгалын сангийн алдагдалд нөлөөлдөг.
- Сонгууль болохоор л хүмүүс тэтгэврийн сангийн өөрчлөлт шинэчлэлийг их амархан хийчих юм шиг ярьдаг. Бид өнөөдөр улсын төсвийн орлогоос хоёр их наяадаар төрийн албан хаагчдын цалинг тавьж, нэг их наядыг өр зээлийн хүүнд өгөөд дахиад 500, 600 сая төгрөгөөр нийгмийн даатгалын сангийн алдагдлыг төлж байна гэсэн үг.
- 2017 онд улсын төсвөөс 170.7 тэрбум төгрөгийг нийгмийн даатгалын сангийн алдагдлыг нөхөхөд зориулж хийж байсан. Гэтэл сүүлийн гурванхан жилийн дотор 500- 600 тэрбум болоод өссөн.
- Тэтгэврийн санг нэг удаа мөнгөжүүлж алдагдлаа нөхчихөөд тогтолцооны шинэчлэлийг хийх хэрэгтэй.
- Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг сонгох асуудал хэдхэн хоногийн өмнө УИХ-аар орсон. Капитал банкинд өчнөөн тэрбумаар нь алдсан хүмүүс одоо энэ нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд ажиллаж байгаа юу гэж асуухад тэр шийдвэрийг гаргасан хэд хэдэн хүн үргэлжлүүлээд ажиллаж л байна. Шийдвэр гаргасан хүмүүс нь яагаад хариуцлага хүлээдэггүй юм бэ?
- Дэлхийн топ 300 тэтгэврийн сангийн 134 нь өнөөдөр төрийн тэтгэврийн сан байна. Төрийн гэсэн юм бүхэн муу биш. Гол нь менежментийг сайжруулах хэрэгтэй. 134 топууд нь 300 топуудын 60 орчим хувийн мөнгийг барьж байна.
- Бид ХНХЯ-аас таван багц хуулийн төсөл орж ирэхийг хүлээж байгаа.
- Төр олон хүний эрх ашиг хамгаалсан шийдвэр гаргаж байгаа учраас өнөө маргаашгүй гэнэт шийдэж болохгүй. Өнөөдөр төрийн нийгмийн даатгалын сан муу байна гээд бүгдийг нь хувьд өгч болохгүй. Америкт 2009 оны санхүүгийн хямралаар маш олон тэтгэврийн хувийн сан дампуурсан. Манайд ч том банкнууд дампуурахад эрсдэлтэй байна гэж ярьж байхад дөнгөж үүсэж бий болж байгаа хувийн тэтгэврийн сангуудад улсын тэтгэврийн санг өгөхөд эрсдэлтэй.
- Гэхдээ энэ системийг аажим аажмаар, бага багаар үүсгэх ёстой. Ашиг сонирхлын зөрчлийг ч хуулиараа зохицуулах ёстой. Санхүүгийн зохицуулах хороон дээр миний өнөөдөр томоохон шинэчлэл туршлага мэдлэгийг сайжруулах хэрэгтэй байна.
- Баялгийн сангийн тухай хуулийн төслийг засгийн газраас боловсруулж байна. Нэг удаа бид зоримог ажил хийж Нийгмийн даатгалын санг зузаатгах хэрэгтэй. Зузаатгах ажлыг хийхгүй бол урд хормойгоороо хойд хормойгоо нөхсөөр 2030 онд тэтгэвэрт гарах хүмүүс бүр их нэмэгдэнэ. Яахаараа Монгол улсын бүх иргэдийн баялаг нэг ордыг хурааж аваад тэтгэврийн зээлийг тэглэж болсон шигээ нэг удаа нэг ордыг ашиглаад тэтгэврийн санг зузаатгаж болохгүй гэж.
- Тэтгэврийн зөрүүг арилгана гэхээр хүмүүс бүгдийг нь 500,000 төгрөг болгоно гэж ойлгодог. Гэтэл ямар ч улс оронд насаараа өндөр нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан хүн арай өндөр тэтгэвэр авах нь зарчмын хувьд байдаг. Тэтгэврийн зөрүүг адилхан хөдөлмөр эрхэлж байсан хүмүүст налуу болгох хэрэгтэй. Мөн ил тод нээлттэй болгох ёстой.
ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН ЯДАЖ Л УЛС ТӨРЖИЛТИЙН ЗОЛИОС БОЛОХГҮЙ
Ард Лайф ХХК гүйцэтгэх захирал Б.Гантулга:
- Өнөөдрийн нийгмийн даатгалын сангийн хамгийн том алдагдал хийгээд байгаа гол сан нь тэтгэврийн даатгалын сан. Тэтгэврийн даатгалын сан гэдэг бүтээгдэхүүний гол агуулга буруу байна. Нийгмийн даатгалын сангийн бусад эрүүл мэнд, ажилгүйдэл, тэтгэмж, үйлдвэрлэлийн осол гэх 4 сан ашигтай буюу хуримтлал үүсгэж байдаг.
- 1960-аад оноос дэлхийн ихэнх барууны улс орнууд хуваарилалтын тогтолцоог буруу гэж үзээд шинэчлэл хийсэн. тэтгэврийн тогтолцооны талаа мэдээд бүгд реформ хийсэн. Нийгмийн даатгалынхаа хувь дотор тодорхой хэмжээний тэтгэврийн бүтээгдэхүүний агуулга оруулсан.
- Хувийн тэтгэврийн тогтолцоо, улсын тэтгэврийн тогтолцооноос илүү өндөр өгөөж авдаг. Цэвэр хуримтлал суурьтай тогтолцоо өнөөдөр Сингапур улсад маш амжилттай хэрэгжиж байгаа жишээ. Хуримтлалын нэгдсэн тогтолцоотой, иргэд орлогоосоо 20-30% хуримтлал үүсгэдэг. Тэтгэврийн насан дээр очихоор тэндээсээ тэтгэвэр авдаг. Энэ хөтөлбөр дээрээ тулгуурлаад орон сууцны тогтолцоо, сургууль боловсрол, эрүүл мэндийн тогтолцоогоо хөгжүүлж чадаж байгаа. Энэ нь эргээд тэтгэврийн тогтолцоо нь асар олон тогтолцооны гол суурь болж өгч байгааг харуулж байгаа юм. Сингапурын Төв хуримтлалын сангийн жишээг ярихад 1965 онд анх үүссэн. Тухайн үед арлын баруун эрэгт үйлдвэрлэлийн бүс бий болгож хувиараа бизнес эрхэлдэг хүмүүс хувьцаа гаргаад үйлдвэрлэл хийх боломж олгосон. Төв хуримтлалын сангаараа дамжуулж тэнд маш олон хөрөнгө оруулалт хийсэн. Маш олон бизнесменүүд тэнд маш богино хугацаанд хүүгүй, хугацаагүй, хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаа зараад үйлдвэрээ бариад үйл ажиллагааны ашгаа хэд дахин нэмэгдүүлсэн.
- УИХ-д өргөн баригдсан хувийн тэтгэврийн сангийн хуулийн төсөл дээр нэг хуулийн этгээд дээд тал нь 10% эзэмших хязгаартай. Энэ нь нэг хүн, нэг байгууллагаас орох нөлөөллийг байхгүй болгож байгаа гэсэн үг. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид арилжааны банкууд дээр хязгаарлалт хийгээгүйгээс нэг хүнээс шалтгаалсан эрсдэл их гарсан. Тэгэхээр хувийн тэтгэврийн сан байгуулагдсаны дараа 10%-ийн эзэн болохын тулд би энд лобби хийж байх нь утгагүй зүйл.
- Улсын тэтгэврийн даатгалын сан улсаас төрөөс хамаараад эрсдэлд өртдөг. Улс төржилтөнд өртдөггүй хувийн тэтгэврийн сан байх ёстой.
- Хувийн тэтгэврийн сан нь бие биенээсээ хамаарахгүй буюу иргэн очоод 3 өөр тулгуур дээр тэтгэврийн шимтгэлүүдээ төлөөд яваад байхад эргээд тэтгэвэрт гарахад 3 өөр тулгуураас тэтгэвэр авдаг, ирээдүйн баталгаа нь гурван тусдаа тулгууртай байх тогтолцоог бий болгох ёстой юм.
- Хувийн тэтгэврийн сангаа хуримтлал суурьтай хийчихье тэрэн дээр 5% тэтгэврийн сан байгуулъя. Мөн 25-30% нь хувьцаат компани болоод олон нийтэд хувьцаагаа санал болгоно. Дор хаяж 40-50 хувьцаа эзэмшигчтэй, олон улсад хувьцаа эзэмшигчтэй сангууд бий болно.
- Н. Учрал гишүүн ахалсан ажлын хэсгийн өргөн барьсан хуулийг 2020 оны 10 сард хэлэлцье гэж байхад Хөдөлмөн нийгмийн хамгааллын сайд УИХ-ын танхимд манай яам 11 сард энэ хуулийн төслийг өргөн бария тэр үед та бүхэн ажлын хэсэг гаргаад хэлэлцээд өгөөч гэж байсан. Өнөөдөр 2021 оны 4 сар болж байна. 11 сард өргөн баригдах байсан хууль маань хаана байгааг асуумаар байна.
- Хадгаламж зээлийн хоршоо зохицуулалтгүй байсан учраас асар олон иргэд хохирсон. Хувийн тэтгэврийн сангийн зохицуулалт нэхээд байгаа шалгаан нь тэр. Өнөөдөр ганц ард лайф, Голомт банкны хажууд “Тус” хувийн тэтгэврийн сан, Орос Монголын хамтарсан төмөр зам гэх мэт компаниуд тэтгэврийн сангуудтай. Төрийн өмчит компани тэтгэврийн сантай байна.
- Тэтгэврийн даатгалын сан 19%, нийгмийн даатгал 26 хувь байна. Баланс дээр харахад нийгмийн даатгалд өгөхгүй бол ажилтны цалин дээр нэмэгдэж орох мөнгө. Хүний орлогоос 26% -ийг авч байгаа мөнгө.
- 10% бага татвартай байна гэдэг. Гэтэл үнэндээ авч байгаа хэмжээгээр тооцох юм бол 36% байдаг.
НДШ-ИЙГ БУУРУУЛАХ БҮРЭН БОЛОМЖТОЙ
ОУ-ын актуарч Д. Гантулга:
- Нийгмийн даатгалын сан хоосорчихлоо гээд тэтгэврийн параметр болох насыг нэмэх, шимтгэл нэмэх гэх мэт параметрүүдийг оролдох нь шинэчлэл биш. Нийт том зургаараа цалинд суурилсан тогтолцоо маш хэцүү болоод шимтгэлд суурилсан руу шилжээд алдагдалд ороод байгаа. Монголын төр энэ шинэчлэл хийхгүй маш удаан байгаа нь нөхцөл байдлыг хүндрүүлж байна.
- Одоо байгаа тэтгэврийн тогтолцоо болохгүй байгаа хоёр жишээ хэлье. Нэгдүгээрт: 2020 оны байдлаар дундаж тэтгэвэр 409,000 төгрөг, доод хэмжээ 350,000 төгрөг. Өөрөөр хэлбэл дундаж доод хоёр нь бараг нийлчихсэн. 80% гаруй нь тэтгэврийн доод хэмжээний тэтгэвэртэй. Тэгэхээр энэ тогтолцоо ажиллахгүй байна гэсэн үг.
- Одоо байгаа тогтолцоог тэр чигт нь суурьт шимтгэл болгож, нийгмийн даатгалын хувийг бууруулах хэрэгтэй. Одоо байгаа 19%-ийг бууруулж суурь тэтгэвэр болох 5%, 14% хуримтлал болох хэрэгтэй.
- Эхний ээлжид сайн дурын тогтолцоонд шилжээд, хөлөө олсны дараа дараа нь 14%-ийг мөн сайн дурын сангууд удирдах эрхтэй болгох хэрэгтэй. Үүнийг үндсэндээ шинэчлэл гэж нэрлэж байгаа.
- Хоёрдугаарт: одоо байгаа тогтолцоог шинэчилж байгаа гээд одоо тэтгэвэр авч байгаа хүмүүсийг орхиж байгаа биш. Энэ тэтгэвэр авч байгаа хүмүүс дотор маш шударга биш зүйл яваад байгаа. Тухайлбал өнгөрсөн 2020 оны 1-р сард улсын УИХ-аас тэтгэврийн хэмжээг нэмэхдээ 500,000 төгрөгөөс доош тэтгэвэртэй хүмүүсийг 30,000 төгрөгөөр нэмээд, 500,000 дээш тэтгэвэртэй хүмүүс 20,000 нэмсэн. Тэгэхээр төр нь тэтгэврийг хүчээр бууруулаад, өндөр тэтгэвэр авдаг хүмүүсийг доод тэтгэвэр рүү оруулаад байна. Тэтгэврийн том зөрүү үүсгэсэн. Ядаж хувиар нэмэх ёстой.
- Тэтгэврийн сангийн тогтолцоог яаж шинэчлэх ёстойг хэлье. Арга нь бол ирээдүйн өв сан дээр цугларч байгаа мөнгөө ашиглах ёстой. 2021 онд 1.6 их наяд төгрөг улсын төсөв рүү орж ирж байгаа. Тэндээс хуулиараа 65%-ийг нь ирээдүйн өв сан руу өгч байгаа. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ямар байсан тохируулга хийгээд зөрүүгээ авахаар эндээс 990 тэрбум төгрөг орж байгаа. Нэмээд ногдол ашиг 150 тэрбум, хүү нь нэмэгдээд 2021 онд хүний хөгжлийн сангийн өрийг дарсан. 1.2 их наяд төгрөг ирээдүйн өв сан хийж байна.
- Дараагийн үед шилжээд ирэхэд АМНАТ-аас бага хувийг аваад байх бүрэн боломжтой. Бид байгалийн баялагтай улс. Байгалийн баялгаа ашиглаад энэ шинэчлэлийг хийх боломжтой.
- МАН-ын мөрийн хөтөлбөрт тэтгэврийн шинэчлэл хийнэ гэж олон удаа тусгалаа. Яриад суух биш одоо зоригтой хий л дээ. Ийм том хэмжээний шинэчлэл хийхэд зоригтой байх хэрэгтэй. Энэ бүх яриад байгаа эрсдэл, айдас чинь зохицуулалтаар шийдэгдэх ёстой. УИХ дээр зохицуулалтаа сайн хийх хэрэгтэй. Тэгэхээр тэтгэврийн сангууд зохицуулалтаа сайн хийгээд жилийн эцэст аудитаар дөрвөн томыг нь оруулаад, актуарчид нь тооцоог нь хийхийг заагаад өгчих.
- Санхүүгийн зохицуулах хороо олон улсын эрхтэй актуарчаар даатгал хийлгэх хэрэгтэй.
- Энэ бүх шинэчлэлийг хийхэд шаардлагатай мөнгийг одоо бид монголчууд жил бүр 1.2 их наяд төгрөгийг ирээдүйн өв санд хийж байна. Үүнээс 101-ийг аваад хэрэглэ. Тэгээд энэ бүгдийг хйиж болно. Үгүй бол энэ тогтолцоо маань бүх нийтийг хамраад гоё сайхан юм ярьсаар бодит байдал дээр тэтгэвэр нь хүрэхгүй, насаараа ажиллаад бүгдээрээ ядуу болчихсон байна.
- Миний хувь хүн мэргэжилтний үүднээс харахад малчдыг төр нийгмийн харилцаанд оруулмаар байна. Малчдаас татвар авдаг, нийгмийн даатгалын харилцаанд оруулдаг байх. Тэнд хоршоод үүсгээд шууд энэ нийгмийн даатгал руу орох хэрэгтэй. Хэрэв туслах малчинтай байвал хөдөлмөрийн харилцаа үүсэж байвал заавал хөдөлмөрийн гэрээ байгуулаад, цалингаас нь төлөх ёстой гэх мэт.
ТӨР НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГ УДИРДАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА
“Өлзий энд ко капитал” ХХК-ийн захирал Б. Өлзийбаяр:
- Манайх шиг хүн амын дундаж наслалт нь богино улс оронд нийгмийн даатгалын сан нь алдагдалтай ажиллаж байна гэдэг тогтолцооны гажуудлыг илэрхийлж байна. Эрэгтэйчүүдийн дундаж наслалт 64 байдаг. 60 настай тэтгэвэрт гарна. Дөрөвхөн жил л тэтгэвэр авч байна гэсэн үг.
- Нийгмийн даатгалын санг мэргэжлийн хүмүүс удирдахгүй байна. Мөн хэт улс төржүүлээд байна. Жишээ нь нийгмийн даатгалын санд байсан мөнгөнөөс 200 гаруй тэрбум төгрөгийг Капитал банканд хадгалуулаад алдсан. Ямар ч жирийн иргэн тэр банкны тайлан балансыг хараад хараад сая төгрөг ч хадгалахааргүй банканд төр яагаад иргэдийн мөнгийг өгчихөж байгаа юм. Энд ямар зөв менежмент удирдлага байхгүй байна л гэсэн үг.
- Хувийн хэвшлийг төлөөлж ярьж байгаагийн хувьд хэлэхэд бид нийгмийн даатгалын сан руу татвар төлөөд, сан нь алдагдалтай ажиллаад, улсаас тэр алдагдлыг нь нөхөх гэж бидний төлсөн татвараас дахин төлж байна шүү дээ. Бид энэ сангийн алдагдлын төлөөдхоёр дахин төлж байна гэсэн үг.
- Бид өнгөрсөн онд тэтгэврийн реформ хөдөлгөөн байгуулж тэтгэврийн сангийн тогтолцоог яаж шинэчлэх талаар маш бүх талын тооцоо судалгаа хийсэн. Яаман дээр очиж уулзахдаа судалгаа тооцооллоо танилцуулахад яамны судалгаатай таарч байсан.
- Манайд одоо Ард Лайф зэрэг хувийн тэтгэврийн сангийн компаниуд байгуулагдаад ажиллаад эхэлсэн. Гэтэл энэ чиглэлийн эрх зүйн зохицуулалт одоог хүртэл байхгүй байна. Зохицуулаалт гаргаж өгөөч ээ гэж хүсээд байдаг Зохицуулалтгүй удаан явах нь муу, зах зээл дээр юу ч болж болно.
- Тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг гэхдээ аажмаар олон жил зарцуулна. Жишээ нь НДШ-ээс тэтгэврийн сан руу хийж байгаа 19%-ийг эхлээд 18% болгоод 1%-ийг хуримтлал руу оруулах байдлаар ч юм уу аажмаар шилжинэ. Одоо бол төрд тушааж байгаа татвар шиг болчихсон байна.
- Хувийн тэтгэврийн сан, хуримтлалын сантай болох нь хувь хүндээ ч, аж ахуйн нэгждээ л маш олон ач холбогдолтой. Хувь хүндээ тэтгэвэрт гарахдаа хуримтлалтай болно. Ажил олгогч талдаа сайн ажилтнаа олон тогтвортой ажиллуулах боломж болдог.