Хэн нэг нь эрх мэдлээ тогтоох зорилгоор бусдыг янз бүрээр дарамтлахыг хүчирхийлэл гэнэ. Хэн нэгэн этгээд өмнөө тулгарсан зорилгодоо хүрэхийн тулд албадлага, хүч хэрэглэх аргыг хэрэглэхийг хэлнэ. Дарамт шахалт үзүүлж бэлгийн харилцаанд оруулах зэрэг ийм төрлийн үйлдэл нь гэмт хэрэг мөн.
Бэлгийн дарамт гэж юу вэ?
Ажлын байранд танд хэн нэгэн эвгүйцмээр хөдөлгөөн харуулах, хоргоох, татаж чангаах, биеийн нууц, онцгой хэсгүүдэд хүрэх, тэврэх, үнсэх, базахаас эхлээд хувцсыг тань тайлахыг оролцох, бэлэг эрхтнээ шүргүүлэх, надтай бэлгийн харилцаанд орвол "харж үзнэ", "тушаал дэвшүүлнэ", "цалин нэмнэ" гэх мэт үгс хэлж байсан уу? Энэ бүхнийг ажлын байран дахь бэлгийн дарамт гэж нэрлэдэг.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд:
“Бэлгийн дарамт” гэж бусдыг хүсээгүй байхад бэлгийн сэдлээ үг хэлээр, биеэр буюу өөр хэлбэрээр илэрхийлсэн, эсхүл хурьцал үйлдэхээс аргагүй байдалд оруулсан, мөн бэлгийн сэдлийн улмаас ажил, албан тушаал, эд материал, сэтгэл санааны болон бусад байдлаар хохироох үр дагавар бүхий тэвчишгүй орчин үүсгэх, айлган сүрдүүлэх, тулган шаардах зэрэг үйлдэл, эс үйлдэхүйг" хэлнэ гэж заажээ.
ХҮЧИРХИЙЛЛИЙН ХЭЛБЭРҮҮД
Эрүүл бус харилцаанд байхад хүчирхийлэл байнга нэг хэлбэрээс нөгөө рүү шилжиж байдаг. Мөн та одоо эрүүл хэвийн харилцаанд байж болох ч ирээдүйд учрах эрсдлээс өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ хамгаалахыг тулд мэдлэгтэй болоорой.
БИЕ МАХБОДЫН ХҮЧИРХИЙЛЭЛ
Хэн нэгний хүсээгүй зүйлийг хийлгэхдээ биеийн хүчээ ашиглаж эсвэл хүний биенд халдаж, бие махбодын гэмтэл учруулахыг бие махбодын хүчирхийлэл гэнэ.
Жишээ нь:
- Хүсээгүй байхад нь биед нь хүрэх (биейин аль ч хэсэг байж болно)
- Түлхэх
- Алгадах
- Эд зүйл шидэх, чулуудах
- Шүргэх
- Чимхэх
- Гижигдэх
- Өшиглөх
- Үснээс зулгаах
- Гар мушгих;
- Гарах, орохыг хориглох. Хаалга түгжих, хааж зогсох, түлхэх гэх мэт биеийн хүчээ ашиглах
- Тань руу дайрах (өрөө рүү эсвэл гэр лүү чинь)
- Өөрт нь таалагддаггүй зүйлсийг хорих, хийхгүй байхыг шаардах (таны бодлыг үл тооно)
- Таны бие махбод гэмтсэн, өвдсөн тохиолдолд бусад хүмүүст хэлж тусламж авахыг зөвшөөрөхгүй, хориглох
- Таны хамтрагч албаар өвдөж гэмтэх
- Таны хамтрагч албаар таныг айдастай болгох
- Таныг нойргүйдүүлэх, өлсгөх эсвэл ариун цэврийн өрөө хэрэглэхэд саад болох, хориглох
- Гэх мэтчилэн бусад бие махбодын гэмтлүүд
- Хамгийн аймар нь: амь насаар хохироох
БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ
Энэ нь тухайн хүн хүсээгүй байхад түүний зөвшөөрөлгүйгээр эсвэл зөвшөөрөл авахгүй, асуухгүйгээр үйлдсэн ямар ч бэлгийн болон бэлгийн эд зүйлтэй холбоотой үйлдлүүд болон үйл явдлуудыг хэлнэ. Энэ нь шууд болон шууд бус үйлдэл байж болно. Жишээ нь: хүн “үгүй” гэж байхад түлхэх, амыг нь гараар дарах эсвэл согтуу, унтаж байсан эсвэл бие махбодын гэмтэл авахаасаа айсандаа дуугүй байсан тохиолдлууд.
Мөн сэтгэл санааны дарамтанд оруулан хүнийг бэлгийн харьцаанд орохыг шаардаж байвал энэ нь хүчирхийлэл юм. Мөн хамтрагчийнхаа албадлагаар өөр хүнтэй бэлгийн харьцаанд орж байгаа бол бас л бэлгийн хүчирхийлэлд тооцно.
Ямар нэгэн байдлаар зөвшөөрөл авч, харилцан тохиролцоогүй л бол бэлгийн хүчирхийлэл гэдгийг санах хэрэгтэй.
Бэлгийн хүчирхийллийн хэлбэрүүд:
- Бэлгийн сэдэлтэй зөвшөөрөлгүй биед хүрэх эсвэл хүрэх гэсэн оролдлого
- Бэлгийн сэдэлтэй магтаал, үгсийг хүсээгүй байхад хэлэх
- Тухайн хүнийг нүцгэх байхад, бэлгийн харьцаанд орж байхад эсвэл гар хангалга хийж байхад зөвшөөрөлгүй ширтэх, зургийг нь авах
- Бэлэг эрхтнээ харуулах
- Порно үзэхийг албадах
- Нүцгэлэх эсвэл биеийн аль нэг хэсгээ харуулахыг шаардах
- Аман секс хийхийг албадах (ямар ч төрлийн)
- Бүх төрлийн бэлгийн ажлыг хийхийг шаардах, албадах
Сэтгэл зүйн хүчирхийлэл
Тодорхойлоход хамгийн хэцүү хүчирхийллийн хэлбэр билээ.
Нэгдүгээрт, энэ төрлийн хүчирхийлэл нь шууд танигддаггүй, ойлгомжгүй байдаг. Бие махбодын болон бэлгийн хүчирхийлэл нь арай илэрхий байдаг бол сэтгэл зүйн хүчирхийлэл нь далд талдаа. Хоёрдугаарт, хүчирхийлэлтэй харилцаанд байдаггүй хүмүүс үл ойлголцолын үед доорх бичсэн зүйлстэй учирсан байж магадгүй. (хоолойгоо өндөрсгөх,буруутгах г. м.) Гуравдугаарт, жагсаалтанд байгаа зарим зүйлс хоёр талтай. Дөрөвдүгээрт, жагсаалтанд бичсэн үйлдлийг өөрийгөө хамгаалах гэж хийсэн байж болно. (зодуулахаас зайлсхийж үгээр дарамтлах гэх мэт)
Сэтгэл зүйн хүчирхийлэл:
- Заналхийлэх, айлган сүрдүүлэх
- Дарамт шахалт (хүчирхийлэгч нөгөө хүнийхээ зан араншин, үйл хөдлөлөө өөрттаалагдах байдлаар өөрчлөхийг шахах )
- залилах
- Хардах, дагах (хүсээгүй байхад нь хэтэрхий их анхаарлаа хандуулах, залгах, бэлэг болон захидал өгөх, мессеж бичих, тандах, дагаж явах, мөрдөх)
- Бэлгийн дарамт (дээр дурьдсан байгаа);
- Байнгын шүүмжлэх, дутуу үнэлэх, доош нь хийх, үл хүндэтгэх;
- Биелүүлшгүй хэцүү хэт их шаардлага
- Мэдрэмжийг нь үл ойшоох
- Нөгөө хүнийхээ үзэл бодлыг үл тоох эсвэл өөрийн гэсэн үзэл бодолтой байхыг нь хорих
- Дуугаа өндөрсгөх, орилох
- Бүдүүлэх байх;
- Ойр дотны болон бусад хүмүүстэй уулзахыг хориглох
- Эрх чөлөөг нь бие махбодын хүчирхийлэл үйлдэхгүйгээр хязгаарлах
- Хувийн орон зай руу халдах (өдрийн тэмдэглэл, утас үзэх, цахим орчин дахь хувийн хаягууд руу нэвтрэх гэх мэт)
- буруутгах
- Доромжлох, шоолох, наргиа хийх (ялангуяа олны өмнө);
- Тухайн хүний ярихыг хүсэхгүй байгаа зүйлсийг гуравдагч хүнд хэлэх
- Хувийн эд зүйлсийг нь устгах, хаях
- Гэрийн тэжээвэр амьтныг нь алах эсвэл гэмтээх
- Заналхийлэх, буруутгах, удирдах гэж оролдох, гоншигонох
- Ярилцахаас зайлсхийх
- Үл тоох/үл хайхрах
- Тухайн хүнийг буруу байсныг өөрт нь нотлох гэж оролдох, мэдрэмж болон сэтгэл хөдлөлийг нь үндэслэлгүй байсан тухай бас ярих, өөрийнх нь буруугаас болж итгэлээ алдсан гэж итгүүлэх
- Шууд бусаар түрэмгийлэх
Тиймээс бэлгийн дарамт ямар байдлаар илэрдэг, хаана үйлддэг, үүнд хэн өртдөг бас хаана хандаж тусламж авах вэ?
ХҮЧИРХИЙЛЭЛ БАЙГАА ЮМ БАЙНА, ОДОО ЯАХ ВЭ?
Хэрвээ таны дотны харилцаанд хүчирхийлэл байгаа бол та юу хийх вэ?
Энэ чухал 3 дүрмийг санаарай:
- Тусламж хүс Найз нөхөд, хамаатан садан, ажлын хамтрагч, танил, багш, сэтгэл зүйч, тусламжийн төвүүд, цахим орчин дахь групп гээд танд тусалж чадах хүмүүст хандаарай. Та “сул дорой” учраас ийм зүйл тохиолдсон гэсэн үг биш, ичих зүйл биш шүү. Харин та өөрийнхөө амьдрал, эрүүл мэндийн төлөө тусламж хүсэхдээ битгий санаа зовоорой.
- Өөрийгөө битгий буруутга! Хүчирхийлэл үйлдсэн хүн өөрийн хариуцлагаа хүлээн ёстой болохоос биш та биш. Таны буруу мэт санагдаж болох ч тийм биш гэдгийг өөртөө байн байн сануулаарай.
- Өөрийнхөө төлөө өөртөө санаа тавь Бусдад биш өөртөө санаа тавьж өөрийгөө бод.
Холбогдох дугаарууд:
Цагдаагийн шуурхай дуудлага 102
Хүчирхийллийн эсрэг үндэсний төв 7011 9949, 9649 0505
Хууль зүйн туслалцаа, зөвлөгөө авах бол 70001982 (Хууль зүйн туслалцааны төв),
Хүний Эрхийн Үндэсний Комиссын гомдол гаргах утас 7000 0222 дугаарт холбогдох боломжтой.