“Өрөг.мн” сайт “Тэр” буландаа Ард кредит ББСБ-ын цахим зээлийн албаны ажилтан Ө.Мөнхтөрийг урьж ярилцлаа.
Тэрээр харааны бэрхшээлтэй ч мянга мянган хөгжлийн бэрхшээлтэй залуусын төлөөлөн болон хүсэл мөрөөдлийнхөө төлөө төр, хувийн байгууллагад ажиллан чамлахааргүй амжилт гаргаад байгаа залуусын төлөөлөл юм.
-Сайн байна уу. Өөрийгөө танилцуулахгүй юу?
-Сайн байна уу? Намайг Өлзий-Очирын Мөнхтөр гэдэг. Булган аймгийн Хутаг Өндөр суманд хилчин гэр бүлд төрсөн. Одоогоор санхүү эдийн засагч мэргэжилтэй, давхар харааны бэрхшээлтэй хүмүүсийн компьютер техник технологитой хэрхэн харилцах, тэдэнд компьютер техник технологийг заах хүртээмж технологийн мэргэжилтэн. Одоо Ард кредит ББСБ-ын цахим зээлийн албанд ажилладаг.
-Хэзээнээс харааны бэрхшээл тулгарсан бэ?
-Багаасаа хараа муутай, шөнө сул хардаг, хараа муутай хүүхэд байсан. Багаасаа хүүхдүүдтэй, найзуудтайгаа нээлттэй байсан болохоор миний бага нас бол гэрэл гэгээтэй өнгөрсөн.
МУИС-ийн Орхон сургуульд санхүү эдийн засгийн ангид 4 жил суралцаад 2015 онд сайн төгссөн. Нэг банк бус санхүүгийн байгууллагаас урилга аваад төгсөж байсан.
-Хараа нь улам л муудсаар байсан байх нь ээ?
-Цаашид хараагаа сайжрахгүй гэдгээ эмч нараас мэдсэн байсан. Би хараагаа тухайн үед сул тал, бэрхшээл гэж хардаг байсан. Ганцаараа хараагүй юм шиг боддог. Үүнийг яаж даван туулах вэ гэж их хичээдэг байсан.Тухайн үед компьютерыг л илүү сайн сурах ёстой юм байна гэж бодсон. Компьютертай их найзалдаг байсан.
Их сургууль төгсөөд бүх юм доошоо унаад, тэгээс эхэлж байгаа юм. Их сургуульд сурсан 4 жил хий дэмий өнгөрөөсөн юм шиг санагдаж байсан үед анх Хараагүйчүүдийн холбоотой уулзаж байсан. Тэндээс таяг барьж сураад, хажуугаар нь компьютероо сайжруулаад бүгдийг тэгээс эхэлсэн. Анх харж байсан болохоор суурь сайтай, зургаан сарын дараа гэхэд урд нь хардаг байсан магадгүй түүнээсээ илүүтэйгээр компьютер дээр ажилладаг болсон.
-Мэргэжлээрээ ажиллахад амаргүй байв уу?
-Санхүүгийн хүн банканд орлоо гэхэд теллерээс эхэлдэг. Бүх юм бичиг цаастай холбоотой надад хүндрэлтэй байсан. Би нэг хэсэг ногоо тарих гэж үзэн төсөл бичиж байсан.
2018 онд хүртээмжид технологийн мэргэжилтнээр төгсөөд Нийгмийн даатгалын ерөнхий газарт анх ажилд орж байсан. Мэдээллийн ажилтнаар тэнд ороод хамт олон гэж ямар байдаг уу, ажил яаж явдаг уу гэдгийг НДЕГ-аас их зүйл сурсан.
-Ард санхүүгийн нэгдэлтэй хэрхэн ажил амьдралаа холбосон бэ?
-Анх 2017 онд Ард санхүүгийн нэгдэл дээр ирээд “Хөрөнгө оруулагч банкир” гээд тэмцээнд оролцоод энэ байгууллагад орох юмсан гэдэг том мөрөөдөлтэй болсон.
Төрийн байгууллага, хувийн хэвшилд харааны бэрхшээлтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс баялаг бүтээгч болдгийг харуулах юмсан гэсэн зорилготой байсан учраас сайн хичээж ажилласан.
Нэг жил гаран НДЕГ-т ажиллаад Ард санхүүгийн нэгдэлд ажлын зар тавигдангуут анкетаа өгсөн чинь тэнцээд өнөөдөр яг энд мөрөөдөл, зорилгынхоо дагуу Ард ББСБ-д орж ирээд ажиллаж байгаа.
Өөрөө хичээгээд зүтгээд явах юм бол ямар ч ажлын ард гарч болно гэдгийг өөр дээрээ мэдэрч бусад залуустаа уриалаад явж байгаа.
-Нийгмийн харилцаанд ороод гадуур явахад хүндрэлтэй асуудлууд хэр тулгарч байна?
-Тухайн үед бэрхшээлтэй санагдаж байсан одоо ч гэсэн нийгмийн харилцаанд ороод гадуур явахад юу саад болж байна вэ гэхээр орчны хүртээмжгүй байдал байна. Би ямар автобусанд суухаа мэдэхгүй байгаад байна. Тэр нь илүү бие дааж амьдрах эрх, боломжийг минь хязгаарлаад байгаа.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөдөлмөрийн зах зээл хүрээгээ тэлж хүрч чадаж байгаа юу?
-Одоо бол хөдөлмөрийн зах зээл талаасаа харьцангуй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажлын байранд авья, ажиллуулья, хамт олонд тэгш хамруулан хөгжүүлье, хэнийг ч орхих ёсгүй гэдэг ч юм уу ажил олгогчийн зүгээс хандлага сайжирсан.
-Өөрийг тань хараад харааны бэрхшээлтэй гэж мэдэхгүй хандах тохиолдол гардаг байх аа?
-Намайг компьютерынхаа ард сууж байхад харааны бэрхшээлтэй гэж мэддэггүй. Миний нүд хагалгаа хийлгээгүй болохоор хүн харахад хараатай юм шиг харагддаг. Манай ажилд шинээр орсон залуу долоо хоногийн дараа цагаан таягтай явахыг хараад л мэдсэн гэсэн.
-Гэр бүлээ танилцуулахгүй?
-Манай гэр бүлийн хүнийг н.Шүрэн-Эрдэнэ гэдэг. Надтай адилхан харааны бэрхшээлтэй. Харааны бэрхшээлтэй хүмүүсийн эрхэлдэг бариа заслын мэргэжилтэй. Анх надад харааны бэрхшээлтэй хүмүүсийн ертөнцийг таниулж өгсөн. Хүүхэд маань гараад амьдрал үргэлжлээд явахад хоёр талаасаа биднийг маш сайн дэмждэг.
Бид маш сайн биеэ даасан. Хоёулаа, гурвуулаа байхад ямар ч асуудалгүй, гэрийнхээ бүх зүйлийг хувааж хийгээд үр хүүхдээ өсгөөд явахад ямар ч асуудалгүй байгаа.
Хүүхэд маань гурван настай. Манай хүүхэд зүгээр хардаг. Бид хоёр сүүлд хараагүй болсон учраас ямар нэгэн удамших зүйл байхгүй байсан юм билээ. Хүүхэд маань бидэнд туслаад “Ээж ээ, энд юм байна, тэнд юм байна” гээд хөөрхөн ярьдаг дээрээ байгаа. Манай хүүхэд өвөө, эмээ дээрээ өссөн. Бид саяхан тусдаа гараад ээж ирчихсэн халуун ам бүлээрээ хамт байна.