Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат Сүхбаатарын талбайд суулт зарлалаа. Тэрбээр "Капитал банкны 234 тэрбум төгрөгийг төлүүл", "Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийг цуцал" гэсэн лоозон эргэн тойрондоо тавьжээ.
МҮЭХ-ны зүгээс 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 2 хувиар нэмэгдүүлсэнтэй холбоотой гарч буй хүндрэл бэрхшээл, цар тахлын нөхцөлтэй уялдуулан уг хуулийн хэрэгжилтийг тодорхой хугацаагаар хойшлуулах талаар шаардлага тавьж, Ерөнхий сайдад хандаад байгаа юм.
МҮЭХ болон мэргэжил, үйлдвэрлэлийн 14 холбоо хамтран өчигдөр нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар нэмэгдүүлсэн шийдвэрээ цуцлах шаардлагыг Засгийн газар, УИХ-д хүргүүлж буй талаараа мэдээлэл хийсэн.
МҮЭХ-ны дэд ерөхийлөгч С.Эрдэнэбат “Би ганцаараа сууж шаардлагаа тавья. Манай гишүүд дэмжиж байгаа бол битгий ирээрэй. Харин та бүхэн шаардлага, саналуудаа УИХ-ын гишүүд, шийдвэр гаргагч нарт хүргээрэй. Тэгвэл энэхүү шаардлагыг маань дэмжиж байгаа хэлбэр болно шүү. Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдсэн асуудлыг нэн яаралтайгаар УИХ шийдэх ёстой. Засгийн газар ковидийн үед энэ асуудлыг цуцлая гэдэг байр сууриа илэрхийлсэн. Одоо үүнээс чухал асуудал байхгүй гэж би бодож байна.
Дээрээс нь НДШ-ийг нэмэхэд хүргэсэн нэг шалтгаан нь Сангийн яамны алдагдал, үүнд 234 тэрбум төгрөгийн өр өнөөдөр банк дампуураад хоёр жил боллоо.
Хүүгээр бодоход өнөөдөр 65 тэрбум төгрөгийн хүү алдсан байна. Өнөөдөр ч энэ өр хэзээ барагдах нь тодорхойгүй байна. Тиймээс Үйлдвэрчний эвлэлийн байгууллага энэ асуудлыг удаа дараа шаардсан. Энэ бүхний араас хөөцөлдөж тэмцэж байх ёстой Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд ашиг сонирхлын зөрчилтэй. Лоббигоор томилогддог хүмүүс нь ар араасаа байж байна. Хариуцлага хүлээж нэрээ татах ёстой. Зарим нь монголд амьдардаггүй хүмүүс ч байна. Хуралдаа нэг ч суудаггүй хүмүүс байна. Өнөөдөр би ингээд суух биш тэр хүмүүс нь ажлаа хийж байх ёстой.
ЭМД-ийн 134 тэрбум төгрөг өнөөдөр төлөгдөөгүй байж байдаг. Гэтэл бид өнөөдөр гадаадаас вакцины мөнгөө зээлье гээд сууж байдаг. Олон мянган хүмүүс хавдар, зүрх судасны өвчлөлөөр нас барж байна.
Мөнгөгүй IMPA зургаа авахуулж чадахгүй дугаар нь сарын дараа үзүүлэх байхад хоногоор амь нас нь тоологдож байгаа хүмүүсийн амь нас эрсдэлд орж байна.100 мянган орчим хүн ажилгүй болж эхэлж байна. Энэ хүмүүст тэтгэмж үзүүлэх ёстой даатгалын мөнгө Капитал банканд байж байдаг.
Өнөөдөр үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөл буюу ажлын байран дээрээ ковид тусаад уушги нь ахиж сэргэхгүйгээр хөдөлмөрийн чадвараа алдаж байгаа хүмүүст хамгаалах асуудал дээр 60 тэрбум төгрөг байгаа шүү дээ. Үүнийг барагдуулдаггүй. Үүнийг барагдуулья тэмцье гэхээр УИХ нь өөрөө Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаа үүнийг идээд уусан юм шиг бидэн рүү чихээд үеийн үед парламент, сайд нар өөрийнхөө лоббины хүмүүсийг Үндэсний зөвлөл, хороонд оруулдаг болсон.
Одоо шүүхийн зөвлөлийг харж байхад өөрийнхөө хүнийг оруулья гэсэн уралдаан явж байна. Улс төрчид Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангаас хол байдаг юм. Үүнд даатгуулагчдыг оруулах ёстой. Гурван сайд нь орсон. Дахиад өөр нэрээр хүмүүсээ лоббидоод оруулж байдаг. Үүний төлөө тэмцье гэхээр төрийн байгууллагууд нь нийлж байгаад эсрэг ажилладаг.
Одоо Монголбанк, Сангийн яам, ХЗДХЯ-ныхантай 2019 онд уулзаж байсан. Энэ мөнгийг нэн тэргүүнд барагдуулаач ээ гэж хэлээд байхад хамгийн сүүлд оруулчхаад энэ чинь төрийн мөнгө, даатгуулагчид хадгаламж эзэмшигч биш, танд мэдээлэл өгөхгүй гээд суудаг.
Зээл авсан даатгалын мөнгийг шамшигдуулсан хүмүүсийн нэрийг олон нийтэд зарла. Өнөөдөр эрх хүлээн авагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ огцор. Даатгуулагчдыг оруулаад ажлын тусгай комисс УИХ-аас томил. Тэгж байж энэ мөнгийг барагдуулахгүй бол банк дампууруулж хэсэг бүлэг хүмүүс хождог аргаараа энэ мөнгийг зувчуулья гэж байгаа бол бүтэхгүй. Энэ мөнгөө барагдуулаагүй байж шимтгэл нэмдэг. Дахиад хэзээ нэмэхийг үгүйсгэх арга байхгүй.
Өнөөдөр хүн амын эрэгтэйчүүдийн 52 хувь, эмэгтэйчүүдийн 24 хувь нь тэтгэврийн даатгал насаараа төлж 54-59 насандаа нас барж байгаа. Энэ бол аймшигтай тоо. Эрэгтэйчүүдийн хоёр хүн тутмын нэг нь тэтгэврээ авч чадахгүй нас барж байхад түүнийг ар гэрт нь өвлүүлье гэдэг асуудал юу болов. Үүнийгээ хий, шаардаж байна.
Өнөөдөр УИХ-ын гишүүд амралтын байдалтай гэрээсээ камераа унтраагаад кофегоо уугаад хувийн ажлаа амжуулаад хурал дээрээ кноп дардаг юм уу, үгүй юм уу. Энэ асуудалд ач холбогдол өгөхгүй, цар тахал гэж ярьж сууна. Төрийн ажил их байхад өнөөдөр 24 цагаар хуралдсан ч яадаг юм. Өнөөдөр шийдэх асуудал маш их байна. Энэ бүр дээр МҮЭ санал, санаачилга тавихаар ерөөсөө хүлээж авахгүй. Хэлэлцээр хийе гэхээр 14 хоног хойшлуулдаг.
Ковидийн эсрэг МҮЭ, ажил олгогч нар маш их санаа зовж байгаа. Тиймээс би өнөөдөр олон мянган цуглуулалгүй өөрөө ганцаараа байж байна” гэлээ.