Манай төрийн байгууллагууд барилгаа шинэчилж, шил толь болсон оффисуудад нүүж орсон нь түгээмэл болсон бол нөгөө талдаа улсдаа ганцхан Түлэнхийн төв ГССҮТ-ийг хаяад өвчтөнүүд үйлчилгээ бүрэн авч чадахгүй өдөр хоногийг барсаар байна. Шүүх, цагдаа, прокурор, АТГ зэрэг хууль хяналтын байгууллагаас эхлээд яамд, хотын захиргаа, дүүргүүд зэрэг ихэнх төрийн байгууллага орд харш мэт сүрлэг байшингуудад нүүж оров. Өргөтгөл нэртэй үндсэн байрнаасаа том байгууламжийг бүтээн босгож, тухалсан ч байдаг. Хамгийн хачирхалтай нь албан хаагчдын дээрх тухлаг орд харшууд маш богино хугацаанд сүндэрлэчихдэг нь сонин.
Тухайлбал, 2018 онд Мөрдөн байцаах албаныхан найман сарын хугацаанд гурван давхар хуучин барилгын суурин дээрээ есөн давхар 6809 мкв хэмжээтэй орчин үеийн дэвшилтэт техник технологиор бүрэн хангагдсан шинэ байртай болж нүүж орсон байдаг.
Түүнчлэн Сүхбаатарын талбайн урд талын Хонхтой цэцэрлэгт хүрээлэнд улирлын чанартай ажиллах усан оргилуур гурван сарын дотор сүндэрлэсэн.
Өдгөө хэзээ нүүж орох нь тодорхойгүй нийслэлийн шинэ Хангарьд ордон хотын захад баригдаад дууссан.
Төр иргэн бүртээ хүрч үйлчлэхийн тулд тохилог, том сууц сав хамгийн их “хэрэгтэй” байсан бололтой. Төрийн ордны зүүн хойд уулзвараас Улаанбаатар банкны хойд уулзвар хүртэл ганц км орчим газар алхахад замын урд талд Төрийн тусгай албан хаагчдын долоон давхар нэгдсэн эмнэлэг, цаана нь сүндэрлэн харагдах Хууль зүйн яамны сүрлэг саарал ордон, Цагдаагийн ерөнхий газрын зургаан давхар байр, Прокурорын ерөнхий газрын дөрвөн давхар, саарал хавтангаар бүрсэн шилэн барилга нүдэнд тусна. Замын эсрэг талд нь хэзээ мөдгүй ашиглалтад орох Чингис хааны музей гээд бараг л нэг цэгээс энэ бүхнийг тольдох боломжтой. Үүнээс гадна нийслэлийн болон дүүргүүдийн шинэ барилгуудыг дурдаж болно. Эдгээр барилга байгууламжуудын төсөв хэдэн зуун тэрбум төгрөгөөр хэмжигдэхээр байна.
Тэгвэл олны нэрлэж заншсанаар Зуун айл орчимд байрлах Түлэнхийн төвийн барилга нь эрүүл мэндийн үйлчилгээ явуулах боломжгүй болсноор 2011 онд Төрийн өмчийн хорооноос акт тавьж, Засгийн газраас эхний ээлжинд 3.8 тэрбум тэрбум төгрөгийн санүүжилтийг шийдэн, барилгыг нь нураах ажил эхэлсэн түүхтэй.
Түлэнхийн төвийн барилгын ажлыг 2014 оноос эхлүүлсэн ч өнөөдрийг хүртэл шинэ барилга нь ашиглалтад орж чадалгүй найм дахь жилээ үзэж байна.
Барилга ашиглалтад оролгүй найман Засгийн газрын нүүр үзсэн шалтгааныг холбогдох хүмүүс төсвөөс баталсан хөрөнгө оруулалтын зардал нь хаанаа ч хүрэлцээгүй, дээр нь газрыг нь хувийн компани авсан зэргээс шалтгаалж, маргаан гарсаар 2021 он руу шилжүүлсэн гэж тайлбарладаг. Харин Ж.Эрдэнэбатын Засгийн газар 2017 онд Кувейтийн сангаас Түлэнхийн төв байгуулахад зориулсан найман сая ам.долларын буцалтгүй тусламжийг татсанаар 6.8 сая ам.долларыг барилгад, үлдсэн 1.2 сая ам.долларыг тоног төхөөрөмжид зарцуулахаар төлөвлөсөн нь ажлыг нэлээд урагшлуулсан байна.
Төлөвлөснөөр бол долоон давхар, 250 ортой, түлэгдэлт, хөлдөлтийг төгс эмчилдэг, олон улсын стандартад нийцсэн Түлэнхийн төвийн шинэ барилга 2019 онд ашиглалтад орж, гэмтэж бэртсэн хүмүүсээ багтааж шингээхэд хэцүү байгаа Гэмтлийн эмнэлэг дангаараа үйл ажиллагаа эрхлэх боломж бүрдэх байв.
Улсдаа ганцхан Түлэнхийн төв өдгөө ч Гэмтэл согогын үндэсний төвийн нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж байгаа юм. Өнгөрсөн жилүүдэд өөрийн гэсэн байргүй хувийн эмнэлгийн хаяа бараадан түрээсийн байранд байснаа бодвол нөхцөл байдал бага зэрэг дээшилсэн гэж хэлэх болох ч ГССҮТ нь бас л улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг цор ганц томоохон төв нь. Аль аль нь өөрийн гэсэн байртайгаар үйл ажиллагаа явуулах ёстой ч өнөөдөр хаяа дэрлэн хэн хэндээ найр тавьсан байдалтайгаар үйл ажиллагаа нь хүндхэн л байна. Ачааллаа ч дийлэхгүй, стандарт бус хүнд нөхцөлд түлэгдсэн иргэд эмчлүүлж буй.
Түлэнхийн төвөө яаралтай ашиглалтад оруулахын тулд түүнийг шийдэх дарга нар "түлэгдэж үзэж" нөхцөл байдлыг мэдрэх ёстой юу?
Ц.Нарантунгалаг: Байргүйгээс эмч нар стандарт бус, маш хүнд нөхцөлд ажиллаж байна
ГССҮТ-ийн Түлэнхийн тасгийн эрхлэгч Ц.Нарантунгалагаас нөхцөл байдал ямар байгааг тодрууллаа.
-Түлэнхийн тасгийн одоогийн нөхцөл байдлын талаар тодруулахгүй юу?
-Манай тасаг гэмтлийн эмнэлгийн хамгийн олон ажилтантай тасаг. Дотроо мэс засал, сэхээний тасагтай. Тасаг дотроо бүтэцтэй том тасаг. Улсын хэмжээнд хүн амаасаа хамаараад 1-2 Түлэнхийн төв байх ёстой байдаг. Гэтэл өнөөдөр энэ нь байж чадахгүй байгаад байгаа нь тодорхой хэмжээний чиглэсэн тусламж үйлчилгээ иргэдэд 100 хувь сэтгэл ханамжтай хүрч чадахгүй л гэсэн үг.
Цар тахал гараагүй байхад манай эмнэлгийн өвчтөнүүд багтаж шингэхгүй байсан. Одоогоор ковид гээд хөл хязгаарлалттай байгаа учраас орны хүрэлцээ бол байгаа. Гэхдээ үндсэн түлэгдэлт, гэмтсэн хүмүүсийн тоо буурахгүй байгаа. Хүмүүс цар тахлын улмаас гэрээсээ ажиллан үр хүүхдүүдтэйгээ ажил багатай байгаа ч гэсэн түлэгдэлт байхгүй болохоор шүү дээ. Гэтэл өдийд дөрөвдүгээр сард арай бага байх үе ч тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. Зургаадугаар сараас есдүгээр сар хүртэл манайх ачаалал ихтэй байдаг.
-Өөрийн гэсэн байргүй 8 жил болж байна. Өнгөрсөн хугацаанд хувийн эмнэлгийн байранд хүртэл түрээс төлөн хэсэн зуур байсан шүү дээ.
-Тэр үед маш хэцүү байсан. Ор хүрэлцэхгүй. Дээрээс нь хүний газар байгаа хүмүүс чинь тухайн барилга, байгууламжид багтаж шингэх асуудал хэцүү байлаа. Одоо ч эндээ багтаж шингэх тал дээр хэцүү байсан ч ковид гарсан учраас байдал арай гайгүй ор хүрэлцээтэй байна. Хэрвээ цар тахал зогсох л юм бол манайх эргээд ачааллаа дийлэхгүй байдалд хүрнэ.
-Байрны хүрэлцээгүй давчуу байдал түлэгдэлттэй иргэдийн эдгэрэлтэд хүртэл нөлөөлдөг гэж сонссон?
-Ер нь шархтай хүмүүст тодорхой хэмжээний халдварын асуудал гардаг. Халдвартай холбоотойгоор тухайн өвчтөний байрлах метр кв-ын хэмжээ гэж байдаг. Энэ хэмжээндээ хүрэхгүй байгаа. Манай түлэнхийн тасаг түлэнхий, хөлдөлт, улс даяар 1-3 шатлалын бүх эмнэлгүүдээс арьс, зөөлөн эдийн дутмагшил, холголт, цооролттой өвчтөнүүдийг авдаг. Гэтэл бид өнөөдөр тэдгээр өвчтөнүүдээ авч чадахгүй байгаа. Учир нь багтаж шингэхгүй байна. Хоёрдугаарт тийм шархнууд дандаа халдварын асуудалтай байдаг учраас авч чадахгүй байгаа. Одоогийн байдлаар бид зөвхөн хөлдөлт, түлэгдэлт хоёроо авч байна. Дээрээс нь бид түлэнхийн дараах нөхөн сэргээх сорвины хагалгааг хийдэг байсан бол одоогоор энэ мэс ажилбараа огт хийхгүйгээр зогсоосон байгаа. Хэдийгээр манайд энэ асуудлаар хүмүүс хандаад ирдэг ч бид цар тахлын улмаас хийхгүй байна.
-Түлэнхийн төвийн шинэ байр ашиглалтад орвол олон асуудлыг шийдэх боломжтой гэсэн хүлээлт байна?
-Байгууламж маань 100 хувь ашиглалтад орвол бидэнд иргэдэд үйлчлэх нөхцөл, боломж нь илүү бүрдэнэ. Тэр үед иргэд илүү сайн эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжтой болно. Шинэ байраа хурдан ашиглалтад ороосой гэж бодож байна. Би л гэхэд энэ тасагт 13 жил ажиллаж байна. Тэгэхэд 2012 оноос хойш өөрийн гэсэн байргүй, багтаж шингэхгүй маш хүнд нөхцөл байдалтай ажиллаж байгаа. Ядахдаа л өвчтөнүүдэд ор хүрэлцээтэй тав тухтай байх юм бол өөр шүү дээ.
Одоогийн нөхцөл байдалд бид тохируулан аль болох сайн тусламж үйлчилгээг үзүүлэхийг хичээж байна.
Сүүлийн 3-4 жил бид бага насны хүүхдийн нас баралтыг бууруулж байна. Шинэ хагалгаанууд хийгдэж байна. Хэрвээ орчин нөхцөл, байр байшин сайжирах юм бол хүндээ үзүүлэх тусламж үйлчилгээ улам нэмэгдэнэ.
Бид байтугай ГССҮТ багтахгүй байна шүү дээ. Энд бөөрний диализын тасаг ч байх ёстой. Багтахгүй байгаа учраас тийм тасаг алга. Холголт, цооролтыг авдаг тасаг алга гэх мэтчилэн сэхээний тасаг ч тусдаа байж чадахгүй байна. Байртай холбоотойгоор маш олон зүйлд баригдаж ажиллаж байна.
Төрийн түшээд өөрсдөө түлэгдэж үзэж байж л тэнд нөхцөл байдал ямар байгааг мэдрэх гэж үү?
Цар тахлын улмаас эдийн засаг хүндхэн байгаа гэх ч шинэхэн шилэн оффисууд шил даран ашиглалтад орсоор л.
Ковид гэсээр Түлэнхийн төвийн асуудлаа мартаад дууслаа. Яамдын оффисоор хангасан барилга хурдан ашиглалтад ордог шиг л Түлэнхийн төвийн шинэ байр хэдийнээ үүдээ нээсэн баймаар.
Төрийн түшээд өөрсдөө түлэгдэж үзэж байж л тэнд нөхцөл байдал ямар байгааг мэдрэх гэж үү. Өөрсдөд нь тулгараагүй асуудал болохоор өнөөдрийг хүртэл цар тахалд хамруулан хав дарсаар байх уу?