ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Эмнэлгийн ор болон эрүүл мэндийн ажилтнуудын ачаалал хэр нэмэгдэж байна вэ?
-Хоногт бүртгэгдэх тохиолдлын тоо 100, 200-аар яригддаг байсан бол өчигдөр Улаанбаатар хотод 731 тохиолдол бүртгэгдлээ. Халдварын тоо нэмэгдэхийн хэрээр ачаалал нэмэгдэж байна. Эмнэлэгийн ор, эмч нар, шуурхай хариу арга хэмжээний багийн ачаалал нэмэгдсээр байгаа. Цаашдаа ч өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол нэмэгдэх хандлагатай байна.
Бид халдварын нөхцөл байдалтай уялдуулаад бэлтгэл ажлаа хангасан байсан учраас ор дэлгэх, шуурхай хариу арга хэмжээний багийн тоог нэмэгдүүлэх зохицуулалтаа тухай бүрд нь хийгээд явж байгаа. Тухайлбал, тохиолдлын тоо 200-400 болох гэж тооцоолол хийгээд орон нутгаас эрүүл мэндийн ажилтнуудыг авчирч, хүн хүчээ нэмэгдүүлсэн. Гэтэл өнөөдөр 600, 700 халдвар гарч байна. Үүнтэй уялдуулсан өнгөрсөн долоо хоногт мөн шуурхай хариу арга хэмжээний багийн тоог нэмэгдүүлээд байсан. Нийслэлийн хэмжээнд 48 баг шуурхай хариу арга хэмжээний үйл ажиллагаанд оролцоод явж байгаа. Гэсэн ч халдварын тоо нэмэгдсээр байгаа учраас шуурхай хариу арга хэмжээний баг халдвартай иргэдэд хүрч очиж ажиллах хугацаа уртассаар байх нөхцөл бүрдээд байна.
-Шуурхай хариу арга хэмжээний баг иргэдэд хүрэх хугацаа уртсаж байна гэлээ. Үүнд замын ачаалал нөлөөлж байгаа юу?
-Замын хөдөлгөөн хэвийн горимоор явж байгаа энэ үед замын ачаалал шуурхай хариу арга хэмжээний багийн хурдад нөлөөлнө. Мөн нэмэлтээр гарч байгаа баг үйл ажиллагаандаа дадах шаардлагатай. Эхний өдөртөө гарч байгаа баг бусад туршлагатай багтайгаа харьцуулахад цөөн хүнд хүрч ажиллаж байна. Хүн хүчээ өргөжүүлж байгаа ч гэсэн хүндрэл гарсаар байгаа.
-Цаашид нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл ямар хариу арга хэмжээ авах вэ?
-Олон улсын практикт халдварын тархалтын дөрвөн үе шат байна гэж ангилаад байгаа. Тодруулбал, Эхний шат нь халдвар бүртгэгдээгүй, хоёр дахь гадаадаас зөөвөрлөгдсөн, гурав дахь нь голомтолсон буюу тодорхой байршлуудад халдвар бүртгэгдсэн, дөрөв дэх шат нь хүн амын дунд халдвар өргөн тархсан хэмээн ангилж байна.
Улаанбаатар хотын хувьд хүн амын дунд халдвар өргөн тархсан гэж үзэж байгаа бөгөөд энэ үед авах хамгийн гол хариу арга хэмжээ бол хөл хорио тогтоох юм. Бид мэргэжлийн байгууллагын хувьд хөл хорио тогтоох, Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих шаардлагатай гэсэн саналаа тогтмол өгөөд явж байгаа.