Саяхан цэргийн даргадаа зодуулж, амиа алдсан хэрэг гарч олон нийтийг цочроолоо. Гэтэл төрийн эрх баригчид цэргийн хувцас өмсөж, өөрсдийгөө пи ардах болохоор олон нийтийн өмнө гардаг ч цэрэг эрс амиа алдсан өдрүүдэд нэг ч үг хэлсэнгүй, дуугарсангүй.
Амиа алдсан цэргийн гэр бүлээс уучлалт гуйж, эмгэнэл илэрхийлж мөнгө өгнө гээд л энэ асуудал дууслаа. Нэг ч дорвитой шийдвэр гаргаж, нэг ч цэрэг эрийн төлөө эх орон нь юу ч хийсэнгүй. Тиймээс ард иргэд дахин цэрэгт хүүгээ явуулахгүй гэдгээ илэрхийлж байна.
Та хүүгээ цэрэгт явуулах уу?
-Манайд цэрэгт явах хүн байхгүй. Бүгдийг нь цэрэгт явуулсан. Цэрэгт явуулсны дараа нэг хүү маань одоогоос хоёр жилийн өмнө танкийн ангид явдаг байхдаа хүнд зодуулсан. Тархины хагалгаа хийлгээд үхэнгээ алдсан. Ахлагч юм уу нэг хүнд зодуулсан. Бид цэргээс нь гаргасан л даа. Тэгээд цааш нь би сайн мэдэхгүй байна.
-Миний ах дүү нар дунд цэргийн сайхан дарга нар байсан. Тэр үед их сайхан байжээ. Тэр үед дэглэдэг л гэдэг. Арай ч амь насыг нь бүрлэгсэн тухай сонсогдож байгаагүй.
-Эх орноо хамгаална гэвэл явуулна. Гэхдээ сүүлийн үед их аймар зүйлс дуулдаад байгаа болохоор явуулах итгэл алдарч байна. Эрүүл саруул яваад, ирэхдээ нас барчихаад ирэхээр ямар хэрэг байх вэ дээ. Энхийн цаг шүү дээ. Ямар дэлхийн II дайн байгаа биш.
-Миний цэрэгт явах нас өнгөрсөн. Тухайн үедээ биеийн байдлаас болоод явж чадаагүй. Тэр хэргийн талаар тодорхой юм хэлж чадахгүй байна. Гэхдээ ийм хэрэг болсон нь эмзэглүүштэй. Үнэндээ энэ хэргээс шалтгаалан бүх цэргийг тийм гэж бодож болохгүй байх.
– Манай хүүхэд цэрэгт яваагүй. Одоо японд байгаа.
Саяхан цэргийн ангид аймшигт хэрэг гарсан энэ тухай сонссон уу?
-Хүний тэр сайхан хүүхдэд гар хүрч байдаг зоригтой л улс байна даа. Би тийм зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй. Өөрсдийнх нь хүүхдийг түлхэхэд хэний ч дургүй хүрнэ. Тийм байтал хүний хүүхдийн амийг бүрэлгэнэ гэдэг аймшигтай.
Та хүүхдээ цэрэгт явуулна гэж бодож байгаа юу?
-Явуулахгүй. Эрсдэлтэй болчихлоо шүү дээ. Энхийн цагт цэрэгт явна гэж явчихаад ганцхан жилийн алба хаах хэцүү болсон байна. Тийм учраас явуулахгүй л гэж бодож байна.
Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар 18-аас дээш настай эр хүн бүр Эх орноо хамгаалж, цэргийн алба хаших үүрэгтэй гэсэн байдаг. Харин энэхүү эрхэм үүргээ биелүүлж явсан цэрэг эрс энх цагт амиа алдсаар л байна.
2011 он 08 сар “Дотоодын цэргийн 805 дугаар ангид алба хааж байсан С.Батбаяр сэхээнд ухаангүй байсаар өчигдөр өвчнөө даалгүй амиа алдлаа. Түүнийг цэргийн албанд татагдаж ирээд удаагүй байхад нь хал цэргүүд “Цэрэг хүн байна. Ганц цохиулчих” хэмээн дарамтлан зодсоор биед нь хүнд гэмтэл учруулжээ”
2019 он 01 сар “2019 оны 1-р сарын 22-нд Дорноговь аймгийн Зүүнбаян дахь хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай 336 дугаар ангид алба хааж байсан 19 настай залуу амиа алдсан хэрэг гарсан. Талийгаачийн ар гэрийнхэн хүүгээ зодуулсан гэж үзэж байв”
2020 он 05 сар “Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа Ховд аймаг дахь 123-р ангид хугацаат цэргийн алба хааж байсан Б зодуулж хүнд гэмтэн, Улаанбаатарт иржээ”
2021 он 02 сар "Дорноговь аймгийн Хилийн цэргийн 0129-р ангид гэрээтээр алба хааж байсан 21 настай С харуулын байрандаа өөрийгөө боомилсон байдалтай амь насаа алдсан хэрэг гарчээ. Талийгаач Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат бөгөөд ар гэрийнхэний мэдээлж буйгаар амиа алдахаасаа хэд хоногийн өмнө “Намайг ирж аваач, дарамттай байна” гэж утсаар ярьжээ"
2021 он 02 сар “Сошиал орчинд шинэ цэргээ дарамталж, зодож буй бичлэг тарсан. Тухайн үйл явдал 2020 оны есдүгээр сарын сүүлчээр Зэвсэгт хүчний 032 дугаар анги дээр болсныг тогтоожээ”