Өнөөдөр Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. Мөн Монголчуудын хэлж заншсанаар эр цэргийн баяр юм. Энэ өдөр нийгмийн эрүүл мэндэд тулгамдаад байгаа бэлгийн замын халдварт өвчний талаарх сэдвийг хөндлөө. Учир нь Монгол Улсад жил ирэх тусам бэлгийн замаар дамжих халдварт өвчин нэмэгдэж байгаа юм. 2020 оны байдлаар 15586 тохиолдол статистик тоо баримтад бүртгэгджээ. Мөн жил бүр тохиодог тэмдэглэлт баярын өдрүүдийн дараагаар бэлгийн замын өвчлөл, хүсээгүй жирэмслэлт, аборт нэмэгддэг гэдгийг эмч нар хэлж байна.
Иймд эрчүүддээ зориулж бэлгийн замын халдварт өвчин эрүүл мэндэд хэрхэн муугаар нөлөөлдөг талаар ЦэПү эрэгтэйчүүдийн эмнэлгийн эмч Ц.Ариунбаяртай ярилцлаа.
Баярын өдрүүдийн дараагаас бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо эрс нэмэгддэг юм байна. Тэгвэл эрчүүдийн дунд бэлгийн замын халдварт өвчин хэр нэмэгддэг юм бол, Танай эмнэлгээр үйлчлүүлж байгаа үйчлүүлэгчдийн дунд бэлгийн замын халдварт өвчний шалтгаантай хүн хэр их байдаг вэ?
Аливаа баярын дараа бэлгийн замын өвчлөл ихсэх нь зөвхөн монголд биш. Харин бүх оронд байдаг юм. Жишээлбэл БНСУ-д дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Үүний дараа Солонгосчууд өөрсдөө хэлж байсан. Бэлгийн замын өвчин, хүсээгүй жирэмслэлт аборт маш их нэмэгдсэн гэсэн. Тэгвэл бүх оронд ямар нэг баярын дараа бэлгийн замын өвчин, хүсээгүй жирэмслэлт, аборт нэмэгддэг. Зөвхөн Монголд биш.
Тэгвэл эрчүүдийн дунд бэлгийн замын халдварт өвчин хэр их байна вэ?
Мэдээж их байна. Үзүүлэх гэж ирсэн эрчүүдтэй ярилцахаар бидэнд тэр талаар мэдлэг байхгүй байна гэж хэлдэг. Мэдлэггүйгээсээ болоод ийм зүйл болчихлоо гэдэг.
Мэдлэг олгоё тэгвэл. Бэлгийн замын халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой вэ?
Мэдээж бэлгэвч. Бэлгэвч бол хамгийн найдвартай арга. Мөн дээрээс нь итгэлтэй, найдвартай бэлгийн хамтрагчтай байна гэдэг чухал асуудал. Мөн тухайн хүн нь өөрөө мэдлэгтэй байх чухал. Манайхны хамгийн сайн мэддэг өвчин бол нөгөө л нэг заг хүйтэн, тэмбүү, мөөгөнцөр. Бусад бэлгийн замын өвчлөлийн талаар юу ч мэддэггүй байхгүй юу. Бэлгийн замын өвчин авахаараа л идээ гардаг, яр гардаг гэж боддог. Гэтэл дэлхий дээр хамгийн өргөн тархалттай Хламид гэж бэлгийн замын өвчин байдаг. Хламид өвчний талаар эрчүүдэд хэлэхэд "наад чинь юу юм бэ би мэдэхгүй байна" гэж хариулдаг. Тэгвэл Хламид гэдэг бэлгийн замын өвчтэй хүнтэй унтаад халдвар дамжсан бол шинж тэмдэг илэрдэггүй. Ихэнх нь өөрсдийгөө эрүүл гэж бодсон хүмүүс л явж байдаг. Ингээд нөгөө хүнийг шинжилж үзэхэд хламид бэлгийн замын өвчин тээгээд явж байдаг. Хламидыг илрүүлэх нэг арга нь PCR шинжилгээгээр илрүүлдэг. Өнөөдөр ковид-19 ачаар энэ шинжилгээг хүн бүр мэддэг болсон байна. Энэхүү шинжилгээг зөвхөн коронаг илрүүлэхэд ашигладаг биш бусад олон төрлийн өвчинг илрүүлэхэд ашиглаж болно. Зөвхөн энэ шинжилгээний аргаар илэрдэг, өөр бусад шинжилгээний аргаар илэрдэггүй бэлгийн замын өвчлөл байдаг юм. Эрэгтэй эсвэл эмэгтэй хүн тухайн шинжилгээг өгөөгүй бол өөрийгөө хламид бэлгийн замын өвчин туссан гэж мэдэхгүй явсаар байдаг юм. Ихэнх бэлгийн замын өвчин шинж тэмдэггүй гэж би өмнө хэлсэн. Шинж тэмдэггүй учраас тухайн хүн нь эмнэлэг рүү явдаггүй. Харин гэтэл хугацаа алдсан байх нь элбэг. Хугацаа алдсан үед тухайн эрэгтэй хүний шээсний сүвээс дээшээ дамжин цаашлаад төмсөггүй болох, үргүй болох аюул тулгардаг.
Тухайн өвчнийг тусаад эдгэрсний дараагаар эрэгтэй хүний биед ямар нэгэн үлдэц үлдэх боломжтой юу?
Эдгэрэхийн хувьд эдгэрдэг. Гэхдээ эдгэх гэж маш их зүйл болно. Манай монголчууд бэлгийн замын өвчнийг нэг удаа тариа хийлгээд, нэг удаа эм уугаад зүгээр болдог гэж боддог. Гэтэл тийм биш. Маш олон сарын эмчилгээ хийдэг. Ном журмаараа бол эмчилгээ хийсний дараагаар энэ хүн бүрэн эдгэрсэн эсэхийг шалгаж шинжилгээ хийх шаардлагатай байдаг юм. Гэтэл Монгол эрчүүд нэг удаа тариа хийлгээд шинж тэмдэггүй, идээ гарахгүй болохоор нь цаашаа эмчилгээгээ хийлгэхээ больчихдог. Энэ нь ил шинж тэмдэг илрэхгүй мөртлөө цаана нь тухайн өвчин нь байсаар л байдаг юм. Зовиур илрэхгүй байна гэдэг нь өвчин тусаагүй гэсэн баталгаа биш. Хамгаалалтгүй бэлгийн харицаанд орсон л бол дараа нь шинжилгээ хийлгэж байх хэрэгтэй. Тэр дундаа нэг удаа биш хэд хэдэн удаагийн шинжилгээгээр илрүүлэх ёстой. Тэр дор нь бүгдийг илрүүлдэг супер шинжилгээний хэрэгсэл дэлхий дээр байхгүй. Мөн өвчин бүрт тохирсон тусдаа эм байдаг. Бүгдэд үйлчилдэг эм гэж бас байхгүй. бэлгийн замын халдварт өвчин туссан даруй 20 хоног дотор оношилж, эмчилж эхлэх хэрэгтэй. Хэрвээ түрүү булчирхай руу орсон тохиолдолд тухайн хүнийг эмчлэхэд, мөн өвчнийг илрүүлэхэд хүндрэлтэй болдог. Монгол улсын эмнэлгүүдийн нэг нь ч түрүү булчирхайн шүүрлээс шинжилгээ авдаггүй. Шүүрлээс авахгүй шээсний сүвээс дахин дахин авсан ч тухайн өвчин илэрдэгүй юм. Тэгвэл эмнэлгийн хяналтад ороогүй, илрээгүй өвчин хэр их байгааг Монголд хэн ч мэдэхгүй.