Орон сууц бэлэн мөнгөөр худалдаж авах боломжгүй хүмүүс ипотекийн 6 хувийн зээл буюу хүү багатай, урт хугацааны зээлийг боломж гэж хардаг. Харин эдийн засагч үүн дээр ямар байр суурьтай байгааг тодрууллаа.
"ШИНЭТГЭЛИЙН ГАРЦ"СУДЛАГААНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН ЭДИЙН ЗАСАГЧ Д.АМГАЛАН: Энэ зээл нь хүү багатай юм шиг харагддаг ч төлөх нөхцөлийн хувьд залилан, мөлжлөгийн хэлбэр яваад байдаг. Үүнийг олон удаа ярьж байна. Өөрөөр хэлбэл Монгол банк анхны санхүүжилтийг гаргадаг. Энэ нь арилжааны банкаар дамжаад иргэдэд хүрдэг. Иргэн зээл авсны дараагаар "НИК"-д очдог байгаа. "НИК" тусгай зориулалтын компаниар гэрээгээ шилжүүлдэг. Тусгай зориулалтын компани бонд гаргаад түүнийгээ арилжааны банкнуудад худалддаг. Үүнийг буцаагаад Монгол банк хаадаг схем яваад байгаа юм. Хоёр дахь асуудал ипотекийн 8 хувийг 6 хувь болгож бууруулаад үүсч байгаа хоорондын зөрүү буюу алдагдлыг буцаагаад Сангийн яамд шилжүүлдэг. Тэр мөнгө хаанаас гарч байна гэхээр нөгөө л татвар төлөгчдийн мөнгө юм.Энэ утгаараа би ипотекийн зээлийн форматыг дэмждэггүй. Цаад форматыг бид мэдэж байгаа. Нэг орон сууц авах гэж хоёроос гурван орон сууцны үнээр худалдаж авдаг луйврын схем яваад байгаа. Бид санхүүгийн боломжгүй нөхцөл байдлаас болоод энэ зээлд хамрагдчихдаг. Хамрагдсаны дараа хэд дахин нугалж төлөөд яваад байдаг. Хоёрдугаарт: Одоо хэдийгээр 6 хувь, 3 хувь гэж яригдаж байгаа ч банкны нөхцөлийг зөөлрүүлэх , иргэдийн орлого санхүүгийн үүсвэрийн боломж бололцоог судлахгүйгээр ипотекийн зээлийг хуучин нөхцөлөөр олговол авах хүн олдохгүй. Зах зээлийн бодит зарчимд нийлүүлэхгүй бол болохгүй. Одоо зарагдаж байгаа барилгуудын ихэнх буюу 70 хувь нь ипотекийн зээлд хамрагдах боломжгүй м2-ийн үнэ өндөр барилгууд байгаа. Үүнийг бодолцож байгаа юу? Энэ зах зээлтэйгээ уялдуулж байгаа юу, зээлийн олдоц өнөөдөр ямар байгаа вэ гэдэг нь асуудлууд байна. Жирийн иргэн энэ зээлийг авах нөхцөл манайд бүрдсэн үү? Банкны шалгуурыг зөөлрүүлж чадаагүй үед ипотекийн зээлийн хүүг хэд ч болгож бууруулсан хамрагдахад хэцүү. Энэ нь арилжааны банкнуудыг санхүүжүүлж байгаа хэрэгсэл болж байгаа юм. Бонд гаргаж байгаа гэдэг нь татвар төлөгчийн мөнгөөр шийдэж байгаа асуудал юм.Энэ нь цаанаа улсын эдийн засаг буюу төсөвт дарамт учруулж байгаа хэлбэр юм. Яг зорилтот зах зээл буюу иргэнд үнэхээр санхүүгийн дэмжлэг болж чадаж байна уу гэдэг одоогийн хууль, одоогийн форматаар үгүй юм. Бид энэ удаагийн санхүүжилт дээр арай өөр боломж хувилбарыг харах хэрэгтэй. Яг энэ форматаар явбал банкны шалгуурыг давах орлогын их үүсвэртэй хүн байхгүй. Энэ мөлжлөгийн системээс салах ёстой" хэмээлээ.