Орон даяар "Ковид-19"-ийн эсрэг дархлаа тогтоох вакциныг хийж эхэлсэн. Олон улсаас оруулж ирсэн Астразенека, Спутник V, Синофарм гэсэн гурван төрлийн вакциныг Монгол Улс эмийн бүртгэлдээ бүртгэж, ард иргэдийг дархлаажуулж байгаа юм. Тэгвэл тухайн гурван вакцинтай холбоотой олон төрлийн эргэлзээ нийгэмд үүсэж эхэллээ. Тухайлбал, вакцин хийлгэсэн бичиг үзүүлэн олон улсад зорчиж болно, Астразенека вакциныг олон улс үр дүнгүй гэж тодорхойлсон, Спутник V вакциныг ДЭМБ хүлээн зөвшөөрөөгүй учир хийлгэх нь зөв үү эсвэл буруу гэх зэрэг асуултад хариулт хэрэгтэй байна.
Иймд дархлаажуулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг АШУҮИС-ийн дархлаа судлалын тэнхимийн эрхлэгч, Эмнэлзүйн дархлаа судлаач эмч, АУ-ны Доктор Т.Хонгорзултай ярилцлаа.
-Вакцин хийлгэсэн хүн олон улсад зорчих боломжтой гэж ярьж байна. Энэ нь боломжтой юу?
Дархлаажуулалт эхэлсэнтэй холбоотой бидэнд маш олон асуулт үүсэж байна. Жишээлбэл, Астразенека вакцины хувьд дунджаар 70 хувь дархлаа тогтож чадаж байна уу эсвэл Спутник V тариулсан бүлэгт дунджаар 90 хувь дархлаа тогтож чадаж байна уу гэсэн асуултын хариулт болгож үүнийг зайлшгүй үнэлэх шаардлагатай. Спутник V вакцин 90 хувь гэсэн хэдий ч дархлаа тогтохгүй байх магадлал их бий. Мөн Астразенекагийн хувьд 30 хувьд нь дархлаа тогтохгүй байх магадлал яригдаж байна. Тэгвэл дархлаажуулалтад хамрагдаад вакцин тариулсан бол дархлаа тогтсон гэж бодох үндэслэл байхгүй болж байгаа юм. Зайлшгүй дархлаа тогтоцийг үздэг арга байдаг. Тэр шинжилгээн дээр үндэслэн үнэхээр дархлаа тогтсон гэж гарч ирж байгаа үед гадагшаа хилээр нэвтрүүлнэ. Энэ нь вакцин тариулсан биш, тухайн вакцины үр дүнг шинжилж дархлаа тогтсон гэсэн шинжилгээний бичгийг улс орнууд харгалзан үзнэ.
Нэгэнт Монгол Улс хэрэглэгч орон болсон учраас оруулж ирсэн вакцинуудын үр дүнг харьцуулж үнэлэх зайлшгүй шаардлага бий болж байна. Яагаад гэвэл тухайн вирус нь мутацид орж өөр өөрөөр дахин дахин дэгдэж байна. Тиймээс бид цаашдаа жилд нэг удаа вакцинд хамрагдах хэрэгтэй болбол өмнөх вакцины үр дүн дээрээ үндэслэн дараагийн сонголтоо зөв хийх ёстой.
-АСТРАЗЕНЕКА ВАКЦИН ТАРИУЛСАН ХИРНЭЭ ЖИНХЭНЭ ХАЛДВАР АВАХ БОЛОМЖТОЙ-
-Вакцин хийлгэсэн боловч шинжилгээгээр эерэг хариу гарах тохиолдол олон улсад тохиолдож байна. Энэ нь юунаас үүдэлтэй вэ?
Вакцин гэдэг нь Коронавирусийн хоёрдугаар хэв шинжийн тодорхой нэг хэсгийг ялгаж авч, цэвэршүүлж, өвчин үүсгэдэг шинж чанарыг нь алга болгож, хүний биед зориудаар хийж өгч байгаа хэлбэрийг бид вакцин гэдэг. Тийм учраас бидний биед вирусийн гаралтай бүтээгдэхүүн орж байгаа тул халуурч, бие зарайх гэх мэт тодорхой хэмжээний хариу урвалыг үзүүлж байгаа гэсэн үг. Тэгвэл ямар вакцины төрлөөс хамаараад вирусийн тодорхой бүтэц илрэх боломжтой. Өөрөөр хэлбэл тухайн вирусийн тодорхой бүтэц нь PCR шинжилгээгээр илэрч эерэг хариу гарсан байж болно. Мөн Астразенека вакцин тариулсан хирнээ жинхэнэ халдвар авах боломжтой.
Хэрвээ бид Астразенека болон бусад вакциныг тариулсан гэж бодъё. Вакцинаа хийлгээд, маскаа зүүгээд, бээлий өмсөөд, зайгаа бариад дархлаа тогтчихлоо гээд халдвар хамгааллын дэглэмээ барьж байна гэж бодъё. Тэгтэл би халдвар авлаа. Энэ нь юу гэсэн үг вэ. Вакцин ажиллаагүй юу гэдэг асуулт ар араасаа ундарна. Тэгвэл үүний гол тайлбар нь мутаци. Бид өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн ямар хэв шинж дэгдсэн байгааг мэдэхгүй байна. Яг үнэнийг хэлэхэд Астразенека вакцин нь Африкийн хэв шинжид нөлөөлөхгүй байгаа учраас зарим орнууд тарихаа больсон. Яагаад гэвэл тэнд дэгдсэн коронавирус нь мутант буюу өөрчлөгдсөн корона учраас нөлөөлөхгүй байгаа юм. Тиймээс Өмнөд Африк Астразенека вакциныг дархлаажуулалтаасаа хассан байх жишээний.
Монгол Улс иргэдээ олон орноос авчирсаар л байгаа. Хэдий хил хаалттай ч гэсэн. Тэгвэл дэлхийн өнцөг булан бүрээс ирж байгаа тэдгээр хүмүүст аль ч хэв шинжийн корона агуулагдсан байгааг мэдэхгүй. Мөн Монгол Улсад аль хэв шинжийн Ковид-19 тархсан гэдгийг мэдэхгүй байхгүй юу. Ингээд тухайн мэдээлэл дутмаг учраас аль вакцин ажиллах вэ эсвэл ажиллахгүй вэ гэдгийг мэдэхгүй байгаа гэсэн үг. Хэрэв Өмнөд Африкт дэгдсэн "Ковид-19"-ийн хэв шинж нь манайд дэгдсэн байвал тэр хэв шинжээр өвдсөн хүнд Астразенека вакцин нөлөөлөхгүй.
-ВАКЦИНЖУУЛАЛТ НЬ ЦАР ТАХЛЫГ 0 ХУВЬ ХҮРТЭЛ ЗОГСООЖ ЧАДАХГҮЙ-
-Орон даяар дархлаажуулах ажил эхэлсэн байна. Тэгвэл эдгээр вакциныг тариулсны дараагаар цар тахал зогсох найдвар бий юу?
Вакцинжуулалт нь цар тахлыг 0 хувь хүртэл зогсоохгүй. Вирус байгаа цагт энэ нь зогсохгүй. Гэхдээ дархлаажуулалтыг ямар зорилгоор хийж байна гэвэл цар тахлыг хумих, ихсэх хандлагыг тодорхой түвшинд барих, хүн ам дархлаажсан үед иргэд хэвийн амьдралдаа шилжиж болох учраас л хийж байгаа.
-Олон эргэлзээтэй асуулт байна. Нэгдүгээрт ДЭМБ зөвшөөрөөгүй вакцин Монгол Улсад хэдийнээ ороод ирсэн. Тэгвэл ОХУ, БНХАУ-ын вакцин хийлгэх нь зөв үү?
Астразенека вакциныг ДЭМБ өнгөрсөн оны арван хоёрдугаар сард бүртгэсэн. Тийм учраас Модерна, Астразенека, Пфайзер вакцинуудыг Монгол Улс эмийн бүртгэлдээ бүртгэсэн юм. Монголчууд гэтэл ДЭМБ зөвшөөрсөн вакцинаар дархлаажуулалтад орно гэсэн хүлээлттэй байсан боловч Астразенека, Синофарм, Спутник V гэх мэт өөр вакцин орж ирсэн. Тэгвэл нөгөө өмнөх авсан мэдээллээс нь зөрж байгаа учраас яах аргагүй ийм асуулт үүсээд байна. Улс орнуудын хүлээн зөвшөөрсөн эдгээр вакцинуудыг ганцхан ДЭМБ зөвшөөрөөгүй. Харин зэрэгцээ олон байгууллага хамтран зөвшөөрсөн байдаг.
Астразенека, Спутник V гэсэн хоёр вакцин нь нэг төрлийн вакцин. Өөрөөр хэлбэл векторийн вакцин бүлэгт хамаарч байгаа. Энэ нь гаргаж авсан технологи нь ижилхэн гэсэн үг. Нэр нь өөр, улс нь өөр ч гэсэн технологи нь нэг юм. Энэ вакциныг дархлаажуулалтад хэрэглээд гарсан үр дүнг мэдээлсэн байгаа нь Астразенекагийн хувьд илүү их.
-Дархлаажуулалт эхний ээлжинд халдварын эрсдэлтэй бүлэгт хийж эхэлсэн. Тэгвэл ихэнх албан байгууллага ажлын шахалтаар вакцинд хамруулах тохиолдол элбэг байна. Энэ нь Монгол Улсын хуулинд зөвшөөрөгдсөн үү?
2000 онд батлагдсан дархлаажуулалтын хууль эсвэл цар тахлын үеийн журмын дагуу вакцинжуулалт хийж байгаа юу гэдэг нь тодорхойгүй байна. Тэгвэл дархлаажуулалтын хуулиараа бол вакцинаа сонгох эрхтэй, хувийн эсвэл төрийн хэвшилд хийлгэхээ сонгох эрхтэй мөн төр мэдээ мэдээллээр хангах үүрэгтэй гэж заасан байдаг. Төрийн зохицуулалт өөрөө тодорхойгүй ийм үед хүмүүст маш олон асуулт үүсэж байна. Үүнийг буруутгах арга байхгүй.
Тиймээс л бидэнд халдварт өвчин тархвар судлалын мэргэжлийн холбоо, дархлаажуулалтын урвал, хүндрэлийг хариуцдаг мэргэжлийн хороо, халдварт өвчин судлалыг хариуцдаг, нийгмийн эрүүл мэндийн асуудлыг хариуцдаг баг гэх мэтчилэн мэргэжилтнүүдээс бүрдсэн багуудын дуу хоолой маш их үгүйлэгдэж байна.