УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллалаа.
Энэ үеэр тус төвийн дэд захирал Э.Тэмүүлэн нөхцөл байдлыг танилцууллаа.
Тэрбээр “Дэлхий нийтэд өргөнөөр коронавирусийн шинжилгээг хийж байна. Манай улсад энэ арга хэмжээг маш сайн авсан. Гурван эмнэлэг рүү бүх батлагдсан тохиолдлуудаа хуваарилснаар халдварыг цааш нь тархахгүй болгож байгаа. Ингээд ойрын хавьтлуудыг тодорхойлох ажлыг явуулдаг. Судалгааны үр дүнд нийт хавьтлуудын 90-ээс дээш хувийг олдог.
Олсон хавьтлуудаа 14 хоног тусгаарладаг. ХӨСҮТ-ийн хувьд бид ямар ч өвчлөлгүй байхдаа бэлэн байдлаа хангаж байсан. Дараа нь алаг цоог өвчлөлтэй болсоэ үед тогтоон барих стратегийг барьж хүн бүрийг тусгаарлан маш идэвхтэйгээр ажилласан. Харин яваандаа тохиолдлын тоо ихсэн кластер өвчлөл, байршмал тархалт үүсээд хүн амын дунд өргөн тархалт үүссэн үед тандалтын хариу арга хэмжээ өөрчлөгддөг. Учир нь ямар ч өндөр хөгжилтэй улс байсан тохиолдол болгоны араас хөөж, тусгаарлах нөөц бололцоо байдаггүй учраас хамгийн түрүүнд эрсдэлтэй гэсэн хавьтлуудаа тусгаарлах, батлагдсан тохиолдлууд хөнгөн бол гэрт нь эмчлэх гэх зэрэг арга хэмжээ рүү шилждэг. Халдварын хэмжээ хамгийн өндөртөө хүрч тохиолдлын тоо буурахад бид дарах стратегийг хэрэгжүүлдэг. Дарах стратегийн үед хөл хорио зэрэг бусад халдвар тархахгүй байх арга хэмжээг аваад зогсоогоод цизльтэйгээр явдаг. Сэргэх үе шат нь вакцинжуулалт орж ирэн хүн амдаа сүргийн дархлаа тогтоох боломжийг олгох хүртэл бид дээрх арга хэмжээг авсаар явах юм гэж ойлгож болно. Бидний одоогоо үнэлж байгаагаар дарах үе шатанд орсон байсан ч сүүлийн 7 хоногийн нөхцөл байдлаас харахад хүн амын дундах өргөн тархалтын эхний үе шат руу орж эхэлсэн дүр зураг харагдаж байгаа нь ихээхэн санаа зовоож байна.
Улаанбаатар хотод дөрөвдүгээр үе шат буюу хүн амын дунд халдвар өргөн тархсан үе байна
Халдварын шатны үнэлгээг долоо хоног бүр хийж байна. Гуравдугаар сарын 7-ны үнэлгээгээр Улаанбаатар хотод дөрөвдүгээр үе шат буюу хүн амын дунд халдвар өргөн тархсан үе байна. Харин Завхан, Төв аймаг хоёрдугаар үе шатанд байгаа.
Гуравдугаар сарын 10-ны байдлаар бүртгэгдсэн 81 кластер байна. Үүнээс 21 нь хянагдаж дууссан. Үүнд тухайн кластер дотор 28 хоногоос дээш хугацаанд буюу нууц үедээ илрээгүй бол тухайн кластерыг хянагдаж дууссан гэж үздэг. Одоогийн байдлаар 41 идэвхтэй кластер байна. Халдвар зөвхөн орон зайгаар хязгаарлагдахгүй. Дөрвөн өөр байршилд нэг кластер байж болно. Драмын театртай холбоотой кластер олон хүнийг хамруулж, 450 ойрын хавьтал бүртгэгдээд байна. Үүнээс 113 тохиолдол бүртгэгдээд байгаа.
Өчигдөр орой хийсэн тооцооллоор 14 хоногийн дараа өдөрт 150-400 хүртэл халдвар гарах магадлал 50 хувьтай байна.
Харин ХӨСҮТ-ийн ажилчдад тулгамдаж буй асуудлын тухайд "Илүү цаг, ажлын ачаалал зэрэг нийгмийн асуудал тулгамдаж байна” гэх мэдээллийг Шадар сайдад танилцууллаа.