Сувилагч болох түүний хүслийг их сургуульд ороход нь дутсан хэдхэн оноо үгүй хийж чадаагүй юм. Нэг хаалга хаагдахад өөр нэг нь нээгдэж байдаг гэдгээр тэр анагаах ухааны дунд сургуульд элсэн орсон. Хүүхдийн сувилагч мэргэжлийг эзэмшин 1982 оны наймдугаар сарын 2-ны өдөр Архангай аймгийн Жаргалант сумын Хоолт багт ажиллах томилолт авлаа. Энэхүү томилолт түүний 20 жилийн түүхийг бичих ажил, амьдралын томилолт байсныг яахан мэдэх билээ. Томилолт өвөртлөн зорин очсон тэр л нутгаас насны ханиа олж зургаан хүүхдийн ээж хэмээх алдрыг хүртсэн гавьяатай. “Дулмаа минь байхад тийм ч амар үхэхгүй шүү” гэх зон олны хүндэтгэлийг ч тэндээс олжээ.
Аливаа учрал, хагацал хэлж ирдэггүй хийсэж ирдэг. Энэ жамаар Чүлтэмийн Дулам хэмээх сувилагч бүсгүйг 38-хан настай байхад эр нөхөр нь хорвоог орхисон юм. Тэр үед хамгийн том хүү нь 15 настай, бага охин нь таван сартай үлдэж байлаа. Улаан нялзрай үрээ энгэртээ тэврээд үлдэхэд урд нь чулуун хана босон түүнийг мөргөчих шиг л болж байсан гэдэг. Талийгаач онгоцны холбоочин, ойн хамгаалагч хүн байлаа. Түүнийг өөд болоход Базаррагчаагийнд аавын орон зай эзгүйрч, Хоолт багт байгаль хамгаалагчийн орон тоо хүнгүйдэв. Түүний ажлыг үргэлжлүүлэн хийх хүн нь гэргий Дулам. Тэрээр алаг морьтой гурван даваа бартаат замыг уруудаж, өгсөж Чулуут голын хөвөөгөөр салхи татуулан давхиж амьдралынхаа хоёр жилийг үдсэн юм. Ёстой л гэрт орж эм, гадаа гарч эр болж явжээ. “Буудахаас бусдыг л хийсэн дээ. Тохмоо дэрлээд хээр хонох үе, шөнө давхиж яваад нүхэнд унах тохиолдолд ч гарна. Залуу байхад аргамжаатай морийг бэлчээрээс нь зайдан унаад давхидаг байлаа. Залуу ч байж, зоригтой ч байж. Одоо морин дээр мордох нь бүү хэл өндөрхөн машинд суухад хүндрэлтэй болж дээ. Эргээд бодоход муухан эрээс дээр байсан юм” хэмээн дурсах хижээл насны эмэгтэй.
Түүнд ханийгаа санах үе цөөнгүй. Олон өнчин хүүхэдтэй ганцаараа үлдсэн болохоор эхэндээ нэг хэсэг л уйлдаг байж. Тэр үед нэг найз нь түүнд “Бороо хэдий чинээ их орно шалбааг төдий чинээ нэмэгддэг гэдгийг сана” гэж хэлжээ. Энэ үгийг сонссон цагаас эхлэн хэдэн хүүхдийнхээ төлөө өнгөтэй, өөдтэй амьдарья хэмээн нүд анин, шүд зуун зүтгэжээ. “Хүн ер нь зовлон бэрхшээл тохиолдоход өөрийгөө юм бодох завгүй л байлгах хэрэгтэй. Тэгэхгүй бол улам л үймрээд байдаг байхгүй юу” хэмээн нүдэндээ нулимс мэлтэлзүүлэн цонхоор ширтэнэ. Түүнийг гүн ангалаас гарахад тусалсан хамгийн том хүч бол урдаа тавьсан зорилго нь юм. Зургаан хүүхдээ боловсролтой болгохын төлөө залуу нас, уй гунигаа мартсан.
Их эмчийн орон тоогүй, бага эмч нь туршлага муугаас шалтгаалан хэдэн давхар ажил сувилагчийн нуруун дээр овоордог байв. Энэ байдалдаа бухимдах бус харин ч завгүй байгаадаа талархана. Түүнийг анх сувилагчийн томилолт аван очиход Хоолт багийн хошой аварга малчин Ядамсүрэн “Хннн, сахилгагүй хүүхдэд цэнэгтэй буу бариулахтай адил энэ муу сайн сувилагч нараар яах вэ дээ” гэж хэлсэн гэдэг. Гэтэл ус ихтэй жил загас өтийг иддэг бол ус татарсан жил өт загасыг иддэг хэмээх үг биеллээ олсон байна. Ядамсүрэнгийн хамраас цус алдаад тогтохгүй байсан учир аргагүй эрхэнд Дулам сувилагчид хэл хүргэсэн гэдэг. Дөнгөж төгсөөд ирэхэд нь хэлсэн Ядамын үг хэдийнээ сэтгэлээс нь арчигдан өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж яваагаа бахархалтайгаар харуулан амийг нь аварсан удаатай. Малчин сувилагчид талархаж мянган төгрөг бэлэг болгон өгчээ. Тэр үед эмнэлэг татан буугдаж эмч нар бүгд л ажилгүй болов. Гэсэн хэдий ч Дулам сувилагч “Би тушаалгүй ээ” гээд гэдийж суусангүй. Өвчин зовлонд нэрвэгдсэн хэн бүхэнд тусламжийн гараа сунгаж ажил үүргээ албан бусаар ч биелүүлж байлаа.
Түүнийг хүүхдүүдээ аван хот руу явах шийдвэр гаргахад хадмын талынх нь нэгэн хүн “Хэрвээ таныг хот ороод уруудаж буруу замаар орвол бид татаж авч чадахгүй шүү” хэмээх аянга шиг үгээр ниргэж байжээ. Гэсэн хэдий ч Дулам түүнд гомдоогүй. Тэр өнөөдрийг хүртэл хэнээс ч тусламж гуйж царайчлаагүй. “Ар гэрийнхэн минь боломж бололцоотой хүмүүс байдаг. Гэхдээ нэг хүүхдийн минь сургалтын төлбөрийг төлөөд өгөөч гэж гуйж байсангүй. Гуйх ч үгүй. Учир нь энэ хүүхдүүдийг өсгөж хүмүүжүүлэх нь надад л оногдсон хувь заяа, миний л үүрэх ёстой ачаа гэж боддог” хэмээлээ. Зургаан хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйд зовлон бэрхшээл мундахгүй. Өлсөж цангах, жиндэж даарах үе бишгүй гэхдээ тэр ханиасаа үлдсэн арван цагаантай эмээл, мөнгөн хазаарыг үрж ходоодоо борлуулаагүй юм. Өнөөдрийг хүртэл гэрийнх нь хойморт бүрэн бүтэн хэвээр байсаар л. Эдгээр эдлэлүүд ханиас нь үлдсэн цорын ганц биет зүйл учраас түүний орон зайг нөхөж, сэтгэлд нь дулаахан санагддаг байх.
Тэр яруу найрагт дуртай шүлэг уншиж тайвшралыг олдог. “Та өөрийнхөө унших дуртай шүлгээ надад хуваалцаач” гэхэд минь “Залуу байхад мэдэхгүй шүлэг ховор. Том том найраглалуудыг нэг үг ч алдалгүй цээжээр мэддэг байлаа шүү дээ. Одоо бас заримыг нь жоохон мартчихаж ээ” хэмээн бодлогошронгуй хэлээд хэсэг дуугаа хураав. Орчны анирыг эвдэн:
“Сайхан хотын
Хөөрхөн хархүү
Сайн байна уу?
Тэнэгэр говийн
Тэмээчин бүсгүй
Сайн байна…” гэж намуухан, уянгалаг хоолойгоор Дэндэвийн Пүрэвдоржийн “Сэгс цагаан богд” найраглалаар сонорыг минь мялаав. Шүлэг найраглалд дуртай болохоор алдартай яруу найрагчдын шүлгийг уншихаас гадна өөрөө бичихийг оролддог. Тэрээр мөн үйлэнд уран нэгэн. Дээл хүрэмнээс эхлээд хүүхдийнхээ хувцсыг ч оёод өмсгөчихнө. Монгол гутал уллана. Дулам хэмээх эмэгтэй гунигаа мартахын тулд үзэг цаас, зүү утас, алх хадаас, эмээл хазаар, бент спирт гэх мэт олон зүйлтэй нөхөрлөжээ гэж эрхгүй бодогдсон юм.
“Хэрвээ сэтгэл санаагаар унаад тэр чигээрээ толгой гудайсан бол өнөөдөр би болон миний зургаан хүүхэд үнсэнд хаясан шалз шиг л байх байсан гэж боддог юм. Хүн зорилготой л байх хэрэгтэй. Зорилго хүнийг зоригтой болгодог. Улсын эмнэлэгт гучин зургаан жил хүчин зүтгээд тэтгэвэртээ гарсан. Би хөгширчихлөө гээд гараа хумхиж суусангүй. Хувийн эмнэлэгт тав дахь жилдээ ажиллаж байна. Хоёр эмнэлгийн хооронд гүйгээд л, оюутан охиныхоо төлбөрийг хийнэ. Бас хоёр настай ачаа өсгөж байгаа. Хэрэв надад нас байвал ахиад 10, 20 жил ч ажилламаар санагдах юм. Ямар ч үед би шантрахгүй ээ. Сөрөөд л байна. Аливаа асуудлыг даван туулж байж л санаа амарна уу гэхээс уруудаж, унжганаж суух хүн биш ээ” гэв.
Хорвоогийн олон нугачаанд хэчнээн бүдэчсэн ч хэнээс ч гомдол нэхэж, юуг ч буруутгалгүй, хариуцлагаа хэнтэй ч хуваалцаагүй Дулам хэмээх эмэгтэйн сэтгэл, зорилго арван наймт шиг гэнэн цайлган, гэрэл цацарсан хэвээр.