Шадар сайд С.Амарсайхан өчигдөр орой Эрүүл мэндийн яам дээр ажиллалаа. Шадар сайд үндэсний хэмжээнд эм ханган нийлүүлдэг компаниудын төлөөлөл болох "Монгол Эм импекс концерн" ХК, "Монос" ХХК-ийн удирдлагуудыг ЭМ-ийн сайд С.Энхболдын хамт хүлээн авч уулзсан юм.
Шадар сайд С.Амарсайхан "Монгол Улсын Засгийн газраас цар тахалтай тэмцэх тэр дундаа дархлаажуулалтыг хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагаа төлөвлөгөөний дагуу явж байгаа. Бид хоёрдугаар сарын 23-наас вакцинжуулалтаа эхэлсэн. Эхнээсээ гурван төрлийн вакцин ороод ирсэн байна. Үүнд та бүхэн цаашдаа оролцоод явах боломж нөхцөл хангалттай бий. Бүх талаар салбарын яам, Засгийн газар УОК дэмжиж ажиллана. Энэ хүрээнд бид гурав, дөрөвдүгээр сард багтан нийслэл хотын хэмжээнд байгаа нийт насанд хүрсэн сая орчим иргэн хамрагдахаар вакцинжуулалтын төлөвлөгөө гарган ажиллаж байна. Эхний ээлжинд нийслэлийн иргэдийг дархлаажуулалтад хамруулж байгаа нь голомтлон гарсан. Мөн "Нэг өрх-Нэг хаалга" шинжилгээгээр илрүүлсэн голомтуудаа дагаж эрсдлийг багасгахтай дархлаажуулалт шууд холбоотой. Дархлаажуулалт хадгалалт, тээвэрлэлт гээд нарийн зохион байгуулалттай. Гэхдээ бидэнд өмнө нь дархлаажуулалт явуулж байсан туршлагууд бий. Үндэсний хэмжээнд 548 цэгийг ажиллуулах, өдөрт багадаа 16-20 мянган иргэнийг дархлаажуулах боломжийг бүрдүүлж ажиллаж байгаа" гэдгийг тодотголоо.
Монос группийн төлөөлөл "Товч мэдээлэл өгөхөд манай компани "AstraZeneca" гээд Их Британи, Шведын хамтарсан "AstraZeneca" компанийн үйлдвэрлэж байгаа вакциныг оруулж ирэхээр хүсэлтээ гарган явж байгаа. Урд нь гуравдугаар сард 100 мянгыг гэж төлөвлөж байсан ч дотоодын бүртгэлтэй холбоотой цаг алдсан учраас энэ жил гуравдугаар сар гэхэд 65 мянган вакцин орж ирэхэд бэлэн байна гэсэн. Бид нийтдээ 300 мянган вакцины захиалга өгсөн. Өнөөдөр бид үйлдвэрлэл талтайгаа ярилцсан. Дараагийн сард нийлүүлэлт ихсээд явна гэсэн. Засгийн газраас нэгдсэн байдлаар хадгалалтыг хийнэ гэсэн учраас бид тээвэрлэлтийг онцгой анхаарч байгаа" гэлээ.
Шадар сайд "Татан авалтын тал дээр бүх талын дэмжлэг үзүүлж ажиллана. Хадгалалт, хамгаалалт, аюулгүй, журмын дагуу ашиглаж хэрэглэх асуудал дээр ЭМЯ хяналтаа тавьж ажиллана. Дархлаажуулалтад орхигдуулах салбар манай бодлогод байхгүй учраас аль болох богино цаг хугацаанд хийх төлөвлөлтийнхөө дагуу явна. Төрийнх ч бай, хувийнх ч бай бүх шатныхныг үе шаттайгаар хамруулна" гэв.
Харин Эрүүл мэндийн сайд С.Энхболд хувиараа вакцин оруулж ирэх ААН-үүдэд хандан хуурамч вакцин оруулахаас сайтар урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.
Засгийн газраас вакцин худалдан авахад нийт 240 тэрбум төгрөг гаргахаар бэлдсэн. Монгол Улс Азийн орнуудаас вакцинийг иргэдэдээ түрүүлж тарьсан хоёр дахь оронд тооцогдож байгааг Шадар сайд онцлов.
Шууд нислэгийг зогсоосон нь тээврийн зардлыг нэмж байгааг ААН-ийн төлөөлөгч уламжиллаа. Вакциныг хөргөгчинд, ихээхэн мөстэй орчинд тээвэрлэх ёстой.
Өнөөдрийн байдлаар манай улсын 15 мянган вакцин тариулснаас 10 мянга нь эрүүл мэндийн ажилтнууд байна. Ирэх долоо хоногт өдөрт 20 хүртэл мянган иргэнээ вакцинжуулахаар төлөвлөснийг Шадар сайд онцлов.