Хоёрдугаар сарын 23-ны өдрөөс Улаанбаатар хотын хөл хорио суларч иргэд аж ахуйн нэгжүүд хэвийн аж амьдралын хэв маягт шилжсэн. Үүний дараа Нийтийн тээврийн үйлчилгээ ч мөн хэвийн зохицуулалтад шилжиж эхэлсэн юм. Нийслэлийн хэмжээнд 95 чиглэлд 941 автобус үйлчилгээнд явж байна. Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврийг дагасан асуудлууд яригдах нь зүйтэй. Тухайлбал, халдвар хамгааллын дэглэм сахиулах, мөн хүйтний эрч төдийлөн сулраагүй үед дулаанаар хангах, техникийн шинэчлэл гэх мэт нөгөө л нэг яригддаг бүх л асуудал дахин сөхөгдөж байна. Коронавирус дотооддоо алдсан энэ үед нийтийн тээврийн хэрэгсэл халдвар хамгааллын дэглэмийг дээд зэргээр чандлан сахих шаардлагатай. Гэвч бодит байдал дээрээ энэ нь боломжгүй зүйл. Өөрөөр хэлбэл нийтийн тээврийн хүрэлцээ муу энэ цаг үед өдөрт ойролцоогоор 1000 орчим хүн нийтийн тээврээр зорчдог. Харин хүн буух эсвэл суух төдийд суудал, бариулаа ариутгаж халдваргүйжүүлэх боломжгүй. Энэ талаар нийтийн тээврийн жолооч нар хүртэл хүлээн зөвшөөрч байв.
Манай сурвалжлах баг Зайсанд байрлах автобусны эцсийн зогсоолд очиж газар дээрх нөхцөл байдлыг судаллаа.
Үнэндээ автобус бүрт байрлах гар ариутгагч ашиглагддагүй ба жолооч нарын хэлснээр ганц нэг хүн л дарж харагддаг гэв. Түүнчлэн өглөө эсвэл оройны аль нэг цагт ариутгал, халдваргүйжүүлэлт хийдэг талаар мөн хэлж байлаа. Энэ үеэр 2009,2010 онд анх орж ирсэн автобус байсан бөгөөд засвар үйлчилгээг 8000км тутамд хийдэг. Засвар үйлчилгээ хийж байгаа тулдаа л өдий зэрэгтэй явж байгаа гэдгийг сануулсан юм. Өөрөөр хэлбэл засвар үйлчилгээг байнгын шаардлагатай удаан ашиглагдсан автобус элбэг гэсэн үг.
Халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахих мөн тээврийн хэрэгслийн техникийн шинэчлэлтийн талаар жолооч нар үзэл бодлоо хуваалцлаа.
Нийтийн тээврийн жолооч “Өглөө, орой тогтмол халдваргүйжүүлэлтээ хийдэг. Хөл хорио тавигдсан гэсэн ч оюутнууд байхгүй учраас тав, арав хүн л зорчиж байна. Зайсан чиглэлд оюутнууд ихэвчлэн л явдаг шүү дээ. Энэ чинь баячуудын хороолол шүү дээ. Автобусны хувьд арав гаран жил болсон. Манайх засвар үйлчилгээ сайтай тулдаа л өдий зэрэгтээ авч явж байгаа”
Нийтийн тээврийн жолооч “Тухайн автобус нь Монголд орж ирээд жил гаруй л болж байна. Техник шинэчлэлтийн хувьд он дуусхаар нэг удаа техникийн үзлэгт ордог”
Нийтийн тээврийн жолооч “Хүн хоорондын зайг автобусанд барина гэж бараг байхгүй. Сандал болгон дээр хүн суучихдаг. Өдрийн цагаар хүнтэй, бусад үе нь хэвийн. Энэ автобус Монголд орж ирээд хоёр жил болж байна. Техник шинэчлэлт 8000 км явсны дараагаар бүх юмыг янзалдаг”
Нийтийн тээврийн жолооч “Хүн дүүргэлт байхгүй суудлаа ч бараг дүүргэдэгүй. Хүн ер нь бага явж байна. 2009 онд Монголд орж ирсэн одоо бараг хугацаа нь дуусч байгаа. Эвдрэл гэмтэл гарах бүрт засвар үйлчилгээ хийдэг. Ихэнх автобусны хугацаа дуусч байгаа учраас халаагуур нь ажиллахгүй тохиолдол их байдаг” гэлээ.
Үүнээс харахад нийтийн тээврийн парк шинэчлэлтийг хийх цаг хэдийнээ болсон төдийгүй тоосонд дарагдсан эдгээр автобус дотор халдвар хамгааллын дэглэм сахих нь үнэнд ойртохгүй байгаа юм.
Түүнчлэн 2020 онд зорчигч тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор цахилгаан автобусаар нийтийн тээврийн парк шинэчлэл хийх мэдээлэл анх гарч байв. Тухайн үед арван ширхэг хоёр давхар автобус, 36 ширхэг дан автобусыг нэвтрүүлэхэд нийт 26.2 тэрбум төгрөг шаардлагатайг тодотгосон байдаг. Гэтэл үүнээс хойш хэдийнээ жил гаруйн хугацаа өнгөрсөн боловч парк шинэчлэлтийн хугацаа одоог хүртэл тодорхойгүй байгаа юм. Тоос бужигнаж, тос ханхалсан нийтийн тээврийг хэзээ шинэчлэх вэ?