ТЭР буландаа дуучин 168-ийг урьж ярилцлаа. Өөрийнхөөрөө, эрх чөлөөт, хэн намайг юу гэх бол гэсэн хүлээсгүй өөрийгөө “хайраар дүүрэн” хүн хэмээн тодорхойлох түүний товч яриаг хүлээн авна уу.
Реппер, сэтгүүлч хоёрыг би олон талаараа адилхан ажил хийдэг хүмүүс гэж боддог. Тиймдээ ч энэ хоёр салбарын хүмүүст соён гэгээрүүл гэсэн үүрэг өгчихдөг. Яг үнэндээ ийм үүрэг заавал хүлээх ёстой гэж та боддог уу?
Уран бүтээлчид, сэтгүүл зүй хоорондоо уялдаа холбоотой гэж боддог. Энтертаймент хөгжлийн салшгүй нэг хэсэг бол уран бүтээлч, сэтгүүлч. Биднийг нийгмийн зүгээс соён гэгээрүүлэх үүрэгтэй гэж үздэг. Миний хүүхэд чамаас үлгэр дуурайлал авч байгаа учраас “Хичээлээ хий” гэсэн агуулгыг хүргэх ёстой гэдэг. Би бол хичээлээ хий гэж хэлж өгөхгүй ээ. Энэ нь би залхуудаа эсвэл муу зүйл хүсэж байгаадаа биш идеологийн зөрчилдөөн болж байгаа юм. Соён гэгээрүүлэх ажлыг дан ганц урлагийнхан хийх ёстой гэдэг нь дээр үеийн социалист үзэл. Худал мэдээллийг ч сэтгүүлчид тарааж байна гэдэг. Үнэндээ бол худал мэдээлэл их байх тусмаа хүнд худал үнэнийг ялгах чадвар бий болно. Соён гэгээрүүлэхгүй байх тусмаа хүн оюуны дархлаатай болно гэж боддог.
Мөн та бүхний уран бүтээлийг ардын, уртын дуутай харьцуулж, муу бүтээлүүд гэх нь бий. Үүнд ямар бодолтой явдаг вэ?
Бүх дуу сайн сайхан байх ёстой гэсэн үзэл байхгүй болсон. Залуус сонсмоор байгаагаа л сонсог. Уртын дуу, ардын дуу гайхалтай. Гэхдээ мань мэтийн уран бүтээлтэй харьцуулагдаж байж, гайхалтай нь бүр илүү мэдрэгддэг. Бидний дуунууд ялгарлыг гаргаж өгдөг гэж боддог.
Бид ардчилсан орныг бүтээж байгаа залуус. Тиймдээ ч нийгэмд байдаг хэвшмэл ойлголтууд залуусыг адлах нь бий. Тухайлбал чамайг хайрцаглах гэж оролддог, шаарддаг хүмүүсийн хандлагыг хэрхэн хүлээж авдаг вэ? Жишээ нь нүүр дүүрэн шивээс, сүг зургийн цуглуулга гэх мэт ?
Тиймэрхүү ойлголт эхэндээ их ирдэг байсан ч одоо гайгүй болсон санагддаг. Би ч өөрийгөө нийгэмд баталж чадсан. 168 угаасаа л ийм царайтай, угаасаа л ийм шүү гэдгээ баталчихсан. Тиймээс надтай тиймэрхүү зүйл яриад хэрэггүй болчихлоо. Хэрвээ тэдгээр хүмүүс надтай ямар нэгэн ойр дотнын хамааралтай бол шүүмжилж болох байх. Гэхдээ миний хувийн орон зайг хүндлэх хэрэгтэй. Мөн хүмүүсийн ярих, сэтгэхийг хязгаарладаг тал дээр соёлын хэмжээнд шинэчлэл хийх болсон. Хэм хэмжээг өөрчилж, шинээр тогтоох хэрэгтэй.
Дараагийн тулган шаардалт бол чи дуучин тул гоё дуулдаг, хоолойны цар хүрээтэй байх ёстой гэдэг. Гэтэл залуус гоё дуулдаг хүн биш сайн агуулгыг хүлээж авч сонсох нь элбэг байна шүү дээ?
Дуулж байгаа хүний хоолой хамаагүй, үзэл суртал нь хамаатай болчхож байгаа юм. Уг нь ном бичиж байгаа хүний л үзэл суртал хамаатай баймаар. Энэ мэтчилэн нийгэмд тогтсон зөв буруугийн хэмжээсүүд өөрчлөгдөж байна. Энэ өөрчлөлтийг нийгэм хүлээгээд авчхаж байгаа юм. “Муухай хоолойтой юм байж яагаад дуулаад байгаа юм” гэж хэн ч хэлдэггүй. “Чи өөрийгөө мэлхий гэж хэлсэн ч шүүмжлэхгүй ээ” гэсэн ойлголт бий болох гээд байна.
Таны “Бүжье” гэдэг дуу зүгээр л хөгжилдөх зорилготой юм шиг атлаа “Татвараа төлье, хариуцлагаа хүлээе” гэх мэт үгнүүд гардаг. Та социалист уу? Либерал уу?
“Бүжье” дууг бичиж байх үедээ тогтмол ажилтай байлаа. Миний авч байгаа мэдрэмж, аз жаргалын талаар тэр дуунд дүрслэн үзүүлсэн. Тухайн үед миний аз жаргалын үнэлэмж тогтвортой, найдвартай амьдрал л байсан. Дууны тухайд үглэхгүй, дуулахгүй, шүлэг уншиж байгаа юм шиг уриа лоозон, үзэл суртлын хэв маягтай. Энэ нь тухайн дууны хэв маяг. Ажил хийдэг байхдаа нэг дэхээс тав дахь хүртэл бүтэн цагаар ажилладаг, нийгмийн даатгал, татвараа төлдөг тав дахь өдөр нь нэг газар очиж бүжиглээд л. Тийм хэв маягт орчихсон байсан. Одоо би яах уу? гэх мэт сүртэй зүйл боддоггүй байв. Хэцүү үедээ хэцүү, жаргалтай үедээ жаргалтай. Хэнд ч өргүй. Асуудалгүй. Хамгийн тайван амар амгалан амьдарч байгаагаа л тусгасан дуу. Би өөрөө социализмд амьдрахыг хүсдэг хүн бол биш. Нийгэм урагшлах ёстой. Монголын хувьд илүү капиталист, ардчилсан болох ёстой. Яагаад гэвэл Монгол бол Америк шиг аюултай хэмжээнд либарель болоогүй байна.
Харин урлагт бол капиталист байж болдоггүй. Найрал дуунд дуучин болгон гоцлол дуулж болдоггүйтэй адил БИ гэж зүтгээд байж болохгүй. Бүгд нэг сайн дуу хийе гэж хамтарч ажиллаж байж гар нийлдэг. Социалист идеологи бол жижиг зүйл дээр үр дүнгээ өгдөг. Тэрийг аль болох судалж мэдэхийг хүсдэг. Хэрэглэгчээ сонсогчоо татъя гэвэл хуучны социалист иделоги аргыг хэрэглэвэл одоогийн нийгэмд тохиромжтой байгаа юм. Яагаад гэвэл энэ аргыг аль эрт хүмүүс хүлээгээд авчихсан. Монголчууд бид чинь социалист байсан хүмүүс шүү дээ.
Маркетингийн чиглэлээр сурч байсан нь хувь хүний брэндингээ /personal branding/ сайн гаргахад тусалж байна уу?
Ерөөсөө л тэр шүү дээ. Яагаад хоолойгүй мөртлөө дуулаад байгаа юм гэдэг асуултын чинь хариулт энэ. Маркетинг хийчхэж байгаа юм. Би сайн, мундаг гэдгээ харуулчхаж байгаа юм л даа. Хүүхдийн 100-ийн үүдэнд урдаа хайрцаг тавьчихсан, надаас хамаагүй гоё дуулдаг хүн байна. Өөрөө дуугаа зохиож дуулдаг, царайлаг. Бүх төрлийн өгөгдөлтэй. Гитар барьж дуулаад өдөрт ойролцоогоор 100 мянгыг олдог. Миний хувьд муу дуулдаг, бараг дуулдаггүй ч гэсэн хийснээ сурталчлаад юм болгочихсон болохоор ажиллах цагийн хуваарь бага, орлогын эх үүсвэрийн хувьд их байдаг. Маркетингийн үр өгөөж нь энэ.
Тантай нэг үе хамт гарч ирсэн уран бүтээлчид мансууруулах бодисны хэргээр хоригдож байгаа. Таныг ч мөн жишээ нь ХӨНГӨН гэх дуун дээрээ мансуурсан байсан юм биш биз гэсэн сэтгэгдэл их харагдсан шүү? Тэр сэтгэгдлүүдийг уншсан уу?
Эрүүл байлгүй яах вэ. Хүн чинь эрүүл сэтгэхүйгээр л дуу хийнэ шүү дээ. Дуу хийнэ гэдэг чинь маш их нарийн деталиуд байдаг юм. Инженерийн ажил шиг. Согтуу хүн чинь дуу хийх нь битгий хэл аяга тавгаа ч аятайхан угаачхаж чадахгүй. Ямар ч тийм асуудал байхгүй. Клип ч мөн адил. Маш өндөр мэргэжлийн ур чадвар шаардана. Тиймээс мансуурсан үедээ дуу хийнэ, клип бүтээнэ гэсэн асуудал байхгүй.
Цагаан сараар хэрхэн баярладаг вэ?
Цөөхөн айлаар ордог ч гэсэн ёс төртэй тэмдэглэхийг хүсдэг. Бэлэг авах, айраг уух, хамаатнуудтайгаа уулзах нь гоё. Өв соёлоо хадгалдаг. Шинийн нэгэнд мөр гаргахыг аав ээж, эмээ өвөөтэй хамт хийдэг. Энэ нь өв уламжлалаа авч үлдэх боломж. Би ч гэсэн ирээдүйд үр хүүхэдтэй болохоороо цагаан сарыг тэмдэглэнэ гэж боддог. Сайн мэдэхгүй ч гэсэн.
Дээлээ өөртөө зориулж хийлгэсэн үү, худалдаж авсан уу?
Энэ жил сонгууль өгөхдөө өмссөн дээл маань. Уншигчдадаа сар шинийн мэнд хүргэе.
Ярилцсанд баярлалаа.